Ким Ки-Жон
Өмнөд Солонгосын прокурорууд Сөүлд суух АНУ-ын элчин сайд Марк Липпертийн биед халдсан Ким Ки-Жоныг хүний амь хөнөөхийг оролдсон хэрэгт буруутгажээ. 55 настай Ким Ки-Жон АНУ-ын элчин сайдын амийг хөнөөхийг санаархсан хэргийг үгүйсгэжээ. Мөн тэрээр Пхеньянаас заавар аваагүй гэж мэдүүлсэн байна. Ким Ки-Жон гэгч нь 1999-2007 оны хооронд долоон удаа Хойд Солонгост зорчсоноос үүдэн түүнийг Пхеньянаас заавар авсан хэмээн хардаж буй.
Үүний зэрэгцээ Марк Липпертэд халдсаныхаа төлөө Ким Ки-Жон гадаадын төлөөлөгчийн биед халдаж, ажил үүрэгт нь саад учруулсан хэрэгт буруутгагдаж байна.
АНУ-ын элчин сайд Марк Липперт нүүрэндээ 80 оёо тавиулжээ.
Ким Ки-Жон нь өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд АНУ-ын элчин сайд Марк Липпертийг сахлын хутгаар нүүр болон гарыг нь зүсч гэмтээсэн юм. АНУ-ын элчин сайд Марк Липперт Сөүлийн эмнэлэгт хүргэгдсэнээр нүүрэндээ 80 оёо тавиулжээ. Ким Ки-Жон АНУ-ын элчин сайдын биед халдсанаа хоёр Солонгосын харилцаанд саад болж буй Вашингтон, Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилтанд бухимдсантай холбон тайлбарлажээ.
Өмнө нь 2010 онд Ким Ки-Жон Өмнөд Солонгос улсад суух Японы элчин сайд руу бетоны үүрмэг шидсэнээс баривчлагдаж, хоёр жил тэнсэн харгалзах ял сонссон байжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse