Орон нутагт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 30 орчим хувиар нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Орон нутагт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 30 орчим хувиар нэмэгдүүлнэ

Орон нутагт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 30 орчим хувиар нэмэгдүүлнэ

Сар шинийн баяртай холбоотойгоор хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн ачаалал, түүнийг хэрхэн зохицуулж, зохион байгуулж байгаа талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламаас тодрууллаа.


-Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийн замд зорчигч тээврийн ачаалал ямар байх бол. Танай байгууллагаас ямар зохицуулалт хийх вэ?

-Монгол түмний уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулаад орон нутгийн чиглэлд, хот хоорондын чиглэлийн зорчигч урсгал багагүй нэмэгддэг. Сар шинийн өдрүүдээр буюу шинийн 1-3-ны өдрүүдэд хотоос орон нутаг руу, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчигч урсгал нэмэгддэг. Автотээврийн үндэсний төвөөс өдөр тутамд нийтдээ 75 чиглэлд 1000 орчим тээврийн хэрэгслийг хот хооронд үйлчилгээнд гарган зохион байгуулж байгаа. Бидний урьдчилсан төлөвлөлтөөр СХД-ийн Зорчигч тээврийн төв буюу Драгон автовокзалаас 44 чиглэлийн 600 гаруй тээврийн хэрэгсэл ажиллуулахаар төлөвлөлтийг хийгээд байна. Мөн БЗД-ийн Зорчигч тээврийн төв буюу Тэнгэр плазад байрлах автобуудлаас нийтдээ 27 чиглэлийн 430 орчим тээврийн хэрэгсэл, саяхан ХУД-т шинээр нээгдсэн Лавай автобуудлаас 8 чиглэлийн 76 тээврийн хэрэгсэл, нийтдээ сар шинийн баярын өдрүүдэд нэмэгдсэн тоогоор 30 орчим хувиар автобусны тоог нэмэгдүүлээд 1200 орчим тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчлэхээр бэлтгэлээ хангаад байна.

-Баяр ёслолын үеэр зам, тээврийн осол нэмэгддэг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын зам дээр зам тээврийн осол, зөрчил нэмэгдэх хандлага байдаг. Энэ нь хувийн тээврийн хэрэгслээр тогтмол тээвэрлэлт хийдэг иргэд буюу хууль бус тээвэрлэлтээр ямар нэг бүртгэлгүй, техникийн шаардлага хангаагүй, мэргэшсэн жолоочгүйгээр тээвэрлэлт хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг эрсдэл үүсэх нөхцөл болж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, замын нөхцөл, гадаргууд тохируулж тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс зам тээврийн осол гарах магадлал цөөнгүй байдаг. Ийм учраас иргэд аль болох АТҮТ-тэй гэрээтэй ажиллаж байгаа, стандартын шаардлага хангасан нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж байна.

-Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах чигэлээр танайхаас хяналт шалгалтыг хэрхэн хийж байна?

-Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тээвэрлэлтэд явж буй том оврын автобуснуудын техникийн бэлэн байдлыг нь хангах тал дээр ажиллуулахад ЗГ-ын тогтоолын дагуу зургаан сар тутамд нэг удаа техникийн хяналтын үзлэгт оруулж байна. Бусад тээврийн хэрэгслүүд жилдээ нэг удаа ороод явдаг. Эндээс харахад том оврын автобус, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслүүд бол техникийн хувьд бэлэн байдлаа бүрэн хангаж ажилладаг гэж ойлгож болно.

Эх сурвалж: АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж