АНУ Венесуэлийн дараа Кубыг онилж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

АНУ Венесуэлийн дараа Кубыг онилж байна

АНУ Венесуэлийн дараа Кубыг онилж байна

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагах нь АНУ-ын хувьд Латин Америк дахь нөлөөгөө бэхжүүлэх стратегийнх нь нэг хэсэг ажээ. Энэхүү төлөвлөгөөг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага дор боловсруулсан талаар “Wall Street Journal” сонин эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлсэн байна. Тус хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, АНУ-ын дараагийн үйл ажиллагаа Куба руу чиглэж байгаа аж. Америкийн сонинд нийтлэгдсэн материалд АНУ нь Латин Америк дахь Хятад, Оросын нөлөөг бууруулахыг хүсч байгааг тэмдэглэжээ. Мөн Трампын засаг захиргааны дараагийн үйл ажиллагаа Куба улс руу чиглэж байгаа гэдэг нь өндөр магадлалтай хэмээн өгүүлсэн байна.

Вашингтоны зүгээс Мадуро болон түүний өмнөх удирдагч Уго Чавесийг удаан хугацааны турш шүүмжилсээр ирсэн билээ. Үндэсний аюулгүй байдлын үүднээс авч үзвэл Кубад илүү ноцтой аюул занал учруулж байгаа гэдэгт итгэлтэй явдаг албан тушаалтнууд Трампын засаг захиргаанд олон байгаа талаар тус сонинд мэдээлжээ.

Венесуэл, Кубын эрх баригчдын хувьд Орос, Хятад, Ирантай хамтран ажиллах сонирхолтой байгаад Вашингтон сэтгэл хангалуун бус байгаа аж. “АНУ нь Венесуэл, Кубын дараа Никарагуад анхаарлаа хандуулах болно" гэж өгүүлжээ. Мөн тус материалд АНУ Венесуэлийн сөрөг хүчний төлөөлөл болох Хуан Гуайдог Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрүүлэх ажиллагаа нь төдийлөн хүссэнээр нь бүтэхгүй байгааг тэмдэглэсэн байна. Хэрвээ Мадуро албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байвал америкчууд хямралд өртөж, Москва, Бээжин зэрэг улсууд тус бүс нутагт байр сууриа улам бэхжүүлэх болно гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог тус улсын түр төрийн тэргүүнээр сонгогдсонд баяр хүргэсэн билээ.

Венесуэл улсад нэгдүгээр сарын 21-нд тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг  олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эхэлж, сөрөг хүчин давамгайлсан парламентын тэргүүн Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-ны өдөр өөрийгөө төрийн түр тэргүүнээр зарлав. Түүнийг АНУ тэргүүтэй орнууд хүлээн зөвшөөрсөн бол ОХУ, БНХАУ зэрэг арваад орон Мадурог тус улсын хууль ёсны төрийн тэргүүн гэж үзэж буй юм.

Хуан Гуайдогийн хувьд АНУ-аас гадна Бразил, Канад, Аргентин, Чили, Колумб, Коста-Рика, Гватемал, Гондурас, Панам, Парагвай, Перу, Гүрж, Албани болон Европын холбооны дэмжлэгийг аваад байгаа билээ.

АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд өгүүлснээр, Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдод АНУ-ын банкууд дахь тус орны дансуудыг нээлттэй болгож өгчээ. Дээрх мэдэгдэлд “Венесуэлийн түр Ерөнхийлөгч Хуан Гуайдо Нью-Йоркийн Холбооны нөөцийн банк болон бусад банкуудад байршсан даатгал бүхий Венесуэлийн хөрөнгийг авах буюу хянах эрхтэйг Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео баталсан” хэмээн өгүүлсэн байна.

НҮБ: ВЕНЕСУЭЛД ҮЙМЭЭН САМУУНЫ УЛМААС 40 ХҮН АМИА АЛДСАН

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарласнаар тус улс хоёр удирдагчтай болж, улс төрийн ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Хуан Гуайдо цэргийнхэнтэй хэлэлцээр хийж, өөрийнхөө талд оруулахаар ятгаж байгаагаа ил зарласан. Тэрбээр “Цэргийн албан хаагчид хийгээд аюулгүй байдлын хүчний ажилтнуудтай бид нууц уулзалт хийсэн. Гэм буруугүй хүмүүст өршөөл үзүүлэхийг санал болгосон. Цэргүүд Мадурогийн дэмжлэгийг авахаас татгалзах нь Засгийн газарт шилжилт хийхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн хэлжээ.

Гэвч дэлхийн улс орнууд Венесуэлийн асуудалд цэргийнхнийг татан оролцуулах, цэргийн хүч хэрэглэж шийдэхийг эсэргүүцэж байна. Тухайлбал, эсэргүүцэгчдийн дунд АНУ, ОХУ, Хойд, Өмнөд Америкийн улсууд багтаж буй юм.

Перугийн Гадаад хэргийн сайд Нестор Пополизио Хойд, Өмнөд Америкийн 14 улсыг багтаадаг “Лима” бүлгийн гишүүн улсууд асуудалд цэргийнхнийг татан оролцуулахыг эсэргүүцэж байгааг мэдэгджээ. АНУ-ын албаны хүмүүс мөн “Асуудлыг шийдэх бүх арга ширээн дээр бэлэн бий” гэсэн мэдэгдэл хийсэн билээ.

Үүнтэй зэрэгцэн Венесуэлийн дээд шүүх Хуан Гуайдог хил давахыг хориглож, банкин дахь дансуудыг нь царцаах шийдвэр гаргасан билээ.

Улс төрийн хямралын зэрэгцээ Венесуэлд хүчирхийлэл газар авч, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн хэвээр, цагдаа нар хүч хэрэглэн тогтоож байгаа аж. НҮБ-аас гаргасан тайланд, Венесуэлд энэ сарын 21-нээс хойш үймээн самууны улмаас 40 хүн амиа алдсан гэж тэмдэглэжээ.

Н.Мадуро дахин сонгогдохдоо сөрөг хүчний олон нэр дэвшигчийг шоронд хийх, хуулийн аргаар нэр дэвших боломжгүй болгох зэрэг арга хэрэглэн өрсөлдөөнөөс гаргасан нь тус улсын иргэдийн дургүйцлийг төрүүлсэн байна. Мадуро өнгөрсөн долоо хоногт твиттер хуудсаар дамжуулан хотуудыг тохижуулахад нэг тэрбум евро олгох тухайгаа мэдэгдсэн. Тэрбээр “Венесуэлийн хүн ам илүү шигүү суурьшсан 62 хотыг Латин Америкийн хамгийн үзэсгэлэнтэй, орчин үеийн хот болгох зорилгоор нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалттай “Сайхан Венесуэл-Хамтдаа байхад бүх зүйл боломжтой” хөтөлбөрийг эхлүүлсэн” хэмээжээ.

Харин Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо пүрэв гаригт эдийн засгийг тогтворжуулах, ядууралтай тэмцэхэд чиглэгдсэн “Улс орон” хөтөлбөрийнхөө төлөвлөгөөг танилцуулах тухайгаа мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: The Wall Street Journal, Interfax

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж