Чуулган: УИХ-ын даргаа томилж, хоёр сайдаа чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: УИХ-ын даргаа томилж, хоёр сайдаа чөлөөлөв

Чуулган: УИХ-ын даргаа томилж, хоёр сайдаа чөлөөлөв
18 : 44
2019-2-1

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой төслүүдийг баталлаа

Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжиж эхэлсэнтэй  холбогдуулан  зарим дүрэм, журмыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  

Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 45 дүрэм, журмыг шинээр буюу шинэчлэн баталж, мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд уг хуульд заасны дагуу есөн дүрэм, журмыг нь УИХ-аас тогтоол гаргаж батлах юм. Үүнээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” гэсэн дөрвөн тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.

“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийг УИХ-ын 2002 оны 73 дугаар тогтоолоор шинэчлэн баталсныг одоо мөрдөж байна.Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-д өөрчлөлт оруулах талаар холбогдох байгууллагуудаас санал авчээ.

Ирүүлсэн саналыг багцлан үзвэл албан тушаалыг зэрэг зиндаа ахиулахаар гаргаж байгаа санал зонхилж байгаа юм. Гэхдээ зэрэглэл ахиулах үндэслэл хангалтгүй, байгууллагуудаас ирсэн саналын дагуу зэрэг зиндааг ахиулсан нөхцөлд нэгэнт тогтсон одоогийн зэрэглэлд ихээхэн өөрчлөлт орж зохистой харьцаа алдагдахын зэрэгцээ түүнд шаардагдах цалин, хангамжийн нэмэгдэлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр 2019 оны улсын төсөвт тусгагдаагүй байна гэж Төрийн албаны зөвлөл үзжээ.

Тиймээс одоо мөрдөгдөж буй ангилал, зэрэглэлийг үндсэнд нь хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзээд энэ тухай тогтоолын төслийг боловсруулжээ.

Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 2009 оны 06 дугаар тогтоолоор баталсан ангилал, зэрэглэлийг үндсэнд нь хэвээр хадгалж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 18.2, 18.7 дахь хэсэгт нийцүүлэхийн тулд шаардлагатай өөрчлөлтийг оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг хууль  санаачлагчид онцоллоо. 

Зарим байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, албан тушаалын нэр өөрчлөгдсөнийг ангилал, зэрэглэлд нэмж, бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан албан тушаалыг хасч, холбогдох өөрчлөлтийг оруулсан бөгөөд нийт зургаан байгууллагын 11 албан тушаалтныг хасах, 10 байгууллагын 19 албан тушаалыг шинээр нэмэх, зарим байгууллагын алба хэлтсийн дарга нар ижил түвшний чиг үүрэг гүйцэтгэдэг атлаа өөр өөр ангилал, зэрэглэлтэй байгааг жигдлэн тусгажээ.

Харин  төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай тогтоолын төсөлд хууль бусаар албан хаагчийг халсан иргэн өөрөө тухайн ажилтны нөхөн төлбөрийг өгдөг болох юм.Тодруулбал, Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргах аж.

Монгол Улсад нийт 191 мянган төрийн албан хаагч ажиллаж  байгаагаас 135 мянга нь төрийн үйлчилгээний салбарт  буюу эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарынхан харин  төрийн тусгай алба хаагчид 37 мянга, 19  мянган төрийн захиргааны албан хаагч тус тус ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томиллоо

Үргэлжлүүлэн Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.

Нэр дэвшигч Бадамцоогийн Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажиллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаа юм.

“Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс”-оос зохион байгуулсан сонгон шалгаруулалтад оролцон хамгийн өндөр оноо авч Төрийн албаны зөвлөлийн гишүүний шалгуурыг хангасан Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах саналыг танилцуулсан юм.

Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмын шаардлага хангасан найман оролцогчоос Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Д.Зүмбэрэллхам хамгийн өндөр буюу 113.10 оноо, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан 89.78 оноо авчээ. Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэгтэй. Аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, тэргүүн дэд захирал, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.

Харин нэр дэвшигч Д.Баатарсайхан нь соёл судлаач, соёлын ажилтан, төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа.

Ингээд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Гишүүдийн зүгээс  Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг улстөрөөс ангид  төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалж ажилла тэдэнд сануулав.

Үргэлжлүүлэн Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Хуулийн танилцуулгад дурдсанаар Ерөнхий консулын газартай болсноор энэ хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж амьдарч, суралцаж байгаа манай иргэд эрх ашгаа хамгаалуулах, консулын үйлчилгээ авах, манай улсад аялах, жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятад болон гадаадын иргэдэд визийн үйлчилгээ үзүүлэх зэрэг боломж бүрдэх аж.

25 сая хүнтэй Шанхай нь хүн амынхаа тоогоор улсдаа нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт ордог. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ энэ оны эхний зургаан сарын байдлаар 1.5 их наяд юань буюу 230 тэрбум ам долларт хүрсэн байна.

