Д.Сумъяабазар: Он гарсаар алт тушаалт 6 дахин буурсан

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар: Он гарсаар алт тушаалт 6 дахин буурсан

Д.Сумъяабазар: Он гарсаар алт тушаалт 6 дахин буурсан

Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2018 оны тус салбарын ажлын гүйцэтгэлийн талаар өнөөдөр /2019.1.31/ мэдээлэл хийлээ. Уул уурхайн салбар 2018 онд улсын төсөвт хоёр их найд 51.5 тэрбум төгрөгийг татвар хэлбэрээр төвлөрүүлжээ. Тухайлбал, алтнаас 80 тэрбум, нүүрснээс 910.6 тэрбум, цайраас 76.9 тэрбум, зэсээс 871.9 тэрбум, төмрөөс 17.1 тэрбум, жонш 16.3 тэрбум  төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 28.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр есөн газарт  өгсөн байна. Мөн 110 тусгай зөвшөөрлийг сунгаж, 65-ыг цуцалжээ. Мэдээллийн дараа сэтгүүлчид Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн сайд  Д.Сумъяабазараас сонирхсон асуултаа асуусан юм.


-Салхит болон Асгатын мөнгөний ордыг төрийн мэдэлд авсан. Салхитын ордыг эзэмшиж байсан БНХАУ-ын компанид нөхөн олговор олгох уу?

-Салхитын ордод үйл ажиллагаа явуулсан компанийг шалгасан. Холбогдох мэдээллийг шалгаад, хууль зөрчсөнийг илрүүлсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, манай яам, Ашигт малтмал, газрын тосны газартай ярилцаад ордын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан. Монгол Улсад мөрдөж байгаа хуулийг гаднын аж ахуйн нэгж  ч мөрдөх ёстой. Нөхөн олговор олгох эсэхийг судалж байгаа. Тусгай зөвшөөрлийг цаашид “Эрдэнэс Монгол” хариуцлагатай хувьцаат компани эзэмшинэ.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид шилжүүлсэн нь үнэн үү?

-“Монголын зэс” яагаад компаниа Сингапурт бүртгүүлснийг бид шалгаж байна. Үүнээс өөр мэдээлэл алга.

-Дорноговь аймгийн Тусгай хамгаалалттай газар нутаг болох Хамрын хийдийн ойролцоо Хятад компани нүүрс олборлох зөвшөөрөл авсан байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Монголчуудын тахиж шүтдэг газар болох Хамрын хийдийн ойролцоо уул уурхайн лиценз олгосон нь байж болшгүй, ёс зүйгүй асуудал. Тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр сэргээсэн юм билээ. Манай яамны хуулийн хэлтэс энэ асуудлыг шалгаж байгаа. Шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг цуцална. Энэ хэсгийн тусгай зөвшөөрлийн тухайд 2014 онд орон нутгийн тусгай хэрэгцээнд газрыг нь авсан байдаг. Шийдвэр гаргасан шүүгчдийн бүрэлдэхүүнд хэн багтсан, хэргийн эздийн мэдээллийг бид ил болгоно. Уул уурхай, аялал жуулчлалын салбар тус тусдаа байх ёстой. Шүүгчид Үндсэн хуулийн 6.1 дэх заалтыг сайтар ухамсарлаасай. Нэг талаас мэргэжлийн хяналтынхан ажиллаад хүчингүй болгоход нөгөө талаас шүүх эсрэг шийд гаргаж болохгүй. Уул уурхайн яамнаас лицензийг нь сэргээсэн мэтээр худал мэдээлэл тараагаад байна.

-Шатахууны үнэ дахин нэмэгдэх үү?

-Олон улсын зах зээлд шатахууны үнэ өсөхөд үнэ нь дагаад өсдөг, буурахад манайд ч буурдаг байх ёстой. Гэхдээ хоёрдугаар сарыг дуустал үнийн хэлбэлзэл тогтвортой байна гэсэн таамаг бий. Гуравдугаар сарыг урьдчилан хэлж мэдэхгүй байна.

-Хуурамч шатахуунтай холбоотой асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Керосин оруулж байгааг мэргэжлийн байгууллагууд шалгаж байна. Иймд керосин импортлох бол өндөр татвар төлдөг болох ёстой.

-Нүүрсний экспортод үүссэн асуудал юу болсон бэ?

-Нүүрс тээвэр жил бүрийн эцэс, шинэ оны эхээр байнга буурдаг. Гацааг арилгахаар ажиллаж байна. Өдөрт 1500-1700 машиныг хилээр нэвтрүүлэхээр бид тохирдог. Гэвч оны эцэс болоход өдөрт 200 машин болж буурдаг. “Эрдэнэс Тавантолгой” дээд хэмжээгээрээ ажиллан, өнгөрсөн онд 15 сая тонн нүүрс экспортод гаргасан. БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо, Гадаад худалдааны яамтай хамтран ажиллаж байна. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” 50 сая тонн нүүрс худалдах боломжтой. Төмрийн экспортыг 15 сая тоннд хүргэх хүсэлтээ ч илэрхийлсэн. Урд хөршийн холбогдох хүмүүстэй удаа дараа уулзсан.

-Ашигт малтмал ашигласны татвар есөн хувь болж өссөнөөр алт тушаалт буурсан уу?

-Би ч үүнд санаа зовж байна. Би аль нэг алтны компанийг дэмжээгүй. Хамгийн сүүлийн тооноос харахад Монголбанк 22 тонн алт авсан байна. Үүнээс 800 сая ам.долларын орлогыг бүрдүүлсэн. Гадаад валютын албан нөөцөд, улмаар ханш буурахад нөлөөлсөн. Энэ сард алт тушаалт зургаа дахин буурсан. Алтны татвар 2.5 хувь байснаар алтаа Монголдоо авч үлдэх боломжтой. Алтны шороо шууд валют болдог. Гэхдээ алт олборлолтын салбарт хариуцлагатай уул уурхай орхигдсон гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Энэ асуудлаар өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцана. Цагаан сарын дараа алтны татварын талаар УИХ-аар дахин хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж