Номын сахилтай даруухан багш маань төр түмнээрээ хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж түвдэхгүй, бийр бичгийн хүний чухам тэрхүү даруугаас даруу зан чанар нь энэ нийгмийн адал араншин лугаа үл таацаж буй тухайд, хоёр жилийн өмнө асуудал хөндөн бичсэн нийтлэл маань зохих эздэдээ хүрч, тэд анхаарал хандуулан ажил хэрэг өрнүүлснээр оюутан ахуйн ангийн багш, доктор, профессор Г.Гантогтох багш маань 2018 оны 07-р сарын 09-ний өдөр, үндэсний их баяр наадмын босгонд Монгол Улсын гавьяат багшийн эрхэм алдрыг хүртэж, шавь нар, монгол бичгийнхэн бидэнд том баяр тохиосон билээ.
Хүний хувьд яг ийм ангилалд багтах, монгол бичгийн маань салбарын өөр нэгэн эрхэм уран бүтээлчийн тухайд энэ удаа хэдэн үг хэлэхээр шийдсэн минь учиртай. Жалайр овгийн Довдоны Батбаяр багшийг үл мэдэх хүн эдүгээ цагт Монголоос, Монгол бичгийн салбарынхнаас эрэвч эс олох буй заа. Миний багш бус ч гэсэн олны танил эрхэм багшийг, багшаар нь л дуудахаас илүү хүндлэл хаана билээ. Ажил албыг нь хэлбэл Монголын хүүхдийн ордны уран зургийн багш. Олноо танигдсан үйлсийн цагаан мөр нь гэвээс уран бичлэгийн их мастер, уран бичлэгийн түүх судлаач, зураач бөлгөө.
Тун саяхан, шинэ оны босгонд Д.Батбаяр уран бичээч бээр “Хүмүүн бичиг” сонины галерейд хоёр ч удаа саатан морилж, “Монголын сайхан бичигтэн- 2018” улсын уралдааны шүүгчийн эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай үүргийг хүлээн ажилласан. Маргааш нь ерөнхийлөгч үндэсний тусгаар тогтнолын баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон медаль хүртээх мэдээ занги дуулдчихаад байсан үе. Тэгээд асуусан юм л даа. “Таныг албан байгууллага тань шагналд тодорхойлсон уу, өнөө жил хүүхдийн ордны 60 жилийн ой тохиож байгаа биз дээ?” гэвээс, уран бичээч бээр “Тэгсэн байх аа” гэсхийгээд тоймтой юм дуугарсангүй. Бичгийн хүний ёс суртахуун нь, эрдэм билигтний даруу чанар, номын сахил нь үүнээс цаашхыг “хэлүүлэхгүй” байна л даа…
Багш, уран бичээч, зураач Д.Батбаяр монгол уран бичлэгийн түүх бичлэг, онол, судлал шүүмжлэлийн эх үндсийг тавьсан “Монгол уран бичлэгийн түүх” хэмээх түүхчилсэн судалгааны бүтээлийнхээ тэргүүн дэвтрийг 2000 онд хэвлүүлсэн юм. Мөн дэд дэвтрийг нь 2015 онд, өмнөх тэргүүн дэвтрийн хамт нэгэн иж болгон олны мэлмийг мялаагаад буй. “Монгол уран бичлэгийн түүх” тэргүүн ботийн тухайд, их соён гэгээрүүлэгч Л.Түдэв “… бичих урлагийн эртний мартагдах дөхсөн уламжлалыг дахин дурсаж, сэргээн шинэчлэх санааг анх үүтгэн гаргасан, … хүн төрөлхтний бичиг үсгийн гарал үүсэл, олон төрөл зүйл бичиг үсгийн тухай ойлголт өгч, улмаар уран бичгийн монгол уламжлалыг нарийвчлан өгүүлсэн байна. Мөн монголчуудын бичиг арга билиг, хэрэглүүр, бичгийн олон янз хэв маяг, эвхмэл үсэг, түүнээс үүдэж гарсан тамганы сийлбэрлэх урлагийн тухай өгүүлснээр Монголын бичиг бичих урлагийн өвөрмөц онцлогийг цогцолбороор гарган тавьсан байна” хэмээн (“Бичих урлагийн толт” өмнөтгөл) үнэлж бичсэн бий.
“Богино насны бүдэг бичээс” гэж, мөнөөх л номын сахилтай хүний даруу ухвараар, өвөрмөцөөр нэрлэсэн мөнхүү номын дэд дэвтэртээ тэрбээр, Монгол бичгийн хөгжлийн харьцангуй сүүл буюу сонгодог бичгийн үеэс хойшхи хөгжлийг нарийвчлан ялгаж, бичгийн дурсгалын болоод бие төлөөлөгч болсон хүмүүсийн намтар, бичвэрийн судалгаагаа улам нягтруулсан (15 жил зарцуулсан) нь онцлог болжээ. Мөн энэ цагийн олон уран бичээчийн гаргадаг, өөрийн арга барилыг хувинцарлах, хямгадах үзэлтэй харьцуулбаас, бийр бэхийн урлагийг бодитой сургагч багш хүмүүний өглөгч ухаанаар, бийрээр бичих ёсны нарийн дэг журам, эзэмших арга барил сэлтээс хармын хоргүй үзүүлж, жишээ хичээл хүртэл оруулсныг бодохоор ёстой л багшийн дайтай багш хүний оюуны хишиг болсон хэмээлтэй.
Номын садан эрхэм бээр, эдүгээгээс хэдхэн жилийн өмнө, Монгол бичиг соёлын түүхэнд үлдэх нэг дорвитой үйлийг бүтээсэн юм. Энэ нь үндэсний Монгол бичиг юүгээн “Уран бичлэг” талаас нь тодорхойлон, баримт сэлтийг бүрдүүлэх зэргээр уйгагүй зүтгэн мачийсаар ЮНЕСКО-д бүртгүүлсэн гавьяатан гэдгийг нь зүй ёсоор дурдвал зохино. 2013 оны 12-р сарын хоёрноос долооны өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотноо болсон ЮНЕСКО-гийн, засгийн газар хоорондын ээлжит хуралдаанаар “Монгол уран бичлэг”-ийг удирдах хорооны гишүүн 24 орны гаргасан шийдвэрээр “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв”-ийн жагсаалтад санал нэгтэй оруулан баталсан түүх бичигдвэй.
Монгол бичгийн маань уран бичлэг ийнхүү дэлхийд данслагдаж, хүн төрөлхтний анхаарал сонирхол, хайр хамгааллыг шаардсан өв болов оо. Үүнд, мэдээж уран бичлэгийг хөгжүүлэхэд бийр бэх, бичиг цаас нь эрээд олдошгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд бус гэдэг нь ойлгомжтойн доторх хэрэг. Уран бичлэгийг өвлөн залгамжлах, эзэмшин тээх, хойч үеэ дагуулан сургах багш, уран бүтээлчид ч тасарна гэж байхгүй. Тиймээс дэлхийн өвд түүнийг бүртгэн авсны гол үндэс нь, суурь эх хэрэглэгдэхүүн болсон Монгол бичгийг л хайрлан хамгаалах утга, гүнзгий бодлогыг агуулж буй хэрэг. Монгол бичгээ хамгаалах, ингэхдээ албан ёсоор хэрэглэж хамгаалах ажлыг дорвитой биелүүлэхгүй аваас энэ том соёл наанадаж хэрэглээ талаасаа устаж үгүй болохыг үгүйсгэх аргагүй гэдгийг хүн төрөлхтнөөс бидэнд, Монгол Улсын төр засагт дохиолон анхааруулж “Уран бичлэг” нэрээр нь тунхаглан, улаан гэрэл асаалаа шүү дээ.
Монголын төрөөс хэрэгжүүлэх Монгол бичгээ, Монгол уран бичлэгийг хамгаалан хөгжүүлэх цогц бодлогын нэг тулгуур бол уран бичлэгийг өвлөж, залгамжлуулж, судлан сургаж, онол эш, түүхэн хөгжлийг нь тодруулж буй бие төлөөлөгчдийг нь урмаар тэтгэх үйлс гэж бид үздэг юм. Мэдээж, “бурмаар тэтгэх” буюу мөнгөн урамшууллын хэлбэр хэрэгтэй нь үнэн ч тийн өгөх бололцоо нөхцөл, хууль эрхийн хүрээ хэмжээ нь ямар билээ дээ. Миний бие, уран бичээч Д.Батбаяр багшийг гавьяатын алдар хүртэх боломжтой, тийм үйлс бүтээсэн хүн мөн гэж үздэгээ ийнхүү олон нийтэд анх удаа, ил тодоор, тэгэхдээ мөн л дээр дурдсан ангийн багшийнхаа тухай бичсэн лүгээ адилаар, өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр, дотоод мэдрэмжтэйгээ “хамтран” илэрхийлж байнам.
Түүх сөхвөл, “Хүмүүн бичиг” сонин хар цагаанаар гарч байсан 2007 оны 05-р сарын 25-ны өдрийн нэлээд шарлаж хуучирсан дугаарт “Нэрт уран бичээчийг шагналаа” хэмээсэн мэдээ тэргүүн нүүрт нь гарсан байх юм. Энд Д.Батбаяр багшид “Алтан гадас” одон хүртээсэн тухай өгүүлжээ. Миний бие Монгол бичгийн түүхийн сүүлийн хорин жилийн үйл явдалтай биеэр хольцолдон яваа тул харьцангуй сайн гадарлана. Нийтлэлийн баатар маань дээрхээс хойш төр засгийн ямар нэг цол шагнал хүртсэнгүй даруй арван хоёр жил улиран одсон байх ажээ. Ямар шагналын төлөө ажиллаж амьдардаг юм биш хойно, бичгийн хүн маань бийрээ барьсаар, бичиг эрдмээ дэлгэрүүлсээр л. Зөвхөн албан ажил буюу Монголын хүүхдийн ордны уран зургийн багшийн албыг 32 дэх жилдээ тасралтгүй эрхэлсээр байгаа билээ. Өмнө өгүүлснээр, багш уралдааны шүүгчээр ажилласны маргааш ерөнхийлөгч төрийн хишгийг олон хүнд хүртээсэн, энэ удаад хүүхдийн ордны хоёр ч эмэгтэй багш гавьяат цолтон болж, Монгол бичгийн хүн, уран бичлэгийн их мастер маань төрийн ордонд уригдалгүй өнгөрөв.
Ном эрдмийн хүнд нэгэн онцлог байдаг. Тэд маш ариун ёс зүйгээр биеэ чимэглэсэн байдаг учраас бусад шиг алдар нэрийн төлөө гүйж хөөцөлддөггүй, хүн амьтнаар яриулж хүчлүүлэх гэж бүр ч үгүй. Тэгж, “амтгүй” алдар олсноос харин ч энгэр хоосон гавьяатан явахыг эрхэмд үзэх далд билиг оюун, гүн мэдрэмжтэнүүд юм. Харин ийм хүмүүс “төр түмэн нүдтэй”-д итгэдэг, төр түмнээ дээдэлдэг, хүлээдэг. Оносон гавьяа шагнал хэмээгч зүйл тэдэнд санамсаргүй, гэнэтийн, өөрийн оролцоогүйгээр нэг л өдөр тэнгэрийн хишиг, төрийн түмэн нүд соргог буйн илрэл болон бууваас жинхэнэ сэтгэлийн амгаланг эдлэх улс юм.
Төрийн түмэн мэлмий үнэхээр байх учиртай бөгөөд шагналын тухайд л гэхэд эрэмбэ дараа, зэрэг зиндаа мэт, бодлогын шалгуурыг сайтар олж хардаг байж л урам хайрласан шийдвэрт хүрдэг байх учиртай. Энгийн нэг харьцуулал хийж үзье л дээ. Сүүлийн жилүүдэд манай хошин шогийнхноос бараг л баяр болгоноор гавьяат цолтон төрж байдаг болов. Аглуу хэмээгдэх Баттулга, Алтанцэцэг, Лхагвасүрэн, Эрдэнэзаан, хамгийн отгон нь М.Баярмагнай гээд л. Хошин шог тийм чухал салбар мөн үү, бас тэднийг баяр алгасалгүй гавьяатаар мялааж байх зайлшгүй шаардлага нь юу юм бэ. Дэлхийн соёлын өвд “яаралтай хамгаалахыг анхааруулсан” тэнсэнтэйгээр бүртгэгдсэн Монгол уран бичлэгийн анхдагчийн нэг Д.Батбаяр нарын зэрэг Монгол бичиг соёлоо хөгжүүлж буй хүмүүсээс нэг нь ч гавьяат болоогүй байхад “Алтан гадас” одонтой эсэх нь ч мэдэгдэхгүй хүмүүс хошин шогийн салбараас гавьяатын тэмдэг санжигнуулан алхлах боллоо. Үүний цаана, аль нэгэн шударга бишийн “хонгил” байгаа нь учир зүйн ухааны үүднээс тодорхой юм биш үү.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Чингис хааны мэндэлсэн-“Монгол бахархлын өдөр” гэж бий болгоод, тухай баярын өдрөөр хэрхэн “нүүр тахлах” аргаа олж ядахдаа “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнг уламжлал болгон гаргаж аргалсаар байлаа. Өөрөөр хэлбэл, хуучин ерөнхийлөгч маань уран бичээчдийг нэлээд “ашигласан” боловч найман жил болохдоо Д.Батбаяр нарын зэрэг, зэргэмжит цөөн уран авьяастны гавьяа зүтгэлийг үнэлчхэж болох л байсан. Бийр бичгийн уртнуудын зарим нэг нь тэнгэрийн орноо одсон ч буй. Гэвч тэрээр “Мөнх тэнгэрийн бичиг”-ийг бүтээдэг, хөгжүүлдэг эздийг нь чимээгүй орхиод яваад өгсөн юм.
Монгол уран бичлэгээр 1991 оноос анхны үзэсгэлэн гаргаж атрын шан татсан Д.Батбаяр багш өнөөдөр гавьяат болоогүй байхад түүний дараа үеийнхэн, шавь нар нь ч юм уу тийм цол хүртэх боломж ёс зүйн үүднээсээ гарахгүй ажээ. “Цагийн юм цагтаа” байх монгол далд ухаан орхигдохын уршиг ийм юм. Энэ нь бас л нөгөө, төрийн түмэн мэлмийн тунгалаг байгаа эсэхтэй холбогдож ирнэ.
Б.ЭЛБЭГЗАЯА
Холбоотой мэдээ