Мөрдэсээр ижилссэн гэр бүл

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

Мөрдэсээр ижилссэн гэр бүл

“Өвөрхангай аймгийн марш тактикийн салаа шалгаруулах тэмцээн болоод манай анги гурав дахь жилдээ түрүүлж байсан” хэмээн Д.Алтантулга надад  цэргүүдтэйгээ авхуулсан зургаа альбомоосоо гаргаж харууллаа.

1994 онд тэрбээр цэргийн албанд ажиллаад долоо дахь жилтэйгээ золгоод шинэ цэрэг хүлээж авсан нь энэ аж. Энэ удаа бид дэд хурандаа Д.Алтантулгын “Мөрдэстэй гэр бүл”-ийг сурвалжлахаар түүний гэрт зочилсон юм. Цэргийн удам дагаж яваа Д.Алтантулгын эхнэр ч мөн адил энэ салбарынх. Тэд гурван хүүтэй.

Том хүү  А.Чойгиванчиг нь  Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд нэг жил яваад ирсэн бол дунд хүү А.Ууганжаргал нь зөрөөд Судан  улсыг зориод таван сар болж байна. Тэдний зочны өрөөнийхөө хананд өлгөсөн  мөрдөстэй гэр бүлийн зураг сүрдэм бас бахархам.

Д.Алтантулгын гэр бүл спортыг цэргийн амьдралтай салшгүй холбоотой гэж үздэг. Тийм ч учраас оролцсон уралдаан тэмцээн бүрээсээ авсан медалиуд нь туузан дээр алаглан харагдана.  Д.Алтантулгын хувьд  27 жил  зэвсэгт хүчний салбарт зүтгэсэн бөгөөд сүүлийн 14 жил Зэвсэгт хүчний 065 дугаар ангид ажиллаж байгаад  хоёр жилийн өмнө дэд хурандаа цолтойгоор тэтгэвэртээ суужээ. Тэрбээр "Төр  өөрөө хүчтэй  байгууллага. Төрийн буяныг дааж 27 жил салбартаа ажилласандаа баяртай байдаг” хэмээн бахдан ярьж байсан юм. Гэхдээ насандаа суусан гээд зүгээр суулгүй хамгаалалтын албаны даргаар ажиллаж байгаа гэнэ. 

Түүний  аав Дамба  Халх голын дайнд оролцож явсан бөгөөд Дандарбаатарын морин агтчин хийж явжээ. Мөн хороо цэрэг хордсоноос гурван цэрэг л амьд үлдсэний нэг нь түүний аав юм.

Дамба гуайн талаар :

Шүлтэн давсны хорыг давж үлдсэн азтан

Шунганан исгэрэх сумыг сөрж тэссэн баатар

Шуугин ончрох урсгалыг ярж  гарсан зоригтон

Шүлтэнд идэгдээгүй суманд дийлдээгүй урсгалд уруудаагүй”  хэмээн доктор Д.Туяагийн номд шүлэглэн бичжээ.

Д.Алтантулга цэргийн нэгдсэн сургуулиа 1993 онд  төгсөөд Өвөрхангай аймгийн 256 дугаар ангид анх хуваарилагдахдаа зэвсэгт хүчин гэдэг их айлаас насны хань Ж.Гантуяатайгаа  учрана гэдгээ төсөөлөөгүй явсан нь лавтай. Тэд өглөө ажилдаа хамт гарч, орой гэртээ хамт ирээд арав гаруй жилийг үджээ.

Д.Алтантулгатай төгссөн сургууль, ажилласан анги, байгууллагынх нь тухай товч хөөрөлдөв. Тэрбээр 1993 онд Цэргийн нэгдсэн сургуулийн холбооны инженерийн ангийг офицер цолтой дүүргэн тэр жилээ Өвөрхангай аймгийн 256 дугаар ангид томилогджээ. Түүнийг томилогдоод удаагүй байхад нь түүнд Зэвсэгт хүчний 150 дугаар анги байгуулахад гар бие  оролцох  түүхэн үүрэг ирсэн байна.

БИД ДОТООДДОО ЖИЖГЭВТЭР ЦЭРГИЙН ЭЛЕКТРОНИК ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ ЁСТОЙ

-Та цэргийн нэгдсэн сургуулийн бүтээгдэхүүн. Тэр үеэ эргэн нэг дурсвал ?

