Монгол, Францын гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Монгол, Францын гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Францын гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Парис хотноо зохион байгуулагдав.  Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, францын талаас тус улсын Европ, гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын Ерөнхий захирал Тиери Матү нар даргалж, Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлин нарын албаны хүмүүс оролцов.

Энэхүү уулзалтаар хоёр орны салбар бүрийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн бөгөөд ялангуяа хоёр орны дипломат харилцааны түвшинг ахиулах, уул уурхай, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энэ салбар дахь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хоёр талын төр, засаг харилцан анхаарч ажиллах нь чухал болохыг онцлон тэмдэглэв. Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг Францад туршлага судлуулах айлчлалыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтов.

Зөвлөлдөх уулзалтаар талуудын хөндсөн нэг чухал сэдэв нь Улаанбаатар хотын утаатай тэмцэх болон замын түгжрэлийг бууруулахад Франц Улсаас техникийн болон санхүүгийн дэмжлэг авах асуудал байв. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр олон улсын хэмжээнд  идэвхтэй ажиллаж буй Франц Улсын хувьд нийслэл хот дахь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлд ч францын талаас тодорхой төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөөд буйг мэдээлэв. Хоёр орны Элчин сайд нар эдгээр саналуудыг ажил хэрэг болгон ажиллахаар тохиров.

Мөн аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монголд ирэх франц жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсыг Францад сурталчлах, үүнтэй холбоотойгоор тээврийн харилцааг сайжруулах хүрээнд хоёр тал хамтран ажиллахаар тогтов.

Талууд Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаас гадна олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж