Нэрт найруулагчийн үргэлжлэл Б.Энхжин

Хуучирсан мэдээ: 2019.02.01-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Нэрт найруулагчийн үргэлжлэл Б.Энхжин

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор Монголын театр урлагийн нэрт найруулагч Б.Баатар агсны хүү Б.Энхжинг урилаа.


Аавынхаа харцыг дууриасан гэж ярих Б.Энхжин ирээдүйд Монголын театрт найруулагчаар ажиллах мөрөөдөлтэй нэгэн. Тэрбээр “Аав маань намайг найруулагч мэргэжлээр суралцана гэхэд нүдэндээ нулимстай босч ирээд тэвэрч үнсээд “Хүүдээ баяр хүргэе. Надад дургүйцэх зүйл алга. Миний хүү өөрөө мэдээд яваад ир. Миний хүү цав цагаан цаасаараа яваад, Солонгос багш нарт “ноороглуулчихаад” ир. Хүүгээ ирэхээр нь би тэр нооргийг сайхан засаад өгчихнө” гэж хэлж байсан сан” хэмээн гунигтайхан өгүүлнэ. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

БААТАР ЭНХЖИН: 1992.04.04

Төгссөн сургууль:
Монгол Германы хамтарсан 38 дугаар дунд сургууль /1999-2008 он/

Монгол Улсын их сургуулийн Герман хэл соёл судлалын анги /2008-2013/

БНСУ-ын Мёонжи их сургуулийн медиа урлагийн анги /2015-2017/

Соёл урлагийн их сургуулийн Радио, телевиз, медиа урлагийн дээд сургууль /2017-2019/

Мэргэжил:
Герман хэлний орчуулагч

Найруулагч

Одоо эрхэлж буй ажил:
Хувиараа студид ажилладаг

Сошиал хуудас: 
Энхжин Баатар /фэйсбүүк/

БИДЭНД ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛААЧ?

-Намайг Б.Энхжин гэдэг. Одоо 27 настай. Эхнэр хоёр охины хамт амьдардаг. Эхнэр маань банкны салбарт ажилладаг. Одоогоор хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Эцэг эхээс хоёулаа. Эгч маань АНУ-д ажиллаж, амьдардаг.

НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙГ СОНГОХОД ААВ ТАНЬ ИХЭЭР НӨЛӨӨЛСӨН БИЗ. ЯАГААД НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖЛИЙГ СОНГОХ БОЛОВ?

-Хүүхэд байхын хүүхэлдэйн кино, уран сайхны кино их үздэг байсан. Тэгэхдээ киноны хамгийн эхэнд юм уу төгсгөлд найруулагчийн нэр нь гарч ирэхэд нь “Энэ ямар учиртай хүн юм бол” гэж их гайхдаг байлаа. Тухайн үед аавыгаа ч найруулагч хүн гэдгийг мэддэггүй байсан. Яваандаа найруулагч хүний нэрийг ингэж бичдэг юм байна гэдгийг мэдсэн. Манай эгч багадаа дуучин болох мөрөөдөлтэй байсан. Харин аав маань бидэнд “Урлаг хатуу салбар учраас дуучин болоод дэмий” гэж хэлдэг байсан юм. Тэгээд эгч аавын үгэнд ороод Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн. Миний хувьд Монгол Улсын их сургуулийн герман хэл соёл судлалын ангийг сонгож, төгссөн. Гэхдээ би Герман улс руу явж, найруулагчийн мэргэжлээр суралцах зорилгоор сурсан. Гэвч Герман явж чадалгүй БНСУ-руу найруулагчийн мэргэжлээр магистрт суралцахаар аавд хэлэлгүй ээжтэйгээ хөөцөлдсөн.

ГЭХДЭЭ НАЙРУУЛАГЧ БОЛОХ ТУХАЙГАА СҮҮЛД ААВДАА ХЭЛСЭН ГЭВ ҮҮ?

-Би бараг аавд БНСУ-руу хэлэхгүй явчихъя гэж бодож байсан. Тэгээд намайг яг явахын өмнөх өдөр ээж маань “Хүү чинь чиний мэргэжлийг өвлөж суралцахаар боллоо. Одоо чи дургүй гэсэн ч хамаагүй. Хүү шийдвэрээ гаргачихсан” гэсэн. Тэгсэн аав маань нэг хэсэг шоконд орсон л доо. Тэгээд нүдэндээ нулимстай босч ирээд намайг тэвэрч үнсээд “Хүүдээ баяр хүргэе. Надад дургүйцэх зүйл алга. Миний хүү өөрөө мэдээд яваад ир. Миний хүү цав цагаан цаасаараа яваад, Солонгос багш нарт “ноороглуулчихаад” ир. Хүүгээ ирэхээр нь би тэр нооргийг сайхан засаад өгчихнө” гэж хэлсэн.