-Би 1989 оны долдугаар сарын 25-ны өдөр цэргийн сургуульд орж байлаа. Тухайн үед Цэргийн нэгдсэн сургуульд орохдоо дээд сургуульд орчихлоо гэж бодоод костюм пиджак цагаан цамц өмссөн байсан чинь бүх хувцсыг маань тайлаад үс хусаад цэрэг хувцас өмсгөөд шууд казармд оруулчихсан. Казармд дөрвөн жил байх хугацаандаа захны даавуугаа хадахаас эхлээд бүх зүйлээ сурсан. Ээлжид гарахдаа хоёр сонсогч ротоо манаж хонодог.

2-4-р дамжааны ах нарынхаа гутлыг тосолж, өмдийг индүүдэж захны даавууг нь хаддаг байлаа. 100-аад хүний хувцсыг хоёр хүн шөнөжингөө  янзлаад  дуусахад яг  л өглөөний нартай золгодог байсан. 

Сургуулиа  төгсөөд Өвөрхангай аймгийн  256 дугаар ангид хуваарилагдсан. Салаан даргаас анх гараагаа  эхлэн  шинэ цэрэг хүлээж авч байлаа.  Саяхан юм шиг л санагдаж байна. Гэтэл аль хэдийн хорь гаруй жил өнгөрчээ.

-Ингэхэд та эхнэртэйгээ хэрхэн танилцаж байсан юм бэ?

-Манай хүн Өвөрхангай аймгийнх. Би Өвөрхангай аймгийн  256 дугаар ангид хуваарилагдсан гэж дээр ярьсан даа. Тухайн үед залуу офицеруудын цагаа өнгөрөөдөг газар нь спорт заал эсвэл бүжгийн заал хоёр байлаа. Өөр цагаа өнгөрөөх газар байсангүй. Цэргийн ангид ганц үндэсний суваг гарна. Зурагтын антен нь заримдаа эвдрээд зурагт гарахгүй үе их тохиолдоно /инээв/. Тэгээд л бүжгийн заал руу явна шүү дээ. Би эхнэртэйгээ бүжгэн дээр танилцсан ч анх найзынхаа гэрт харсан.

Хүнд тийм зэрвэс үе төрдөг юм билээ. Би эхнэрээ анх хараад л миний ирээдүйн хань байна гэж бодогдсон шүү.

Эмэгтэй хүмүүсийг эрэгтэй хүмүүсээс илүү тэвчээртэй гэлцдэг бол зарим хүмүүс санал нийлдэггүй шүү дээ. Таны хувьд эмэгтэй цэргүүдтэй ажиллаж байсан хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Би  өөрт тохиолдсон  нэгэн явдлаасаа ярья. Элитийн батальон  анх байгуулагдахад салаан даргаар очсон юм. Манай салаанд дөнгөж ахлагчийн сургууль төгсөөд орж ирсэн 18 настай хоёр охин орж ирлээ. Тэр хоёр наалинхай гэж жигтэйхэн. Би өмнө нь дандаа эрчүүдтэй ажилладаг байсан болохоор охидтой  ажиллах гэсэн чинь ерөөсөө болж өгдөггүй. Хээрийн сургуулилт хийхээр болоод  Хустайн нурууг тойроод явганаар 72 цаг явахаар боллоо. Гуравдугаар сар гэхэд цастай байсан юм даг. Тус тусад нь хоёр буу үүрүүлээд хоёр охиноо аваад явлаа.  Арваад км яваад тэр хоёр уйлаад, явахаа болилоо.

Эрчүүд бууг нь авч үүрэх гээд байхаар нь болиулаад “Өөрсдийнх нь хүлээсэн үүрэг. Хэзээ ч битгий ав. Хэрэв бид нар дайны нөхцөлд байсан бол яах юм” гээд авхуулаагүй юм.  Сүүлдээ  хоёр охин маань хоцрох нь багасаад  зай нь ойртсоор овоо зэрэгцээд сүрхий явж байна шүү.  40-50 км-ээр уул хадаар яваад хээр хөлдүү  талх цастай хольж идээд, модон дотор хоёр цаг дуг хийгээд яваад л байлаа. Маргааш орой нь бараг 80 км явганаар явахад  урд ороод гүйцэгдэхээ больсон. Тэр үед л  би эмэгтэйчүүдийг  үнэхээр биширсэн. Эмэгтэй хүн төрөлхийн байгалиасаа тэвчээртэй шазруун зантай юм байна гэдгийг ойлгож авсан даа. Анхнаасаа үүрүүлсэн бууг нь авсан бол улам л хойшоогоо эрхлээд суух байсан байх гэж бодогддог юм. Эмэгтэй хүнд  зориулсан сум гэж байдаггүйтэй адил цэрэгт эмэгтэй хүн гээд харж үзэхгүй гэсэн зарчим үйлчилдэг.