БНХАУ болон бүс нутаг, олон улсын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, далайн тээврийн төв Шанхайд жилд дунджаар 1000 шахам үзэсгэлэн яармаг, түүний дотор олон улсын чанартай 300 гаруй томоохон арга хэмжээ болдог. Шанхайд гадаадын 70 гаруй улсын Ерөнхий консулын газар байдаг юм.

Шанхай хот дахь Ерөнхий консулын газрыг гурван орон тоотой байхаар төлөвлөж, тус газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зардлыг 2019 оны төсөвт суулгаж, батлуулсан гэдгийг сайд тодотголоо.Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх нь Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулах тухай тус тогтоолын төслийг дэмжлээ.

Үүгээр Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдааныг хаалаа. Маргааш чуулган хуралдана.

17 : 16
2019-2-1

Чуулган: Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж гишүүдийн 69.1 хувь нь дэмжлээ.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор Я.Содбаатар сайд хариуцлага хүлээж байгаа. Энэ зээл төлөгдсөн үү. Хэзээ буцаан төлсөн мөнгийг ямар хэлбэрээр зээлээр олгох вэ. Дараагийн сайд ЖДҮ-гүй “60 тэрбум”-гүй хүнийг томилох болтугай. Дахиад гишүүд дотроосоо сайдаа сонгох уу. Салбарын хүн одоо байна уу. Заавал “давхар дээл”-тэй хүн томилох уу. Өмнөх хоёр сайд нь би ёс зүйгүй гээд огцорч байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Дараагийн сайд нарт янз бүрийн хэл ам, хэрэг төвөгт холбогдсон хүн тавихгүй. ЖДҮ Монголын төрд сургамжтай зүйл болсон. Нэг талаараа их сайн зүйл болсон. Тиймээс дараагийн сайдад нэр дэвших хүмүүсийг би маш сайн судалж байгаа. Нэр цэвэр, шударга, ард түмний өмчид хуруу хумсаа дүрдэггүй хүнийг сонгоно. Я.Содбаатар сайд өөрөө өндөр соёл гаргаж ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгч байгаа нь сайн жишиг гэж бодож байгаа. ЖДҮХС-аас зээл авсан нөхдүүд зээлээ төлж байгаа. Би яг тоог нь мэдэхгүй байна. Ч.Улаан сайдад үүрэг өгсөн. Дахин энэ сангуудаас алдаатай зүйл гаргахгүй. Ганц ЖДҮ гэхгүй бүх санд шалгалт оруулсан. Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал бас л хариуцлага тооцно. Я.Содбаатар сайдын оронд томилох хүнийг би судалж байгаа. Ер нь УИХ-ын гишүүн гэдэг тал бүрийн мэдлэгтэй байх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-ЖДҮ гээд сүүлийн хэдэн сар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах хөзөр болгож нэлээд том үйл явдал боллоо. Барьцаагаа тавиад ХОМ дээрээ тавьсан аж ахуйн нэгжүүдээрээ зээл аваад хөтөлбөр хэрэгжүүлсэн хүмүүс олон байгаа. Харамсалтай нь үүнийг улстөржүүлсэн. Тиймээс УИХ-ын дарга хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудтайгаа уулзаж хурдан шалгахыг шаардах хэрэгтэй. Хангалттай хугацаа өнгөрлөө. Хангалттай улстөржлөө. Тиймээс хурдан шалгаад нэг тийш болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол цаашдаа ч энэ асуудлаар улстөржинө.

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар:

-Энэ том салбарын бодлогыг үеийн найз нөхөд маань толгойлж том бодлогууд гаргаж ирсэн. Юуны өмнө боловсон хүчний асуудлыг анхаарах ёстой гэж би үзсэн. Ганц Зам тээврийн салбар ч бус төрийн албанд мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй байна. Энэ хаврын чуулганд салбарын том хуулиуд орж ирнэ. 12-15 жилд шинэчилсэн найруулгаар орж ирдэг. Намайг ажиллаж байх энэ хугацаанд хэд хэдэн том шийдвэр гарлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

16 : 40
2019-2-1

Чуулган: Ц.Цогзолмааг сайдаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр түүнийг чөлөөллөө. 

