Мэргэжлийн хяналтынхан бэлэг ч авахгүй

Хуучирсан мэдээ: 2015.04.01-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн хяналтынхан бэлэг ч авахгүй

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхаар гэрээ хэлцэл хийцгээжээ. Энэхүү гэрээг дарга, дэд даргаас эхлээд газар, хэлтэс, албаны дарга нар төдийгүй улсын байцаагч, мэргэжилтэн бүгд байгуулж, гарын үсгээ зуран баталгаажуулсан байна. Энэхүү гэрээнд “Тухайн хүн хамт сурч байсан, сурч байгаа, гишүүнчлэлд нь бүртгэлтэй холбоод, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн, ах, дүү, хамаатан садан гээд олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзнэ” хэмээн дурджээ. Түүнчлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх, бусдын зүгээс бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл байдал санал болгосон тохиолдолд үүнээс татгалзаж байхыг гэрээнд тусгажээ. Хэрвээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаар болсон байна.

Тэгэхээр мэргэжлийн хяналтад ажилладаг ах дүү, хамаатан садан чинь гэнэт таныг танихгүй болчихвол бүү гайхаарай. Учир нь тэр ажилдаа үнэнч хандаж буй нь тэр. Баар ресторан, цайны газар ч гололгүй үнэмлэхээ үзүүлээд тансагладаг хяналтын байцаагч цөөнгүй байдаг. Тэгвэл энэ жилээс улсын байцаагчийн үнэмлэхээрээ түрээ барин дарамтлах хандлага нь ч арилна гэж найдъя. Учир нь тэд бусдаас бэлэг ч авахгүй гэж гэрээгээ үзэглэсэн байна лээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж