Хорин жилийн тамыг Венесуэлын ард түмэн туулжээ. Там юунаас эхлэлтэйв гэхлээр улс төрийн амбицнаас. Уго Чавес, Николас Мадуро наp даян дэлхийд социалист хувьсгал хийж, америкийн империалистуудыг ялна гэсэн лоозонгийн дор энэ улсын ард түмний баялаг ба нөөцийг бүрэн шавхжээ хэмээн олон улсын харилцааны судлаач-проф. Дашдоржийн Баярхүү үзэж байна. Түүнтэй энэ улсын өнөөгийн байдал, хямрал нуралтын учир шалтгааны талаар манай сэтгүүлч ярилцлаа.
-Нөхцөл байдал яг ямар болчхоод байгааг Та тоо баримтаар товч өгүүлнэ үү?
-Венесуэлын эдийн засаг зургаан жил дараахан чөлөөт уналтаар доошоо гулслаа. Уналтаас гарах, өөдлөх итгэл найдвар гарц бүрэн хаагдлаа. Улс орны гадаад өр 100 тэрбум ам.доллараас давлаа. Валютын гол орлого болох нефтийн экспорт ард олны амьдралын наад захын ердийн нөхцөлийг (юун хэрэглээ!) гүйцэлдүүлж чадахаасаа өнгөрлөө. Инфляц 1 сая хувиас давсан үзүүлэлтээр Венесуэл дэлхийд 1920-иод оны Веймарын БНУ, 2000-гаад оны Зимбабветэй зуузай холбоод, удахгүй дэлхийд хошуучилсан түүхээ бичих гэж байна. Сая хувь гэдэг ойлголт монгол хүний тархинд нэг л бууж өгөхгүй, гэвч ОУВС тэгж бичээд байхад бид хүлээн авахгүй гээд яах юм.
-Маш ноцтой? Гэнэт одоо ийм болчихов уу?
-Үгүй ээ. 2018 оны долдугаар сард ОУВС анхааруулж байжээ: Эдийн засгийн идэвхжил коллапс боллоо, гиперинфляц нөмөрлөө, хүн ам гол гол бааз үйлчилгээгээ (эрүүл мэнд, эрчим хүчний хангалт, усан хангамж, тээвэр, нийгмийн дэг журмыг сахих гэх мэт) авч чадахгүй боллоо, хүнсний дефицит нүүрлэлээ. Үүнээс чинь болж үй олны миграц урсана, тэгээд хөрш орнуудыг чинь хүндрүүлнэ гэж. НҮБ-ын албан ёсны мэдээллээр гурван сая хүн Венесуэлээс гараад явчихсан, албан бус мэдээгээр түүнээс ч их байх шиг. Өдөртөө л дор хаяж 5000 хүн хил давж байна гэхлээр дүрвэгсдийн тоо тоймоо алдсан байх. Явганаар Колумб, Эквадор, Перу руу л урсаад байгаа хэрэг шүү дээ. Европ руу ч дүрвэж байна. Зөвхөн Испани руу гэхэд л нэг саяны 4/1 буюу 250 мянган венесуэлчууд цагаачлан гарсан мэдээ явж байна лээ. Афганистан, Сири, Суданы араас Венесуэл гэдэг улс даян дэлхийн дүрвэгсдийн эгнээ, түүхийг дүүргэх цаг айсуй. ОУВС-гийн прогноз ч нотлогдлоо. Цагаачлал дүрвэлт нь бүс нутгийн эдийн засгийг хямрааж эхэлснийг Дэлхийн Банк сэтгэл түгшин тэмдэглэж байна. Хөрш Колумб улсад нь эдийн засаг хямраад ДНБ нь жилдээ 0.2-0.4 хувь дээр эргэлдэх болно. Ерөөсөө Венесуэлын эдийн засагт гэрэл гэгээтэй зүйл огтоос харагдахгүй хэмээн Дэлхийн Банк ёрложээ.
-Ийм уналттайгаа тэр төр нь тэмцээгүй юм уу, тэгээд?
-Тэмцсэн. Тэмцэл нь мухардаад ингэж баларч байхгүй юү. Мадуро гэж нөхөр уламжлалт бус практикаар чөлөөт уналттай тэмцэн хөгийн түүх байна. Хариуцлагагүйгээр мөн ч их цаасан мөнгө хэвлэсэн дээ. Мөнгөн тэмдэгт-боливараа арилжаалагддаггүй криптовалют гэдгээр нөхвөрлөөд Төв Банкаа дүүргээд тавьчихсан, нефтийн орлого нь ийм нэгэн валют болж хувирдаг, дээрээс нь боливараа 2018 оны зун шинэчлэн нэмж хэвлээд нэг цифрийн араас таван тэг нэмээд хуучин мөнгөн тэмдэгтээ цуцалчихсан. Гиперинфляц цаашаа бүр гаарч өгнө биз дээ.
-Та нурсан гээд яриад байх юм. Эдийн засгийн хүнд хямрал юи биш үү?
-Дэлхийн Банк гэлтгүй гадаадын эдийн засагчид, улс төрчид энэ улсын эдийн засгийг хямарсан, унасан гэхгүйгээр шууд л сүйрлээ гэж дүгнэцгээж байна.
-Асар их нефтьтэй гэж ярьдаг. Тэр баялаг нь яасан бол?
-Уг нь Венесуэл бол ингэж нурах улс биш юм. Газрын тосоороо бол дэлхийн хамгийн баян улс. Түүний нөөц 300 тэрбум баррелиар хэмжигдэнэ. Хар ухаанаар харьцуул л даа. Хэдэн зуун тэрбум баррель гэж байна шүү дээ. Нефтиэр хамгийн баян гэж хахаж цацдаг Саудын Арабаас (266 тэрбум) их байж таарлаа. Ирак, Ираны аль алиных нь нөөцөөс лав хоёр дахин их. Даян дэлхийн социалист хувьсгалын төлөөх Чавес-Мадуро нарын антиимпериалист загалмайтны аян дайных нь гол мөнгөний эх сурвалж нь нефть. Тэд хувьсгалаа хийхдээ гадаадын нефтийн компаниудыг хуу хураан авч, улсын компани болгоод профессионализм гэдгийг умартаад адаг сүүлд нь авилгын уурхай болгочихсон хэмээн шүүмжлүүлж байна. Төрийн мэдлийн газрын тосны компаниудыг цэргийн дарга нар удирдаж байна. Тэд нефтийн олборлолтыг сэргээх хөг нь өнгөрсөн, зөвхөн гадаадын компаниуд л тэгж чадна, гэтэл “гадаадын дайсан улс”-уудыг социалист хувьсгал нь таашаахгүй, Мадуро гэх марксист нэг нүдээр үзэхгүй, гэтэл мөнгө байхгүй, технологи инновац зогсчихсон. Чавесыг засгийн эрхэнд гарч ирж байх үед хоногтоо 3.5 сая баррель нефть олборлодог байсан. 2017 он гэхэд хоногтоо 2 сая баррель, 2018 оны намраас 1.5 сая руу гулсаад, яг одоо 1.2 сая баррелийг чүүчай гаргаж байна.
-Юу гэмээр ч юм бэ дээ? Үнэхээр харамсмаар…
-Гадаадын хэвлэлүүдэд юу гэж бичсэний зах зухаас би эшлэе л дээ. Венесуэл орон дундад зуун руугаа ухарч, эдийн засаг нь нуранги дор орж, хүнс тэжээл хүрэлцэхгүй, хэдэн саяар нь хүн ардаа хил давуулж алдлаа. Дайнгүйгээр, байгалийн катастрофгүйгээр, катаклизмгүйгээр улс орон сүйрэхийг дэлхий дахинаараа харж байна. Латин Америк орчин үеийн түүхэндээ ийм хачин үзэгдэлтэй тулгараагүй гэсэн үгс байна лээ. Хэрэв Мадурогийнхоор явах юм бол энэ улс түүний Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон хоёр дахь чилийсэн 6 жилийг туулах ёстой болно.
-Тэр их баялгийн олборлолтын тэр их орлого хаачсан юм бэ?
-Венесуэлын нефтийн орлого, нефтийн аж үйлдвэр нурсны хэрээр эрх баригчдынх нь хилийн чанад дахь олон зуун тэрбум долларын хэрэг мандаад ирлээ. АНУ-д голдуу хадгалуулсан мөнгө нь эздэдээ очих хөг нь өнгөрөх шиг боллоо. Сөрөг хүчин нь мэдэж зарцуулахаар болж байна. АНУ тус улсаас нефтиэ үнээр нь авах болно. Харин төлөх мөнгө нь Засгийн газарт бус сөрөг хүчинд очно гэж ярьж байна.
-Дэглэм нь хэрхэн тэсэн тогтож байнаа, ингэхэд?
-Латин Америкийн энэ улсад хүний эрх ардчилал, ардчилсан сонгууль лөөлөө болсон л доо. Мадурогийн халаасны төр, халаасны парламент, халаасны арми цагдаа л түүнийг тэсгээгээд байх шиг. Венесуэлын арми нь ядуу атлаа авторитар, сайтар зэвсэглэчихсэн тулдаа Мадурог тэсгээгээд байх төдийгүй хөршүүдээ түгшүүлнэ. Гадаад дайсан бас хэрэгтэй. Гадаадын түрэмгийлэгчдээс социалист эх орноо хамгаалахын тулд дотооддоо дэглэмээ зөвтгөх олон ажил үйлс зохиогоод олчихно. Тус улсад гадаад, олон улсын дэмжлэг байх нь байна. Венесуэлын социалист Засгийн газрын талд дэлхийн 20 орчим улс зогсож байх бололтой. Яг ч тоолсонгүй. Ихэнхи нь Мадурог бойкотлоод харьцахгүй гэсэн. Харин дэмжигчдээс нь Орос маань хошуучлан эдийн засгийн зөвлөгчдөө илгээн, стратегийн хүнд бөмбөгдөгч Ту-160 онгоцоо нисгэн очуулж, бүр агаарын ба сансрын цэргийн баазаа байгуулах яриа дэгдээгээдхэлээ.
-Оросын байр суурийг тодруулахгүй юү? Монголчуудад тэр л сонин байх болно?
-ОХУ Венесуэл дээр ямар тоглолт хийж байгаа нь нэн сонин, бас адармаатай. Хэлж таах, тайлбарлах ч арга алга. 2018 оны 12 дугаар сард, саяхан даа стратегийн бөмбөгдөгч хоёр Ту-160, цэргийн тээврийн Ан-124, мөн иргэний агаарын тээврийн Ил-62 нисэх онгоц зэрэг зэрэг очиж, агаарын цэргийн хамтарсан сургуульд оролцсон. Венесуэл нисэгчдийг оросууд сургаж байна. Мадуро болон түүний Батлан хамгаалахын сайд нь ОХУ-д айлчилж, цэргийн хамтын ажиллагааны лут асуудал ярилцсан. Нефть, алтны салбарт Оросоос 6 тэрбум доллар оруулах контракт байгууллаа гэсэн мэдээ явж байсан. Хүнсний гачигдлыг нь эерүүлэхээр Оросоос 2019 онд 600 мянган тонн үр тариа өгнө.
-Өөр Туркийг дэмжигчээр нэрлэсэн байсан?
-Оросын араас Венесуэлын зовох цагт нь нөхрийн чанараа таниулж яваа Режеп Эрдоган гэж нөхөр гараад ирсэн. Орос, Туркийн тусламжтайгаар АНУ-ын санкцыг тойроод гарчихна гэсэн итгэл Мадурод байгаа болж таарсан. “Хоёр хүчтэй холбоотон”-той хэмээн Мадуро өөрөө нэрлэсэн байна лээ. Турк НАТО-гийн гишүүн гэдгийг яг энэ мөчид Эрдоган ч, Мадуро ч таг мартчихсан юм болов уу, янз нь. Тэр хоёрынхоо араас Мадуро Хятадыг үе үе нэрлэх боловч тэр түнш нь Венесуэлын хөрс, усан доорхи баялгийг энэ цаг мөчид аль болох түргэн сорж авах сэдэлдээ хөтлөгдөн дэмжиж буй тухай барууны судлаачид Хятадыг шүүмжилсэн байна лээ.
-Ингэхэд Орост ямар ашигтай болоод тэр хол Латин ертөнц рүү тэмүүлээд байнаа?
-Оросын судлаач нийтлэлч Леонид Бершидский гэдэг хүн Мадурог дэмжсэнээрээ Орос эх орон нь тэрбум тэрбумын (доллар гэсэн үг л дээ) эрсдэл өөртөө үүрч байна хэмээн Bloomberg-ээр ярьж байна лээ. Хүмүүс үзсэн байх. Тэр нөхөр их сонин тооцоо гаргаж ирсэн. Хятад нь $70 тэрбумын хөрөнгө оруулалт Венесуэлд хийсэн, тэр нь өр болж үлдсэний заримыг нефть авах замаар цайруулж байгаа, харин Орос $17 тэрбумын хөрөнгө оруулсан, 2019 онд нэмж $6 тэрбумыг Оросоос оруулна. Мөн нөгөө үр тариа нэмэгдэнэ. Орос өөрөө бол “Бид тэндээс хэзээ ч гарахгүй, харин тэднийг (өрнөдийнхнийг) гаргана” гэсэн хатуу байр суурьтай байдаг ч өмнө нь Ирак, Ливи, Украин дээр тохиолдсон шиг мөнгө ч үгүй, түнш ч үгүй болох вий хэмээн Бершидский эрх баригчиддаа сэрэмжлүүлэн ярьсныг энд эшлэх нь зүйтэй. Тэр нөхөр бүр маш тодорхой баримт дэлгэсэн шүү дээ. Жишээ нь Саддам Хусейныг барууныхан унагаад тавьчихсан чинь оросын “Лукойл” Иракийн Баруун Курна дахь нефтийн ордын лицензээ алдчихсан, бүр сүүлд нь 2009 онд Норвегийн Statoil компанитай консорциум болж байж эргэж Ирак руу нэвтэрсэн боловч Иракийн шинэ Засгийн газрын ихээхэн өрийг Орос уучлах болоод явчихсан. Ливид Каддафийн дэглэм унадаг, Ливи дэх «Газпром», «Татнефть»-ийн нэг тэрбум долларын оруулсан хөрөнгө алга болсон, олон төсөл, түүний дотор Оросын Төмөр замын хурдны галт тэрэгний замын төсөл зогссон, одоо ОХУ Ливиэс мөнгөө олж авахаар байлдаж байгаа нэг талд нь аргагүй эрхэнд орж байна. Түүнээс ч бүр хачин үйлдэл Украинд хийсэн. Виктор Януковичийг тогтоож байлгах гэж эцсийг нь хүртэл дэмжээд 2013-2014 оны зааг үед ОХУ-ын сан хөмрөгнөөс гурван тэрбум долларыг Киев рүү явуулчихсан байсан. Зимбабвейн Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва мөнөөхөн Москвад ирээд зээл тусламж хүсч, концессын хэлбэрээр байгалийн нөөцөө ашиглуулъя гэсэн. Гэтэл Зимбабвед түлшний үнэ 150 хувиар нэмэгдээд хүн ард нь эсэргүүцлийн тэмцэлд босчихлоо. Суданд Оросын төмөр замаас зам шинэчлэх хэлэлцээ хийж, “Росатом” нь атомын цахилгаан станц барих контракт байгуулж байдаг, гэтэл Ерөнхийлөгч Омар аль-Баширыг нь эсэргүүцсэн нийгмийн давалгаа намждаггүй. Энэчлэн Мадуро унадаг, АНУ-ыг дэмжигч нөхөд засгийн эрхэнд гараад ирдэг, Оросын төслүүд бүгд зогсдог, Венесуэл Орост төлөх өрөө буцааж өгдөггүй, Мадурод тэр өр тохогддог, Хуан Гуаидо Орос руу нуруугаа харуулчихна гээд тэр нөхөр ярьж байсныг бас сайтад ил тавьчихсан байна лээ.
-Орос яагаад, яг одоо, ийм ирээдүйгүй дэглэмүүд дээр бооцоо тавьж өөрийгөө эрсдүүлдэг юм бол, судлаачийн хувьд Та юу гэж үзэж байна?
-“ОХУ нь Путины өнгөн дээр АНУ-ын нөлөөг дэлхийн энд тэндгүй тогтоон барих бодлого явуулж, тэр нь гадаад бодлогынх нь гол мөн чанар болж байна. Тиймдээ ч ад үзэгдсэн, нэр хүндгүй дэглэмүүдийг дэмжиж байна. Өрнөдийн экспансыг сөрөн зогсож байгаа л гэх юм бол ямар ч Засгийн газрыг дэмжиж, газрын тос, төмөр зам гэлтгүй, бүр атомын эрчим хүчинд нь ч хөрөнгөө хайр найргүй оруулж байна” хэмээн хэмээн Леонид Бершидский ярина лээ. Би Оросын нэртэй төртэй нийтлэлч хүнээс нэмэлт хачиргүйгээр хөрвүүлж байгаа хэрэг шүү дээ. Бершидский ярьсан дээр Венесуэлын Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө зарласан спикер Хуан Гуайдогийг ярьснаас эшлэе. Оросын болоод Хятадын оруулсан хөрөнгө оруулалт хамгаалалтгүй үлдэж байгаад сэтгэл түгшиж байна. Мадуро түүнийг чинь хамгаалж чадахгүй шүү хэмээн тэр нөхөр CNN-ээр тун саяхан ярьсан даа. Манайхан үзсэн байх. Ерөөсөө Мадуро гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэж өнгөрсөн. Орос, Хятад хоёр олон тэрбумын хөрөнгө Венесуэлд оруулчихсан байгаа, Мадуро хамгаална гэж гонж гэсэншүү юм ярьж байсан.
Венесуэл дэх Оросын ашиг сонирхол гэж тун эргэлзээтэй болж байгааг хааяагүй л анхааруулдаг, тэмдэглэдэг. Ерөөсөө Москва-Вашингтоны хооронд, болж өгвөл АНУ-ын хамар дор хажуу бөөрөнд нь геополитикийн шинэ фронт нээх явдал Оросын жинхэнэ ашиг сонирхол болоод байх шиг. Мадурог хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрч байгаа улс орнуудын дотор ОХУ толгой цохиж яваа ч Мадурог тэсгээхийн тулд санхүү-цэргийн цэргийн тусламж үзүүлэх асуудал яригдахгүй хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэнийг үзвэл бас ч үгүй болгоомжилж байх шиг. “Ийм асуудлаар хөөцөлдөх нь бидэндээ дэндүү ахдана, Венесуэлд очиж өргөн хүрээнд операц явуулах материал-техникийн нөөц ч алга, Оросын эдийн засаг өөрөө стагнацын байдалд байна, эдийн засгийн үүднээс яривал Орос нь түүхнээ хамгийн нэн таагүй үедээ, ээлжит гэхдээ урт хугацаанд ачаалал ирэхээр байна, нийгэмд дургүйцэл өсч байна” хэмээн Гадаад болон батлан хамгаалахын бодлогоор Кремльдээ зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Федор Лукьянов бас ичсэн байна лээ. Харин тэрээр Евгений Пригожин гэдэг нөхрийг ярьсныг нотлох шиг болсон. Юу гэвэл оросын хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүд тус улсад очсон тухай маргаантай асуудал юм. Тийм хөлсний цэргүүд Украинд Оросын талд байлдаж байсан, Сирид мөн тийм алба хашсан бол Лукьяновын хэлснээр хөлс мөнгөө тохиролцсон тийм гэрээт албан хаагчид Венесуэл дэх Оросын объектууд ба иргэдийг хамгаалахаар очих эрхтэй гэсэн байх юм. Тэгээд ч оросын төрийн өмчит “Роснефть”, “Ростех”-ийн олон объектын харуул хамгаалалт тэртэй тэргүй байж байгаа. “Ростех” нь болохлээр АК хэмээх автомат буу үйлдвэрлэх гэрээтэй. Тэгэхлээр орос харуул хамгаалалт зайлшгүй. Нутгийн иргэд, цэргүүд урвах буюу алга болоод өгөх магадлалтай.
-Венесуэл дэх үйл явдал манай улсад төдийлөн хамаатай биш байх. Тэгээд ч Цагаан сарын уур амьсгалтай давхцаад сонирхох багасах биз ээ. Гэхдээ манай улсад байр суурь байх ёстой?
-Байр суурь гэхээсээ сургамж л юм даа. Нийгмийн халамжийг хэтрүүлээд хувийн ба гадаадын хөрөнгө оруулалттай өмч рүү халдаад, адагт нь сүйрч унасан гашуун сургамжийн жишээ юм л даа. Баялагтай улс орноо баллаж тавьсан түүхэн жишээ. Манай гуравдагч хөрш гэж үздэг АНУ, Европын Холбоо, өрнөдийн гол гол улсууд Түр ерөнхийлөгчийг нь дэмжээд хөл алдаж байна. Хоёр хөрш маань НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд явуулсан санал хураалтаар цөөнх болсон. Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5, байнгын бус 10 улсаас Орос, Хятад, ӨАБНУ, Эквадорын Гвиней улс Мадурог дэмжинэ лээ. Арван нэгүүлээ буруушааж байна лээ. Энэ маань дэлхий дахины хандлагын тусгал шүү. НҮБ дээр санал хураавал мөн ийм тусгал харагдах байх. Тийм учраас одоогоор байдлыг гярхай ажиглаж, байр суурь шаардаад эхэлбэл төвийг сахихаа тэмдэглээд, яваандаа Мадурогийн дараа гарч ирэх тэр дэглэм ба Засгийн газрыг хүлээн зөвшөөрч дэмжих байр сууриа ГХЯ боловсруулж байх нь зөв болох болов уу.
А.ТУЛГА
Холбоотой мэдээ