Би эхний жил хэлний бэлтгэл сурсан. Тэгээд БНСУ-ын Сөүл хотын Урлагийн их сургуульд суралцахаар очиход найруулагч мэргэжлээр бус медиа чиглэлийн мэргэжлээр сурах болсон учраас эх орондоо буцаад ирсэн юм. Би одоо Соёл урлагийн их сургуулийн кино найруулагчийн ангид магистраар суралцаж байгаа. Эх орондоо сурсан бас нэг шалтгаан нь гэвэл салбартаа өөрийн багийг бүрдүүлэх юм. Би найруулагч мэргэжлээр төгсөхөд нөгөө ангиас маань жүжигчин, зураглаачид давхар төгсөнө шүү дээ.

ААВААСАА ИХ ЭМЭЭДЭГ ХҮҮХЭД БАЙЖ ДЭЭ?

-Хүмүүс аавыг маань найруулагч хүн гэхээр их ааштай гэж боддог. Аав минь ажил дээрээ уран бүтээлчдийг загнаж, аашилж, өөрийн үзэл бодлоо хаана ч шууд хэлчихдэг “сөрж” явсан хүн шүү дээ. Заримдаа найзуудтайгаа цагийг өнгөрүүлээд оройтоод гэртээ орохдоо ааваасаа их эмээнэ. Гэтэл аав минь өмнөөс хоол бариад л зогсож байдагсан. Гэр бүлийнхэндээ их зөөлөн хүн. Хүүхдүүддээ ширүүн үг хэлж, загнахгүйгээр “Хамгийн гол нь өөрийгөө л битгий хуураарай” гэж захидаг байсан даа.

НЭРТ НАЙРУУЛАГЧ МААНЬ ГЭР БҮЛДЭЭ ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН ТЕАТРЫН УРЛАГТ ТОМ ОРОН ЗАЙГ ҮЛДЭЭЛЭЭ. ТА БҮХЭНД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ?

-Харамсалтай нь би ааваасаа найруулагч хүнийх нь хувьд суралцаж амжсангүй. Гэхдээ аав минь надад “Аливаа мэргэжлийг эзэмшихийн өмнө хүн бол. Хүнтэй нөхөрлөж, итгэж, үг дааж сур. Шударга бай” гэдгийг зааж өгсөн. Аав маань чихрийн шижин өвчнөөр шаналж байсан. Сүүлийн нэг жил бие нь эрс муудаад эмнэлгээр их явсан. Агуу хүн чинь өөрийгөө мэдэрдэг юм байна. Аав маань надад нууцхан захиас захисан. Гэхдээ тэр үг нь аав, хүү хоёрын нууц хэвээр үлдэг.

Манай аав аль 10 жилийн өмнө шавь нартаа “Би хийдгээ хийсэн хүн. Одоо та нар юм хий” гэдгээ хэлж байсан юм билээ. Аав минь “Стандартыг эвдлэхийг хүсвэл өөрсдөө стандарт болчих” гэдэг байсан. Сүүлд аав маань “Адууны түүх” жүжгээ гүйцэт хийгээгүй. Яг эхлүүлээд бие нь муудаад эмнэлэгт хэвтсэн. Драмын театрын бүжиг дэглээч Г.Ган-Очир, Ардын жүжигчин Н.Сувд гуай болон туслах найруулагч нар нийлээд “Адууны түүх” жүжгийг үргэлжлүүлсэн. Шүүмжлэгчид энэ жүжгийг найруулагч Б.Баатарын жүжиг биш байна гэдгийг ч хэлж байсан. Хэдийгээр хайрт аав минь миний бүтээл хийхийг харсан бол гэж харамсаж байгаа ч Монголын театрын урлагт хийдгээ хийсэн хүн.

“Б.БААТАР НАЙРУУЛАГЧ” САНГ ҮҮСГЭН БАЙГУУЛСАН. САНГИЙНХАА ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЯРИАЧ?

-Аавынхаа нэрэмжит санг шавь нартай нь хамтран үүсгэн байгуулсан. Аавын маань шавь найруулагч Д.Гансүх ах ярихдаа “Би бусад шавь нарыг нь бодоход их азтай хүн. Би багштайгаа уулзмаар санагдсан үедээ түүний бичлэгийг дуртай үедээ гаргаад үзчихнэ. Багшийнхаа видео онолын хичээлийг 10-аад жилийн өмнө авч хадгалж чадсандаа баяртай байна” гэж ярьж суусан. Бид ч сангаа үүсгэн байгуулахдаа аавынхаа онолын видео хичээлүүд гол тулгуур нь болсон юм. Тиймээс мэргэжилдээ хайртай, дурласан залуу уран бүтээлчид манай сантай хамтран ажиллаасай гэж хүсч байна. Хэрвээ хүсэх юм бол бид онлайн хичээл ч явуулж болно.