-Тэгвэл зэвсэгт хүчний хөгжлийг хэрхэн дүгнэдэг вэ?

Зэвсэгт хүчний офицер ахлагч нар өнөөдөр  гадаадад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож олон орны их  дээд сургуулиудад суралцаж амжилттай төгсч  ирж байна. Ер нь батлан хамгаалах чиглэлээр явсан офицерууд ахлагч нараас сургуульдаа амжилтгүй сурлаа гээд чихнээс  хонх  уясан тохиолдол нэгээхэн ч үгүй. Үүнд би итгэлтэй байдаг. Зэвсэгт хүчний хөгжил гэхээр  мэдээж зэвсэг техникийн тухай яригдана.

Зэвсэгт техник хүмүүс хоцрогдсон гэж ярьдаг. Би  харин үүний эсрэг байдаг. Зэвсэг хуучирна гэж байдаггүй. Байлдъя гэвэл нум сумаар ч байлдана. Харин технологийн хувьд бол Монгол Улсын радио электроник үнэхээр хоцрогдсон. 

Манайх ихэвчлэн  гадаадын тусламжаар  зэвсэг техник авдаг. Хүн шинэ юмаа айлд өгөхгүй шүү дээ. Цэргийн технологи нь хөгжсөн улсууд болох Орос, Хятад , Америкийн  хөгжлийг бид яаж гүйцэх вэ гэхээр магадгүй дотооддоо жижгэвтэр  хэмжээний цэргийн электроник  үйлдвэртэй болох ёстой. Нэгэн жишээ дурдахад Ирак улс Францаас  агаарын довтолгооноос илрүүлэх, устгах хамгаалах  зэвсгээ  ихэнхийг нь авдаг байсан.  Удалгүй Франц, Америктай холбоотон улс болсон. Ирак, Америк руу онгоц нисгэтэл  бүх төхөөрөмж нь ажиллагаагүй болсон. Тэгэхээр Франц бүх юм аа хаасан гэсэн үг биз.  Бид гаднаас техник хэрэгслээ  авахаар  хамгийн эрсдэлтэй  учраас бид өөрсдөө хийх ёстой.  Мэдээж хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардагдах байх.

1993 оноос эхлэн эмэгтэйчүүд Зэвсэгт хүчний салбар руу  ихээр орж ирэх болсон байна. Тухайн үед эмэгтэйчүүдийг  энэ салбарын хүмүүстэй ижилсүүлэх бодлогын түвшинд  цэргийн хүн болгож байжээ. 065 дугаар анги 1993 анхлан мэргэжлийн чиг баримжаатай анги болсон бөгөөд 1993 оноос хойш цэрэггүй болжээ. Өөрөөр хэлбэл, офицер ахлагчийн бүрэлдэхүүнтэй болсон байна. Д.Алтантулгын хувьд өргөдөл бичиж өгөөд эхнэрээ дөрвөн цагийн дотор л цэргийн хүн болгох тушаал нь гарч  байсан гэдэг.  Түүний эхнэр Ж.Гантуяа  Агаарын цэргийн зэвсэгт хүчний 065 дугаар ангийн ахлах ахлагчаар ажилладаг бөгөөд  энэ салбарт 21 дахь жилдээ ажиллаж байна.  Тэрбээр дараа жил тэтгэвэртээ гарч, залуустаа халаагаа өгнө хэмээн ярьж байв.  Ингээд түүнтэй цөөн хором ярилцлаа.

МӨРДЭС ЗҮҮЖ, ТЭРГҮҮНДЭЭ СОЁМБО ЗАЛСАН НЬ  МАНАЙ ГЭР БҮЛИЙН ЭНЭ НАСНЫ БАХАРХАЛ 

-Анх цэргийн хүн болох сонголтыг хэрхэн хийж байсан бэ ?

