Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг гурван хүүхэд хордлогод орсон гэх мэдээллийг аймгийн холбогдох албаны хүмүүс үгүйсгэлээ. Тус суманд дотуур байрны гал тогоонд ариун цэврийн шаардлага хангаагүйн улмаас нэг хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, хоёр нь дотуур байрандаа эмчлүүлж байна гэх мэдээлэл ор үндэслэлгүй гэж аймгийн Эрүүл мэндийн газраас хэлж байна. Энэ тухай “Цэнгэл суманд энэ долоо хоногт хүүхдүүд хоолны хордлогод орсон гэх мэдээлэл ирээгүй. Харин Баяннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн дотуур байранд амьдардаг 40 гаруй хүүхэд хоолонд хордсон асуудал аль эрт шийдэгдсэн. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Мөн аймгийн ЗДТГ-ын Эрүүл мэндийн бодлого хариуцсан мэргэжилтэн н.Амалхан “Цэнгэл сумын хүүхдүүд хоолноос хордоогүй. Ийм мэдээлэл ирээгүй” гэсэн юм.
Хүүхдүүд хоолны хордлогод орсон тухай мэдээллийг Цэнгэл сумын ЗДТГ-ын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтнээс тодруулахад мөн л үгүйсгээд ийм асуудал гараагүй гэх тайлбарыг өгсөн билээ. Тэгвэл Эрүүл мэндийн яаманд ч бас хүүхдүүд хоолны хордлогод орсон гэх мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Холбоотой мэдээ