Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2019 онд даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33.9 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Улсын хэмжээнд хөнгөлөлттэй эмийг 1017 эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар олгож байна.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 24 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж энэ оны нэгдүгээр сарын 15-аас мөрдөж буй юм.
Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран ажиллахдаа иргэдийн хамгийн их авдаг 50 гаруй эмийн үнийг 400-6500 төгрөг хүртэл хямдруулжээ.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагч иргэдийн хамгийн их худалдан авч буй эмийг эрүүл мэндийн даатгалын цахим жорын системд үндэслэн судалгаа хийснээр өмнөх жагсаалтад өөрчлөлт оруулжээ.
Судалгаагаар эмийн үнийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын 56.7 хувийг 50 буюу түүнээс дээш насныхан эзэлж, зонхилон тохиолдох өвчлөл болох зүрх судас, хоол боловсруулах замын, чихрийн шижин, тархи толгойн болон элэг цөсний эмийг хамгийн их хэрэглэж байна гэх дүгнэлтэд хүрчээ. Үүнтэй холбогдуулан 60 гаруй нэрийн эмийн хөнгөлөлтийн хувийг нэмснээр 50 орчим эмийн үнийн дээд хязгаарыг бууруулсан байна.
Шинэчилсэн жагсаалтаар эмийн бүртгэлтэй холбоотой шалтгаанаар өмнөх жагсаалтаас хасагдсан өргөн хэрэглээний жортой нөхцөлөөр олгогддог 17 нэрийн эмийг нэмж, цаашид зах зээлд нийлүүлэгдэхгүй буюу олгох нөхцөл нь өөрчлөгдсөн 29 эмийг жагсаалтаас хасчээ. Мөн 170 ерөнхий нэршлийн 812 худалдааны нэрийн эмийг хөнгөлөлттэй олгохоор баталж насанд хүрэгчдийн 170 ерөнхий нэршлийн 630 гаруй худалдааны нэрийн эмд 20-80% хүртэл, хүүхдийн зайлшгүй шаардлагатай 59 ерөнхий нэршлийн 170 гаруй эмд дунджаар 50-80% үнийн хөнгөлөлтийг үзүүлэхээр болсон юм.