-Тухайн үед офицеруудын гэр бүл цэргийн хүмүүсээр бүрдэж байсан үе л дээ. Манай хүн надад “Намайг дагах юм бол нэг мөсөн цэргийн хүн бол” гэж хэлж байсан юм. Би Өвөрхангайн хөнгөн атлетикийн шигшээд байсан. Спортоор хичээлдэг байсан болохоор нөхрийн тавьсан санал сонирхолтой санагдсан учраас 23 насандаа цэргийн албанд орж байлаа. Цэргийн хүн болоод удаагүй байхдаа жагсаалд зогсоод загнуулаад ирэхээр нүдэнд нулимс цийлгэнээд гэртээ хоолой  зангируулаад орж ирдэг байсан. Эхлээд жаахан халширсан./инээв/

-Мэдээж цэргийн гэр бүлийн онцлог их биз?

-Бахархмаар. Энгийн хүний нүдээр харах нэг өөр. Тогоон дотор нь ороод чанагдах нэг өөр. Би чинь энгийн байж байгаад цэргийн хүн  болсон.

Би цэргийн хүн болоогүй бол нөхрөө ойлгохгүй л байсан байх. Манай хүн цэргийн хүн болоогүй бол  намайг ойлгохгүй байсан болов уу гэж боддог юм. Хамт ажилладаг байсан болохоор нэгнийхээ жаргал зовлонг ойлгоно.

Хүүхдүүд маань  ч цэргийн хүн болчихлоо. Бага хүү А.Буманжаргалаа өөр мэргэжилтэй болгохыг хүсдэгч хүү маань цагдаа болно гээд байгаа. Мөрдэс зүүж, тэргүүндээ соёмбо залсан нь  манай гэр бүлийн энэ насны бахархал юм даа.

Таны  хувьд мартагддаггүй сайхан дурсамжаасаа хуваалцаач?

– Анх холбооны хадгалах тасгийн нярав гээд тушаал гараад  би нөхрийнхөө цэрэг болоод очив оо. Заавал даргадаа орж илтгэх ёстой. Тухайн үед манай хүн ахмад байсан юм.

 Нөхөртөө орж илтгэнэ гэж бодохоор инээд хүрээд болдоггүй. Цэргийн дүрмээ сайн мэдэхгүй болохоор хүнээр заалгаж байгаад хэрэндээ бэлдээд орлоо. “Орох уу “гэсэн чинь  “Ор, ор” гэж  байна. Эрхэм ахмадад гэж хэлээд цааш юм хэлж чадахгүй тачигнатал инээгээд “Дахиад илтгэж сурчхаад ороод ир” гээд нөхөртөө  хөөгдөж гарч байсан./инээв/

Коридорт бэлтгэж байгаад  инээдээ барьж ядан ороод  илтгэсэн чинь. Манай хүн “Чи дарга нарт илтгэхээрээ  над дээр орж ирсэн шигээ балайраад байв” гэж билээ. Манай хүн чинь их зарчимч. Ажил бол ажил. Ажил, хувийн амьдралаа хольж хутгахгүй.

Д.Алтантулга хэлэхдээ “Би л байвал энэ ажил  бүтнэ. Би явчихвал  та нар нурна гэдэг айхтар бодол залуусын дунд байна. Хувь хүн  хамт олноор дутдаг болохоос биш хамт олон хувь хүнээр хэзээ ч дутдаггүй. Бат явахад оронд нь ирсэн Дорж яаж ийж байгаад Батын хийж байсан ажлыг хийнэ. Яахав эхний хэдэн сар будилна л биз. 3-4 сараасаа жигдрээд хэвшээд тэр хүнээсээ ч мундаг болохыг үгүйсгэхгүй. Энэ хандлага аль ч салбарт байдаг” хэмээв. Тэрбээр залуусыг энэ буруу хандлагаа засахыг биднээр дамжуулан уншигчдад дайлаа. Гэр бүлээрээ Зэвсэгт хүчинд хүчин зүтгэж яваа олон гэр бүлийн төлөөлөл болгож Д.Алтантулгынд  зочлоход ийм буюу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
9
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж