Ерөнхийлөгчийн 2017-2018 оны үйл ажиллагааны тайланг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн 2017-2018 оны үйл ажиллагааны тайланг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа

Ерөнхийлөгчийн 2017-2018 оны үйл ажиллагааны тайланг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгогдсоноосоо хойш нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааны тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

ТАНИЛЦУУЛГАД:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин тавдугаар зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2017 оны 7 дугаар сарын 10-наас 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааны талаар Улсын Их Хуралд танилцуулж байна.

Ерөнхийлөгчийн 1 жилийн хугацаанд хийсэн ажлын дэлгэрэнгүй танилцуулга Улсын Их Хурлын Тамгын газарт хүргэгдсэн байгаа тул гишүүд уншиж танилцсан байх. Тус танилцуулгад Нэгдүгээрт: Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээний асуудлаар, Хоёрдугаарт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан бодлого, зорилтын хүрээний асуудлаар хийж хэрэгжүүлсэн ажлууд нэг бүрчлэн тусгагдсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар олгосон дараах бүрэн эрхийнхээ хүрээний асуудлуудаар хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллалаа. Үүнд:

Нэг. Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд

1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай харилцаж ажиллах бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд 8 удаа оролцож, Улсын Их Хурлын баталсан хууль, тогтоолд 4 удаа хориг тавьж, хууль, УИХ-ын шийдвэрийн 3 төсөл санаачлан өргөн барьж, 6 албан тушаалтныг томилох асуудлаар Улсын Их Хуралтай зөвшилцжээ.

1.2. Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газартай харилцаж ажиллах бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналын талаар 2 удаа зөвшилцөж, Засгийн газарт чиглэл өгөх болон бусад асуудлаар Засгийн газрын хуралдаанд тухайлсан санал оруулж, байр сууриа илэрхийлж ажилласан.

1.3. Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүх эрх мэдлийн байгууллагатай харилцаж ажиллах бүрэн эрхийн хүрээнд зарлиг гарган, анхан шатны шүүхэд 1 шүүгчийг шинээр томилж, өндөр насны тэтгэвэрт гарсан, өөрөө хүсэлт гаргасан, нас барсан зэрэг шалтгаанаар 11 шүүгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлж, 8 шүүгчийг өөрсдийнх нь хүсэлтээр шилжүүлэн томилсон.

1.4. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний хэмжээний арга хэмжээнд оролцогсдод хандан баяр хүргэж, амжилт гаргах, шийдвэрлэвэл зохих асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэж, 38 илгээлт хүргүүлжээ.

Хоёр. Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсыг батлан хамгаалах талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд

2.1. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүний хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг 6 удаа хуралдуулж, 15 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 21 зөвлөмж, 13 тэмдэглэл гарган, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй холбогдох байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж, үүрэг даалгавар, чиглэл хүргүүлсэн байна.

2.2. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд Батлан хамгаалах яам, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа, сарын ажлын үр дүнгийн мэдээ, тайлантай танилцаж, үүрэг чиглэл өгч ажиллав.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 01 дүгээр зарлигаар “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ыг баталж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт журмыг мөрдөж ажиллах, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгосон.

Гурав. Гадаад харилцааны талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд

3.1. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсыг гадаад харилцаанд бүрэн эрхтэй төлөөлж, гадаад бодлого, олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах чиглэлийг барьж ажиллав.

3.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины ивээл дор Владивосток хотноо 2017 оны 9 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад урилгаар оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийсэн.

3.1.2. Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Чиндао хотноо болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 18 дугаар хуралдаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцсон.

3.1.3. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсаас Монгол Улсад суугаа элчин сайд, суурин төлөөлөгч, Монгол Улсад айлчилсан болон ажилласан гадаад улсын төлөөлөгчдийг 100 гаруй удаагийн уулзалтаар хүлээн авчээ.

3.1.4. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй экспортлох асуудлыг шинээр эхлүүлэх, Монгол Улсаас хууль бусаар гадаадад гарсан хөрөнгө, мөнгийг эргүүлэн авахад АНУ-ын дэмжлэгийг авах талаар тус улстай хамтын ажиллагааг эхлүүлсэн.

3.2. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах эрхийн хүрээнд УИХ-тай зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсаас гадаад улсад суугаа 2 элчин сайдыг эгүүлэн татаж, 4 элчин сайдыг томилсон.

3.3. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичиг 26-г хүлээн авчээ.

Дөрөв. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн бусад асуудлаар

4.1. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиар олгосон улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасах бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилласан.

