Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богджавзандамба хутагтын шарил өнөөг хэр хаана байгаа нь тодорхойгүй гэж Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Хамба лам Д.Чойжамц гуай ярилаа. Түүний хэлснээр Богд Жавзандамба хутагтын шарилыг Гандантэгчинлэн хийдийн хуучин дуганы баруун талд буюу одоогоор номын сан байгаа газарт залсан байжээ. 1938 онд Гандан хийдийн номын сан болсон сүм хийдийг хааж, Оросын цэргийн хороо байрлахад хийдийг “цэвэрлэж” бурхан шүтээнийг гаргаж хаяхад хутагтын шарил ч хогонд оржээ. Энэ тухай Маршал Х.Чойбалсан мэдээд тусгай хүмүүст үүрэг өгч, нууцаар хөдөөлүүлсэн байна.
Ингэхдээ Жанрайсаг дуганы өмнө байсан хоёр тэгш чулууны нэгийг шарилын дээр тавихдаа чулуу босгосон аж. Тусгай албаны ажилчид ард олны сүсэг бишрэл, учирч болзошгүй эрсдэлийг тооцон, шарилын чулуун дээр нь Богд Хааны биш Орос хүний нэрийг өгсөн байдаг. Энэ тухай Хамба лам Д.Чойжамц “Сүүлд 1970 оны үед өвгөчүүл надад итгэж Богджавзандамба хутагтын тухай ам нээж байсан юм. Тэд цагаан сарын дараа газарт нь очиж мөргөөд ирдэг, ариун лагшин биеийг нь олноос нууцлахдаа орос хүний нэрээр Галя билүү Катя энэ хоёр нэрийн аль нэгээр нь нэрлэсэн юм билээ. Энэ тухай би бага залуу байхдаа нэг их тоогоогүй юм. Шарил хаана байгааг Сэрээтэр гуай л мэднэ. Богд хааныг хөдөөлүүлсэн газрыг тэр үеийн бурхан шашны олон хүн мэддэг байсан ч одоо бүгд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Одоо би ч Богдын шарил хаана байгааг мэдэхгүй” хэмээхдээ сэтгүүлчийн “Богд хааны шарил далан давхарт байгаа юу?” гэсэн асуултад итгэлтэйгээр “Үгүй” гэх хариултыг өгсөн билээ. Үүнийг зарим хүмүүс хутагтын шарилыг хаана байгааг зааж олон нийтэд ил болгох хэрэгтэй гэж үзэж буй бол нөгөө хэсэг нь нууц хэвээр үлдээхийг илүүд үзэж байна.
Ардчилал гарснаас хойш хутагтын шарилыг хүмүүс сонирхож, хайж эхэлжээ. Олны дунд нэг хэсэг Нарангийн энгэрт оршуулахдаа, ялзрахаас сэргийлж 1.2 метр чулууг хөшөө босгосон гэх таамаг хүчтэй дэгдсэн ч тэгсхийгээд намдсан бол Богд хааныг хөдөөлүүлсний дараа шавь нар нь нууцаар зөөж, Шар дөрвөлж дээр хайлуулсан ч гэдэг. Өөр нэгэн хувилбар нь сайн цагийг хүргэхээр олны мэдэх “25 дугаар эмийн сан”-гийн гудамжаар уруудаад Шадар ван Чингүнжавын хөшөө босгосон газар ч байж магадгүй гэнэ. Гэвч өнөөдрийг хүртэл чандлан нууцлагдсан хэвээр байна.
Шашин төрийг хослуулан баригч VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу 1869 оны аравдугаар сарын 13-нд Түвд, Лхасын ойролцоо мэндэлсэн гэж түүхэн эх сурвалжид тэмдэглэжээ. Таван настайд нь Монгол Улсын наймдугаар Богд Жавзандамбын дүрээр тодруулан залж, 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын хаан, шашин, төрийг хослон баригч түмэн наст Богд хаанаар өргөмжилсөн билээ. Хутагт бага залуудаа ихээхэн сахилгагүй, эрх дураараа өссөн гэдэг. Харин 20 насандаа ухаан сууж, эрдэм ном, улс төрд анхаарах болжээ. Манжаас тусгаарлан салах хэмээсэн Халхын ноёдын санаачилгыг эхнээс нь дэмжиж, Хаант Орос улсад элч зарж байсан ба Үндэсний тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж чадсан хийгээд түүний байгуулсан гавьяаг үнэлж баршгүй юм. Албан мэдээнд VIII Богд Жавзандамба хутагт 1924 оны тавдугаар сарын 20-нд таалал төгссөн. Онош нь Жанжин Сүхбаатартай ижил “хатгалгаагаар нас баржээ”. Хутагтын шарил, үхлийн шалтгаантай нь адил цаашид ч оньсого хэвээр үлдэж магадгүй гэнэ.
Холбоотой мэдээ