Монгол түмний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх уулзалтыг өнөөдөр буюу 2019 оны 1-р сарын 31-ны өдөр зохион байгууллаа.
Энэ үеэр ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “ 2018 он манай байгууллагын хувьд нилээн ажил буцалсан жил байлаа. Өнгөрсөн жил улсын хэмжээнд нийт 1800 ажлыг хийсэн байна. Томоохон ажлуудаасаа дурьдахад “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” туршилтын хөтөлбөрийг эхлүүлээд нийт 40 мянган өрхөд судалгаа хийж, эмхэтгэлээ нийтлүүллээ, олон жил тасраад байсан “Хүүхдийн оролцооны чуулган”-ыг зохион байгуулсан, “Хүүхдийн хүндэтгэлийн концерт”-ыг Улсын их баяр наадмын өмнө зохион байгууллаа, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний 03 дугаар тогтоолоор “Хүүхэд хамгааллын жишиг бодлогын бичиг баримт”, “Эцэг эхийн зөвлөл байгуулах” зөвлөмжийг батлан гаргасан, “Хүүхдийн тусламжийн утас-108”, “Түр хамгаалах байр”-ыг байгууллаа хэмээн та бүхэндээ өнгөрсөн жил хэлж байсан бол өнөөдөр үйл ажиллагаа нь нилээн тогтворжоод байна. Энэ жил бид 1043 хүүхдийг түр хамгаалах байрандаа хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн. Бидэнд үргэлж урам хайрлаж, үнэтэй зөвлөгөөгөө хайрлаж, үнэ цэнэтэй бүх л зүйлийг өвлүүлэн үлдээсэн, тэр тусмаа бид бүхний баримталж ажиллах хууль эрх зүйн орчинтой болгож өгсөн та нартаа баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэв.
Жил бүр уламжлал болгон ахмад үеийнхнийгээ хүлээн авч, хамт ажиллаж байсан хамт олон, найз нөхөдтэй нь уулзуулж, хүндэтгэл үзүүлж байдагт ахмадууд талархсанаа илэрхийллээ.
Эх сурвалж: ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
Холбоотой мэдээ