4.2. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан уучлал үзүүлэхийг хүссэн нийт 62 өргөдлийг хүлээн авч, хянан үзээд өргөдлийн шаардлага хангаагүй 21 өргөдлийг буцааж, бусад 41 өргөдлийг судалж байна.

4.3. Монгол Улсын иргэний харьяатаас гаргах тухай зарлигаар 543 иргэний хүсэлтийг, Монгол Улсын харьяат болгох тухай зарлигаар 3 хүний хүсэлтийг тус тус шийдвэрлэсэн. Бусад хүсэлтийг судалж байна.

4.4. Монгол хэлний тухай хуулийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл ажиллаж байна.

Монгол хэлний тухай хуулийн шаардлагыг хангуулах зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулсан. Хэлний зөвлөл Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг баталж, улс орон даяар бүх нийтээр дагаж мөрдөхөөр журамласан. Бүх сургууль болон төрийн байгууллагад толь бичгийг тарааж, цахим хувилбаруудыг нийтийн хүртээл болгосон.

4.5. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 7 дугаар сарын 10-наас 2018 оны 7 дугаар сарын 10-ны хооронд хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг, баяр ёслол, иргэдтэй хийсэн уулзалт дээр болон ард түмэндээ хандан нийт 93 удаа үг хэлжээ.

4.6. Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн 15 гишүүнийг 4 жилийн хугацаагаар томилсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөртөө туссан бодлого, зорилтыг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд тодорхой ажлууд хийсэн. Үүнийг тоймлон танилцуулбал:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор “Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган”, “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган”, агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх санал, Оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандсан уриалга, “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах  боломжууд” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг, “Баялгийн засаглал” хэлэлцүүлэг, “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил”, “Эх хэлний тулгамдсан асуудал, хэтийн төлөв”, “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт хэлэлцүүлэг, “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Соёл, шашны бодлогын цуврал нэвтрүүлэг, “Эерэг хандлага, хөгжил” хүүхэд залуучуудын аян, “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” хүүхдийн гар зураг, захидлын аян, “Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл” олон улсын чуулган, “Боловсрол ба хүмүүжил”, “Боловсролын чанар” сэдэвт хэлэлцүүлэг, “Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин, иргэний эрүүл мэндийн эрхийн тухай” хэлэлцүүлэг, “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт”, “Хүүхэд хамгаалал, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэл” хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус тус зохион байгуулж, гарсан санал, зөвлөмж, үр дүнг холбогдох байгууллагуудад хүргүүлж, үүрэг чиглэл өгөх, уялдаа холбоогоор хангах, хэрэгжилтэд хяналт тавих байдлаар ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны 01-05 дугаар сарын хооронд Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 22000 гаруй иргэдтэй биечлэн уулзаж, иргэдийн санал бодол, хүсэлтийг нээлттэй сонсож, санал солилцон, тодорхой асуултуудад хариулт өгч ажилласан.

Аймаг, нийслэлийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр 3165 иргэн өөрийн санал, хүсэлтээ илэрхийлснээс 1360 иргэн биечлэн /уулзалтын үед микрофон дээр хэлсэн/ илэрхийлсэн бол 1805 иргэн захидал, өргөдөл болон бичгээр ирүүлжээ.

Уулзалтын үеэр иргэдээс бичгээр ирүүлсэн захидал, өргөдөл болон санал хүсэлтийг агуулга, сэдэв, чиглэлээр нь ангилан авч үзвэл: тэтгэвэр тэтгэмж, оффшор данстай холбоотой асуудлаар, УИХ-ыг тараах асуудлаар, ажилгүйдэл, ядуурлын асуудлаар, Төрийн байгууллагуудын буруутай шийдвэр  болон үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хамгийн их санал хүсэлт, өргөдөл гомдол гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, шаардлага, шүүмжлэлийг тухайн чиглэл, асуудал бүрээр ангилан үзэж тодорхой асуудлаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд мэдээлэл хийж, Монгол Улсын Засгийн газарт болон төрийн бусад байгууллагад хүргүүлж, санал чиглэл өгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдээс  ирүүлсэн санал хүсэлт, шаардлагыг тусгах, дорвитой зарим арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг онцгойлон анхаарч ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулиар олгосон төрийн байгуулал, улс орны удирдлагын талаарх, үндэсний аюулгүй байдлыг хангах, улсыг батлан хамгаалах талаарх, гадаад харилцааны талаарх бүрэн эрх болон бусад хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлж, Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хангахын төлөө ажиллаж байна” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайлангийн танилцуулгын дараа УИХ-ын гишүүд тайлантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.

Эх сурвалж: www.president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж