Хан-Уул дүүргийн прокурор газраас хяналтын харьяа 12 байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулсан хамтарсан зөвөлгөөнийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Хамтын ажиллагааны жил 2019” гэсэн нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгууллаа.Хамтарсан зөвөлгөөнд дүүргийн прокурорын газрын удирдлага, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцож, 2018 онд зөрчлийн гаралт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүнгийн талаарх мэдээллүүдийг хэлэлцэж, цаашид зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүрээлэн байгаа орчны эсрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мансуурах зөрчилтэй тэмцэх ажилд хамтарч ажиллах талаар санал солилцжээ. Харьяа дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Н.Хангарьдаас тус дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ил уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаагаас хайрга, дайрга тээвэрлэлтийн явцад зөрчил ихээр гарч байгааг таслан зогсоох талаар Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран ажиллах талаар санал гаргасан бол, Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын тасгийн дарга Н.Батаас Дүүргийн прокурорын газартай 2019 оны эхний 6 сарын хугацаанд хамтарч ажиллах ажлын төлөвлөгөө батлан гаргаж, урьдчилан сэргийлэх шалгалт, танилцах ажиллагааг эхлүүлсэн талаар танилцуулжээ. Зөвлөгөөнөөс Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтсийн удирдах ажилтнуудаас хамтын ажиллагааны үр дүн, ач холбогдлын талаар санал, шүүмжлэл гаргасан зэргээр нийт оролцогчдын саналаар тус дүүргийн хэмжээнд эрх бүхий байгууллагууд хамтран ажиллах нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн зөвлөгөөнөөр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгасан дүнг танилцуулж, илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар нийт эрх бүхий албан тушаалтнуудад анхааруулж, үүрэг чиглэл өгсөн талаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээллээ. Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээлэв.