АНУ-ын попын гүнж гэгддэг дуучин Мариа Кэри/Mariah Carey ирэх долоо хоногийн Пүрэв гаригт /2019.02.07/ Саудын Арабын Жедда хотод зохион байгуулагдах олон улсын гольфийн тэмцээний үеэр дуулахаар болсон билээ. Гэвч түүнийг тоглолтоо цуцлахыг хүний эрхийн идэвхтнүүд болон исламын шашны хэт туйлшрагчид шаардаж байгаа юм.
Барууны орны поп одыг арабын улсад авчран дуулуулах нь исламын шашны үзэл баримтлалд харшилна хэмээн зарим хүмүүс үзэж байгаа аж. Түүнчлэн “Исламын улс” бүлэглэлийн медиа бүлгэм болох “Ал-Абд Ал-Факир” нь түүний тоглолтын үеэр бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн байна.
Саудын Арабд болох урлагийн тоглолтод Мариа Кэригээс гадна DJ Tiesto, дуучин Балкес Фати, реппер Шон Паул зэрэг хүмүүс оролцох юм.
Харин хүний эрхийн идэвхтнүүд Саудын Арабд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуугарсан хүн бүрийг хатуу шийтгэдэг болохыг анхааруулж, тоглолтоо цуцлахыг шаарджээ. Саудын Арабын ханхүү Мухаммед бин Салман энтертайнмент салбар дахь исламын шашны хатуу дэг журмыг зөөлрүүлэхээ амласан. Үүний нэг илрэл нь АНУ-ын эмэгтэй дуучин тус улсад урилгаар ирж, дуулах болсон явдал болж байна. Гэхдээ ханхүүг наанаа ийм шийдвэр гаргаж байгаа ч цаанаа эх оронд нь байгаа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг хавчин мөрдөж, тамлан зовоодог хэвээр байгааг хүний эрхийн идэвхтнүүд олон улсад харуулахыг зорьж байгаа аж.
Тухайлбал, хунтайж Мухаммед бин Салман эмэгтэйчүүдэд жолоо барих эрх олгосон ч уг эрхийн төлөө тэмцсэн олон эмэгтэйчүүдийг шоронд хорьсон, мөн эрэгтэй асран хамгаалагчгүйгээр эмэгтэй хүнийг хаашаа ч явах эрхгүй байх хуулийн тогтолцоог хэвээр үлдээсэн юм. Мөн хэдэн сарын өмнө амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн хэрэг, шашны хатуу дэг жаягаас болж Канад руу дүрвэсэн 18 настай охины хэрэг зэрэг сүүлийн үед Саудын Арабтай холбоотой хүний эрхийн ноцтой хэргүүд ихээр сонсогдох болсон билээ.
Эх сурвалж: АВС
Холбоотой мэдээ