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

-Засгийн газрын гишүүддээ баярлалаа. Өнгөрсөн богино хугацаанд салбарынхаа хамт олонтойгоо 30 жил хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө эрчтэй хүчтэй ажилласан. Сайн муу ажилласан эсэх нь цаг хугацаагаар тодорхойлогдох байх аа. Ёс зүйг би юу юунаас илүүтэй эрхэмлэдэг. Энэ зарчмаа барьж улстөрийн шийдвэр гаргасандаа салбарынхнаасаа уучлалт гуйя. Анх ажил хүлээж авахад 13 яамны хамгийн сүүлд нь байсан. Ерөнхий сайдаас хичээнгүйлэн хүсэх нэг зүйл байна. Би энэ салбараас явж байгаа юм чинь гээд дуугүй өнгөрөх ёс зүй надад байсангүй. Манай салбар маш том салбар. Манай яамд гурван сарын өмнө томилогдож ирсэн хууль ёсны гэж хэлж байгаа Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай гар нийлж ажиллаж чадаагүй. Цаашид ч ажиллах боломжгүй, ёс зүйн болон төрийн ажлын дадлага туршлагагүй хүн учраас энэ салбарт зөв, сэтгэлтэй, төрийн ажлын туршлагатай зөв хүнээр Төрийн нарийн бичгийн даргыг томилох тал дээр онцгойрон анхаараарай. Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг солихгүйгээр цааш бодлого шийдвэр явахгүй. Хэнтэй ч хамтарч ажиллах боломжгүй, ямар ч боломж өгсөн албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгодог хүн. Би өнгөрсөн хэдэн сар гадагш гаргаж ярихгүйгээр тэвчиж салбараа бодож ажилласан. Надад хувиа хичээх эрх байхгүй. Хэдий би явж байгаа ч гэсэн үүнийг салбарынхаа төлөө хэлж байгаа юм шүү.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураахад гишүүдийн 71.4 хувь нь Ц.Цогзолмаа сайдыг огцруулахыг дэмжлээ.

Чуулганы хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байна.

16 : 10
2019-2-1

У.Хүрэлсүх: Дараагийн сайдыг парламентаас томилно

Баасан гаригийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг Засгийн газрынхаа эсрэг ажилласан гэж үзсэн нь огцруулах үндсэн шалтгаан нь болсон гэдгийг тодотгосон юм. Тодруулбал, тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр танхимынхаа эсрэг кноп дарсан юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү Сар шинээс өмнө хэрүүл болиод ажлаа яримаар байна. Шөнө дунд хүртэл хүн ярьдаг боллоо. Өнөө маргаашдаа багтаагаад хүний асуудлуудаа дуусгаж чадах уу. Ерөнхий сайдаа та давхар дээлгүй сайд оруулж ирж чадах уу гэсэн асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ долоо хоногтоо сайд нарын асуудлыг хэлэлцэж дуусгана. Он гарах гэж байна. Гарч буй шинэ ондоо хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцээх жил байх болно. Би Ерөнхий сайдаар томологдохдоо танхимын гишүүдээ парламентаас бүрдүүлнэ гэдгээ хэлж байсан. Энэ байр сууриндаа хэвээр байгаа" гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Нохой жилд та бүхэн нохой шиг уралцаж  зодооноо дуусгаж байна гэж ойлгож байна. Гахай жилдээ та бүхэн ард түмнээ баяжуулах амраах, тайван амгалан байлгана гэж амлалт өгч байгаад нь баяртай байна. Танай намын зодооноос болж  гишүүдтэй  “Сайн байна уу” гэж мэнд мэдэж ч чадахаа байлаа. Дуугарвал дэмжиж байгаа болчих гээд байх юм. Боловсролын салбар хамгийн чухал. Сайн засаг гэдгийг би боловсролын салбартаа хэр анхаарал хандуулж ажилладгаар дүгнэнэ. Ц.Цогзолмаа сайдаас давуулсан хүнийг томилмоор байгаа юм. Энэ хүн чамгүй сайн ажилласан. Гэхдээ саар зүйл ч бий. Илүү сайн хүнийг томилно  шүү.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Уг нь энэ асуудлыг яаралтай шийдэх байсан юм. Ерөнхий сайдыг орж ирсэн дээр хэдэн зүйлийг хэлье. БСШУСЯ болон Зам тээврийн яам хамгийн хүнд салбарын нэг нь яах аргагүй болсон. Дандаа улс төрийн шалтгаанаар  сайд нар нь солигдож байна. Үлдсэн богино хугацаанд давхар дээл гэж зарчмаа ярилгүйгээр мэргэжлийн хүнийг нь гаднаас томилмоор байна. Ашиг сонирхлын зөрчил, ёс зүйг энэ Засгийн газар мөрдөж байна гээд ЗТХ-ийн сайд нь ёсзүйн хариуцлага хүлээж огцорч байгаа. Дараагийн хүнд  ёсзүйн асуудлыг нь сайн тооцоолоорой. Нийслэлийн  даргын асуудлыг хурдан шийдмээр байна. Иргэдийн дунд асар их шүүмжлэл байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сая хөдөөгөөр явж байх үед нутаг орны иргэд маань Ц.Цогзолмаа сайдыг битгий огцруулаач гэж хүссэн. Ц.Цогзолмаа сайд Энэ ажлаа сайн хийсэн шүү. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, чадалтай мэдлэгтэй хүнийг тавих талаар анхаараарай.

 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сая хөдөөгөөр явж байх үед нутаг орны иргэд маань Ц.Цогзолмаа сайдыг битгий огцруулаач гэж хүссэн. Ц.Цогзолмаа сайд Энэ ажлаа сайн хийсэн шүү. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, чадалтай мэдлэгтэй хүнийг тавих талаар анхаараарай.

 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Сая хөдөөгөөр явж байх үед нутаг орны иргэд маань Ц.Цогзолмаа сайдыг битгий огцруулаач гэж хүссэн. Ц.Цогзолмаа сайд ажлаа сайн хийсэн шүү. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, чадалтай мэдлэгтэй хүнийг тавих талаар анхаараарай.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

13 : 32
2019-2-1

Чуулган: УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо.

Холбоотой мэдээ

УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар гэж хэн бэ?

УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар гэж хэн бэ?

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол болон бусад гишүүдийн зүгээс санал хураалтыг шууд явуулъя гэдэг горимын саналыг гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн тул УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувь нь дэмжлээ.

Ийнхүү ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын даргаар томилогдлоо.

УИХ-ын даргаар томилогдсон Г.Занданшатарт тамга, тэмдгийг нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гардуулан өгснөөр УИХ-ын шинэ дарга чуулганы индрээс үг хэллээ.

 

Тэрбээр “Надад өндөр итгэл хүлээлгэн УИХ-ын даргын албан  тушаалд нэрийг маань дэвшүүлсэн намынхандаа баярлалаа.  Энэ их итгэлийг би өндөр үүрэг, хариуцлага гэж ойлгож байна. Төрийн эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай. Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна. Ард түмэн энэхүү эрх мэдлээ сонгосон төлөөлөгч гишүүдээрээ дамжуулж эдэлнэ гэж Үндсэн хуульд тусгасан.  УИХ-ын эрхэм гишүүд та бид  ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, дуу хоолойг илэрхийлэгч элч төлөөлөгч  нь байх Үндсэн хуулийн суурь зарчмыг дагаж мөрдөх учиртай. Ард түмний хүсэмжлэлд хариу барих ёстой. Хариуцлага гэдэг бол ард түмний хүсэмжлэлд хариу өгөх чадвар юм. Ийм учраас бид ард түмний хүсэмжлэлд  нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад тулгуурлаж дараах гурван асуудалд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Нэгдүгээрт, монголын ард түмэн шударга ёсыг хүсч байна. Шударга ёс нийгмийн бодит эрэлт хэрэгцээ болсныг бид чихээрээ сонсч, нүдээрээ харж байна. Ард түмний анхааралд байгаа томоохон хэргүүд, төрийн бүх шатанд ажиллаж байгаа албан хаагчдаас сахилга хариуцлага, ёс зүй хариуцсан ажилдаа сэтгэл, зүтгэлтэй ажиллахыг нийгэм хүсэмжлэн хүлээж байна. Монголын төрд хууль дээдлэх ёс ноёрхож энэ нь шударга, тэгш хэрэгжиж байж төрд итгэл итгэл УИХ-д итгэх итгэл ард түмний итгэл эргэж сэргэнэ. Улс төрийн эгзэгтэй энэ цаг үед Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэллээ гэж үзэж байна. Монголын ард түмний хүсэмжлэл, хүсэл зориг нь хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдэл байх учиртай. УИХ-ын даргын хувьд хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг тогтоохын төлөө манлайлан зүтгэж ажиллах болно. Сахилга хариуцлага дээрээсээ эхэлж, доош үлгэрлэдэг, хууль журам нь эрх мэдэлтнүүдэд хатуу, эгэл жирийн иргэдэд нигүүлсэнгүй байх нь төрт ёсны эрхэм чанар билээ. Цаашид УИХ-ын төлөөлөх хууль тогтоох чиг үүргээс гадна УИХ-ын хяналт тавих чиг үүргийг хуулиар тодорхой болгож илүү санаачилгатай ажиллах шаардлага байна” гэлээ.

 

13 : 09
2019-2-1

Д.Эрдэнэбат: Хүний үгээр ажиллах уу, өөрийн үгээр ажиллах уу гэж эргэлзэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт тодруулга авч байна.  

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Г.Занданшатар дарга 70 оны төлөөлөл. 70 оны төлөөлөлд улс төрийн итгэл үзүүллээ гэж харж байна.  Банк санхүүгийн тогтолцооны талаар асуумаар байна. Та бидний шүтэн тахидаг АНУ хадгаламжийн хүүгийн 0 болгосон байдаг. Хадгаламжид мөнгөө хийдэг хүн гэж байхгүй. Гэтэл манайх хадгаламжийн хүүгээ өндөр тавиад эргүүлээд зээл олгохдоо мөн хүү нь өндөр. Монголбанкны Ерөнхийлөгч гэж хүн муу ажилдаа сайн, сайн ажилдаа муу ийм нөхөр. Энэ хүнээс одоо ус ч гарахгүй, тос ч гарахгүй нь тодорхой. Тиймээс УИХ-ын дарга болсноор та банк санхүүгийн салбарт ямар өөрчлөлтүүдийг хийх вэ. Энэ бол ард түмний захиалга шүү. Намын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон даруйдаа хэлсэн үгэндээ “Ард түмнийхээ итгэлийг алдахаас айж байна, амь насаа алдахаас айхгүй” гэж хэлсэн байдаг. Та ингэж ажиллаж чадах уу. Олон түмний сэтгэл рүү та ус битгий хийчхээрэй. Танд ажлын амжилт хүсье.

УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Би Банкны тухай хуулийг санаачилж, мөнгө хүүлэлтийн эсрэг асуудлыг тусгаж өгсөн ч УИХ-аар хэлэлцэх явцад хасагдсан. Хүүгийн дээд хязгаарыг тогтоох дэлхийн нийтийн туршлагуудыг судалж дээрх хуулийн заалтыг оруулсан боловч УИХ-дээр унасан. Банкны салбарыг эрүүлжүүлэх зөв голдрил нь оруулах талаар нэлээд зүйл хийж ирсэн ч төв банкны хараат бус байдал, бодлого сүүлийн хэдэн жил алдагдаж ирсэн юм  билээ. Бид ард түмэндээ итгэл урам өгөх төдийгүй тэдний  дуу хоолой болж хүсэл эрмэлзлийг нь сонсож ажиллах нь ардчиллын үнэт зүйл. Ард түмнээ юу хүсэж байгаа нь сонсож байж шийдвэрээ гаргах учиртай. Асуудлыг цөөн хэдээрээ шийдэж ирсэн нь гажуудлыг бий болгосон. Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг бүгд ухамсарлаж дагаж ажиллах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Улс төрийн эгзэгтэй цаг үед УИХ-ын даргыг албан тушаалд ажиллах чадвартай гэж МАН-ын Удирдах зөвлөл, намын бүлэг Г.Занданшатарыг  үзсэн. Улстөрчдийн ёс зүй, байх ёстой хэм хэмжээнээсээ хальчихсан, нийгмийг бухимдалтай  энэ цаг үед та дарга болж байна. Тийм учраас нийгмийн хандлагыг мэдэрч шударга ёсны хүсэмжлэлд та маш олон хариултыг өгөх ийм түүхэн үүрэгтэйгээр УИХ-ын даргын сэнтийд очих гэж байна. Энэ албан тушаалд очсон хүн сэтгэлийн хөдөлгөөнөөр аливаа  асуудалд хандаж болохгүй гэж ойлгодог. М.Энхболд даргын хувьд ажлаа маш сайн хийсэн. Цөөнх байсан намын бүлгээ үнэмлэхүй олонх болгож өгсөн. Энэ буухиаг  үргэлжлүүлэн авч явахын төлөө ажиллах үүрэг танд оногдож байгаа шүү.  Өнөөгийн үүссэн улс төрийн нөхцөлд цэг тавиасай гэж хүсч байна. Аливаа асуудалд хэлбэр хөөцөлдсөн байдлаар бус агуулга руу нь орсон бодитой зөв дүгнэлтүүдийг хийдэг байж улс эх орон , ард түмнийхээ эрх ашгийг хангасан шийдвэрүүдийг гаргаасай. Хамгийн гол зүйл бол УИХ зарчмаа барьж ажилладаг, хуулийн дагуу ажилладаг ийм л загварыг үзүүлэх ёстой.   УИХ-ын дарга бол амаргүй албан тушаал. Улстөрийн итгэл үнэмшлийнхээ төлөө анд нөхдийнхөө эсрэг шийдвэрийг ч гаргах шаардлага танд олон гарна. 

УИХ-ын О.Баасанхүү:

-Бүгдээрээ одоо хүн ярихаа болимоор байгаа юм аа. Хүн ярьсаар байгаад таарлаа. Чуулганыг сунгаж, ээлжит бус хуралдаан зарлана гэж байхгүй шүү. Би 40 хоног ажлаа хийсэн. Чуулганыг гацаасан хүмүүсээс болж чуулганыг сунгахыг зөвшөөрөхгүй. Таны хувьд ШХАБ, Нэг бүс нэг зам бодлогууд дээр хэрхэн ажиллах вэ. “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг” гэдэг. Бидэнд тус болно гээд ус болох вий дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэж байна. Нөгөө 23 гишүүн дээр хэрхэн хандах вэ. Ард чинь, урд чинь гээд ЖДҮ-чид сууж байна. Хуулийн байгууллага асуудлыг оруулаад ирвэл та яах вэ? Мөн  гэрт нь тагнах чагнах төхөөрөмж тавьсан, гурван машин баримт шатаасан гэх асуудалд хэрхэн хяналт тавих вэ. Тусгай хяналтын хорооноос тодруулсан ийм гомдол ирээгүй гэж байна лээ.

УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Чуулганыг сунгах эсэх асуудал нь УИХ-ын бүтцийн байгууллагын саналаар шийднэ. Их хурлын дарга бүгдийг мэдээд шийддэг юм биш. Хүний эрхийг хангахын тулд Гүйцэтгэх засаглал, Их хурал, хууль шүүх нь тусдаа ажилладаг. Их хурлын даргын үүргээ л биелүүлж ажиллана. ШХАБ-ын асуудлыг УИХ дээр шийдвэрлэнэ. Гэрээний эхний өгүүлбэрт гишүүн орнууд газар нутаг, аюулгүй байдлаа хангах үүрэгтэй гэсэн заалт бий. Гадаад бодлого судлаачдын нотолгоонд суурилан шийдвэрээ гаргана.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Г.Занданшатар хувь хүнийхээ хувьд их зөөлөн хүн. Хүний үгээр ажиллах уу, өөрийн үгээр ажиллах уу гэж эргэлзээд байна л даа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьсныг хэвлэлээс олж харлаа. Баялгийг ард түмний өмчид шилжүүлэх талаар хүн бүхэн ярих боллоо. Хэлэхэд гоё  үг. Би ч гэсэн өгчихмөөр байна. Гэхдээ нэг хүнээс хураагаад нөгөө рүү нь шидэх чинь өмчийг нь өгч байгаа хэлбэр биш шүү. Ерөнхийлөгчийн боловсруулж байгаа хуулийг нэн яаралтай Их хурал руу оруулж ирж хэлэлцмээр байна. Би ард түмэн баялгийн өмч байх ёстой гэдэгт санал нэгддэг. Гэхдээ талцуулж болохгүй. Сонгуулийн хууль батлагдах уу, Намуудын тухай хуулийг та  нэн тэргүүнд оруулж ирж чадах уу.

УИХ-ын даргад  нэр дэвшигч Г.Занданшатар:

-Өөрийн бас өрөөлийн үгээр ч ажиллахгүй. Зөвхөн ард түмний байр суурийг сонсож, энэ хүрээнд ажиллана. Хуулийн хэрэгжилт алдагдсан учраас хууль хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газар Үндсэн хуульд заасны дагуу шийдвэр гаргасан. Стратегийн ордын 10 хувийг ард түмэндээ эзэмшүүлнэ гэж заасан. Ширээн доогуур лицензийн наймаа ихэссэн учраас хөрөнгө оруулагч нар үргэж байна. Тиймээс ил тод байдлыг бий болгоно. Төрийн өмчөөр хайгуул хийсэн орд газрууд төрийн эзэмшилд байх ёстой.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:

-Манайд өнөөдөр болохгүй байгаа бүхэн Үндсэн хууль болон бусад хуулиудаас болж ийм хэцүү байдалтай боллоо гэж ярих хүмүүс байна. Нөгөө талд энэ нь хэт туйлшрал юм. Сүүлийн 30-аад жилийн сургамж түүхээс аваад үзэхэд, Үндсэн хуульд  оруулсан зарим өөрчлөлтөөс үүдэж Монгол Улсад үүрэг хариуцлагын тогтолцоо ойлгомжгүй, орхигдсоноос болсон гэдгийг ганцхан бид биш эрдэмтэд судлаачид хэлж байгаа. Олон нийт ч үүнийг мэдэр ч бухимдаж байна Энэ бүхнийг хамгийн сайн ойлгож, мэдэрч байгаа гэж Г.Занданшатарыг үздэг. Та Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж таны санаачилсан хуулийн дагуу Зөвшилцөх ардчиллын сүүлийн үеийн шинэ үзэгдэл болох санал асуулгыг тодорхой хүрээнд явуулж нийгмийн уур амьсгалыг тандах аргыг хэрэглэж зохион байгуулсан. Хэдийгээр шүүмжлэгдэж байгаа ч гэсэн бодитой дүгнэлтүүд гарсан гэж би хувьдаа үздэг. Парламентийн тогтолцоо өнөөдөр манайд тохиромжтой. Энэ тал дээр тууштай байгаарай. Үүнийг би бүх талаас нь дэмжинэ. Аливаа асуудалд олон талаас нь том суурьтай харж парламентийн засаглалыг бэхжүүлэх тал дээр онцгойрон анхаараарай гэж хэлмээр байна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-Нэг хүн аягүй магтагдаад сандал суудал дээр гараад ирдэг, хэсэг хугацааны дараа ёстой муухай хүн болдог шүү. Энэ байдал дахин бүү давтагдаасай.  Дарга бол хөтлөгч шиг биш арангатай, зангаргатай, дайчин  ажиллаасай гэж хүсч байна. Төрийн гурван өндөрлөг зангидсан гар шиг ажиллаарай.

 Хэлэлцэж буй хуулийн төслийг хэлэлцэж дуустал чуулганы хуралдааныг завсарлуулахгүйгээр хуралдах боллоо. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

12 : 02
2019-2-1

Г.Занданшатар: Нийгмийн шударга ёсны шаардлагад нийцэж ажиллана

УИХ-ын даргыг томилох асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Юуны өмнө М.Энхболд даргад баярлаж талархаж явдгаа намынхаа өмнөөс болон хувийн зүгээсээ илэрхийлж байна. Эгзэгтэй цаг үед УИХ-ын даргаар Г.Занданшатар очих гэж байна. Монголын төрд, парламентад, МАН-д болж буй гацаа түгжрэлийг арилгах эвдрэлийн цавыг арилгах цавуу нь  болж ажиллаж энэ чиглэлд бодитой алхмуудыг хийгээсэй гэж хүсч байна. Өмнө нь намууд хоорондоо хуваагддаг байсан бол одоо нам дотроо хуваагдаж талцаж үндсэндээ УИХ-ын үйл ажиллагаа гацлаа. Энэ төрийн гацааг хэрхэн яаж арилгах вэ. Энэ тал дээр бодитой ямар алхмуудыг хийх вэ. УИХ-ын үйл ажиллагаа дахин бүү гацаасай улс төрийн талцсан асуудал дахин  бүү давтагдаасай гэж хүсч байна.МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр цаашид улс орон явахгүй. Төрийн гурван өндөрлөг нь хоорондоо байнга талцдаг гишүүд нь дагаад улстөрждөг энэ тогтолцооны гажуудлыг хэрхэн яаж засах вэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах ажлын хэсгийн явц хангалтгүй байгаа. УИХ-ын дарга болоод уг асуудлыг хэрхэн ажил хэрэг болгох вэ. Монголын урт хугацааны хөгжлийн бодлого тодорхой болсон. Үүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ. Өнгөрсөн хугацаанд ихэд орхигдож ирлээ. Мөн улстөрийн намын тухай хуулийг өөрчлөх асуудалд ямар байр суурьтай байна вэ.

УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Үндсэн хуульд Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт  байна  гэсэн заалт бий. ардчилсан төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай. Төрийн түшээд бид ард түмний  элч төлөөлөгч. Нийгмийн шударга ёс, хүсэмжлэл, шаардлагад нийцэж ажиллах ёстой. Үүний төлөө би ажиллана. Ултөрийн талцал хуваагдлаас илүүтэй  эцсийн эцэст нийтлэг эрх ашгийн эрэмбэ ашгийг барьж ажиллана. Ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хоёрдугаар намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө бид нэгдэж ард түмний элч төлөөлөгч болох үүргээ гүйцэтгэх учиртай. Үндсэн хуульд хяналтын болон хариуцлагын тогтолцоог өөрчлөхгүйгээр бид цааш явахгүй болжээ. Үндсэн хуулиа өөрчил гэж ард түмэн МАН 65 суудал өгсөн.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Шинэ даргатай болгох гэж монголын парламент хоёр сар гацлаа. Миний хувьд УИХ-ын даргаар Ц.Нямдорж гэж хүн орж ирэх болов уу  гэтэл  нам нь унагачихлаа. Хоёр номерт Т.Аюурсайхан орж ирэх болов уу гэтэл орж ирсэнгүй. Шинэ цагийн улстөрч гэдгээр нь би Г.Занданшатарыг дэмжинэ. 70-аад онд төрсөн улс төрд залуу үеийн төлөөлөл гэж харж байна. шинэ цагийн улстөрч гэдэг утгаар нь дэмжинэ. Уг нь сайн залуу. Гэхдээ Т.Бадамжунай, Б.Хурц хоёртой дэндүү ойр шүү. Эндээс хол байгаарай. МАНАН бүлэглэлээс хол байгаарай. Эрхэм журмын нөхөр минь битгий ийм зүйл хийгээрэй. МАНАН бүлэглэлийг эсрэг тэмцэх үеэр жагсагчдын аюулгүй байдлыг хангах талаар та үнэхээр сайн ажилласан явдалд талархаж байгаа. Иргэд олон түмэн биднээс эрс өөрчлөлт хүсэж байна. Бүх баялаг ордуудаа хулгайд алдчихаад байна. Монголын төрд маш сайн Их хурлын дарга байна гэж итгэж дэмжинэ. “Эрдэнэт”-ийн 51 хувиа алдчихлаа. 49 хувиа бас алдах нь ээ. Баялагтаа эзэн байлгаасай гэж үзсэн учраас Засгийн газар таныг дэмжсэн гэж бодож байгаа. Салхитын мөнгөний ордыг авч чадсан шигээ шударгаар ажиллаарай. Шударга бусын хонгил бий болгосон хүмүүсийг үтэр түргэн зайлуулахын төлөө ажиллаарай.Өчигдөр би Ерөнхий сайдтай уулзахад таныг дэмжээд өгөөрэй зоригтой ажиллаж байгаа  шүү гэж  хэлсэн. Таниас би зоримог ажиллахыг хүснэ.  Хууль хяналтын бүх удирдлагуудыг солиорой. Харин авлигач нартай нэгдэх юм бол удахгүй зайлуулна шүү.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Туршлагатай улстөрч учраас нийгмийн шүүмжлэлээс айгаад хууль эрхзүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллана гэж найдаж байна. Монгол улсын хууль эрх зүйн орчны доголдлыг арилгахад ямар ажлууд хийх вэ.Төр хувийн хэвшлийн уялдаа холбоог  хэрхэн хэрэгжүүлэх вэ. мөн аж үйлдвэрүүдээ яаж дэмжих вэ?

УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар:

-Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байгуулсан. Бодлогоо нэгтэж ажиллахыг илүүтэй шаардаж байгаа. Мөн аж үйлдвэрийн үндэсний зөвлөлийг байгуулж аж ахуй нэгжүүдтэй уулзсан. Үндэсний аж үйлдвэрүүдээ дэмжих төлөвлөгөөг мэргэжлийн холбоодын саналаар гаргасан. Дотоодын бүтээгдэхүүнээ дэмждэг, хэрэглэдэг болцгооё. Татварын тухай хуулийн багц хуулийг УИХ-аар нэн яаралтай батлах ёстой. Үүний төлөө ажиллана. Аж үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд зээл санхүүгийн бодлогыг оруулж ирсэн. Цаашид импортын татварын асуудлыг ярина. Энэ мэт аж үйлдвэрээ бодлогын түвшинд дэмжиж байж эдийн засаг  солонгорно.

УИХ-ын гишүүн Д.Элдэв-Очир:

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний нэг та  болох нь ээ. Танд анхааруулж нэг зүйлийг хэлмээр байна. Таны дээр хууль гэсэн ганцхан дарга байгаа гэж гэж Д.Лүндээжанцан гишүүн үнэн хэллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүнтэйгээ хамтарч ажиллах чухал. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Х.Баттулга гэдэг хүн ерөөсөө л нэг болчимгүй үг хэлээд болж өгдөггүй ээ. Энэ долоо хоногт манай байнгын хорооны хуралдаан дээр хяналтын сонсгол хийх үеэр орж ирээд байнгын хорооны даргыг хууль ярилаа гэж загнаж зандарсан. Бид хуульгүйгээр яаж амьдрах юм бэ. Та ийм л хүнтэй хамтарч ажиллах нь дээ. Ерөнхийлөгчийг би албан тушаалд очоод бурь сууж төлөвших болов уу гэж бодсон ч хэвээрээ байна. Өчигдөр байнгын хорооны дөрвөн даргыг өрөөндөө урьж уулзлаа. Тэгэхдээ чи чинь нэг сонгогдсон олигарх билүү гэж надаас  асууж байна. Олигарх гэдэг үгийг өөр дээр хаяглаж бодох ёстой. Гэтэл амандаа орсон үгээр хүнийг дайрч доромжилсон ийм л хүнтэй та хамтарч ажиллах нь ээ. Ерөнхийлөгч бид хоёрын хувьд нэг тойрог дээр өрсөлдсөн ялсан, ялагдсан ийм л зүйл бий.  Ор үндэсгүй гүтгэх юм. 100 тэрбумын зуух шахсан хүн миний хажууд сууж байна гэх юм.  хүн гүтгэж сурсан зангаа болихгүй нь ээ. УИХ цаашид өөрийнхөө хуулиар, Ерөнхийлөгч өөрийнхөө хуулиар явах ёстой. ингэж хуульдаа захирагдаж ажиллахгүй бол энэ хүнд дөрлүүлэх маягтай байх нь. Энэ хүн УИХ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нь оролцож төрийн механизмыг гацаадаг байж болохгүй шүү.Баянхонгорын хоёр эвтэй байна гээд хуйвалдаж болохгүй шүү.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-УИХ зэвсэгт хүчний, дээд удирдлагыг хэрэгжүүлдэг. Гэтэл зэвсэгт хүчин удирдлагагүй байна. Энэ бол хугацаа алдах эрхгүй салбар. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Цагаан сараас өмнө яаралтай томилж өгөхийг хүсч байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: 

-Нэр дэвшиж байгаа хүн ямар их үүрэг хариуцлага, хүлээлт авч энэ ажилд очиж байгаагаа ухамсарлах ёстой. Нэр дэвшигч Үндсэн хуулийг өөрчилнө гэж хариулсан байна лээ. Ард түмэн ганц Үндсэн хуулийн өөрчлөлт биш маш олон шинэчлэлийг хүлээж байгаа. Ялангуяа эдийн засгийн шинэчлэлийг хийхгүй бол ядуурлыг бууруулж чадахгүй. Танд хэн нэгэнд ач санах, улс төрийн өртэй хүн бий юү.

УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатар:

-УИХ 76 гишүүнээс бүрдэнэ. Нэг хүн бүх зүйлийг өөрчилж чадахгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ч би ганцаараа хийж чадахгүй. Тиймээс гишүүдээ уриалмаар байна. Би хэн нэгэнтэй ашиг сонирхлын зөрчил байхгүй. Энэ олон жил ажиллахад би ямар ч хүнтэй зарчим л баримталж ажиллаж байсан.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

11 : 13
2019-2-1

Чуулган: Г.Занданшатарыг томилох эсэхийг хэлэлцэж байна

Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.Хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох тухай асуудал хэлэлцэнэ. УИХ-ын даргад  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг  МАН-ын Удирдах зөвлөл, намын бүлэг, мөн Төрийн байгуулалтын байнгын  хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн билээ.

Нэр дэвшигчийн  танилцуулгыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж