Дэлхийн гар утасны зах зээлд эзлэх Хятадын “Huawei” брэндийн утасны байр суурь хурдацтай нэмэгдэж байна.
Хамгийн их борлуулалттай гар утасны брэнд нь “Samsung” бол хоёр дахь нь “Apple” аж. АНУ-ын “IDC” судалгааны байгууллагын гаргасан тайлангаас үзвэл Өмнөд Солонгосын “Samsung Electronics”-ийн бүтээгдэхүүн дэлхийн гар утасны зах зээлийн 20.8 хувийг хангасан бол “Apple” 14.9 хувь, “Huawei” 14.7 хувийг хангаснаар жагсаалтын хоёр, гуравдугаарт бичигдэж байгаа юм.
“Apple” брэндийн бараа бүтээгдэхүүний борлуулалт сүүлийн хэдэн сард эрс буурч, хувьцаа нь унаж байгаа билээ. Тиймээс “Huawei” брэнд нь гар утас үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт жагсахад тун ойртоод байна.
Худалдааны дайнаас үүдэлтэй алдагдал, компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоу нь олон улсын хоригийг зөрчсөн, мөнгө угаасан хэрэгт буруутгагдан баривчлагдаад байгааг үл хайхран “Huawei” компанийн борлуулалт тасралтгүй өссөөр байгаа юм. Түүнчлэн тус компанийг АНУ-аас технологийн хулгай хийсэн, мөн хэрэглэгчдийнхээ мэдээллийг тагнасан гэх шуугиан саяхан гараад байгаа билээ.
Хятадын гар утасны брэндүүд нь хямд үнэтэй гэдгээрээ зах зээлд өрсөлдөх чадвар сайтай байдаг билээ. Тиймээс ч тус жагсаалтын гурваас тавдугаар байрт “Huawei”, “Xiaomi”, “Oppo” зэрэг Хятадын брэндүүд жагсаж байгаа юм.
“IDC” байгууллагын мэдээлснээр 2018 онд дэлхий даяар нийт 1.4 тэрбум гар утас худалдаалагдсан нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дөрвөн хувиар буурсан үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлт нь цаашдаа ч бас тасралтгүй буурах төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