КИНО НАЙРУУЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БАЙНА. ЦААШДАА ЯМАР ЖАНРЫН КИНО ХИЙЖ, ӨӨРИЙГӨӨ СОРИХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА ВЭ?

-Манай кино урлаг нэг үеэ бодвол хөгжиж байна. Одоо уран бүтээлчид аймшгийн, түүхэн, инээдмийн гээд олон жанрын кино хийж байна. Миний найзууд бүгд урлагийн гэр бүлд төрж өссөн залуус байдаг. Бид хамтран уран бүтээл хийх зорилготой. Мэдээж бид урлагаа хийгээд давхар орлогоо хиймээр байдаг. Эсвэл хэт орлого хөөгөөд урлагаа хаяж болохгүй, урлагаа гээд орлогогүй суугаад байж бас болохгүй шүү дээ. Бид кино руу орох арай болоогүй байна. Эхлээд дууны клипийг шинээр сэргээмээр байна. Жишээбэл, Солонгос хамтлаг дуучдын клип ямар түвшинд хийж байна. Холливудын дуучдын клипийг яриад ч хэрэггүй. Майкл Жэксоны  хуучны дууны клип гэхэд бараг бүтэн кино шиг 10 гаруй минут үргэлжилдэг шүү дээ. Тийм клип хийхийг хүсдэг. Киноны хувьд илүү арт жанрын кино хийхийг хүсдэг. Бас Монголд мюзекль хийж үзмээр байна. Хуучин телевизээр гардаг байсан “Цэнхэр дэлгэц”-ийг сэргээж хиймээр байна. Ер нь чанартай видео контент хийх хүсэлтэй байна.

Б.Баатар найруулагчийн хөшөө Театрын музейд байршина

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Би спортоос хол хүн л дээ. Ихэвчлэн чөлөөт цагаараа найзуудтайгаа яриа өрнүүлэх дуртай. Миний хувьд өдөр бүхэн минь чөлөөт цаг. Ажил, амралт маань тэр чигээрээ хобби. Бусад хүмүүс шиг спортоор хичээллэж, ууланд гарахгүй. Зүгээр л найзуудтайгаа халуун яриа өрнүүлээд кофе ууж ярилцана. Нэг л их дэлхийг өөрчлөх хүмүүс уулзаж, ярилцана.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Найзуудтайгаа хамтран аудио студио өргөжүүлээд дэргэдээ видео, бүжгийн студитэй энтертайнмент байгуулахыг зорьж байна. Хамгийн түрүүнд дуучин Б.Чойжоогийн клип хийгээд,  цомгийг нь гаргаад, тоглолт хийх зэргээр бүтэн продюсероор ажиллана гэсэн үг. Манайд нэг дууны ая зохиогоод л продюсер гэж ярьдаг. Гэтэл продюсер нь дуучдыг өмсөх хувцаснаас эхлээд бүх зүйлээр нь гаргаж ирэх цогц энтертайнментийг хиймээр байна. Мэдээж энэ чиглэлд ажиллахад мөнгө санхүүгийн асуудал чухал. Гэхдээ хүсэл мөрөөдөл байхад зорилго ойрхон шүү дээ.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Дэлхийд гарна гэж хэлэхгүй. Би 40 нас хүрээд Улсын драмын эрдмийн театрт найруулагчаар ажиллах мөрөөдөлтэй. Хамгийн гол нь одооноос ажлаа сайн хийе. Ойр дотныхон маань надад “Аавынхаа зогссон цэгийг цаашаа үргэлжлүүлж, өндөр босгыг даваарай” гэж захиж байгаа. Аав минь Монголын театрын урлагт маш өндөр босгыг тогтоосон хүн шүү дээ. Тиймээс хүүгийнх нь хувьд тэр өндөр босгыг өндийх үү гэдэг маш том зорилго, мөрөөдөл болоод байна.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Залуус маань хуурамч дүр эсгэлгүй, ямагт өөрийнхөөрөө байгаарай. Уран бүтээлч болох гэж буй залуус маань амьдралд битгий шантраарай гэж хэлмээр санагддаг юм. Зарим залуус ар гэрээ бодоод гадаад орон руу юм уу, өөр салбар руу явчихдаг. Энэ нь үнэхээр харамсалтай. Ажил, хоббигоо нэг болгож чадвал ямар ч ажлыг зовлонгүй, түүртэхгүй хийж амжилтад хүрнэ. Тиймээс мэргэжлээ сонгохдоо өөрийн сонирхсон замаа л сонгох хэрэгтэйг хэлье.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж