Хөгжлийн бодлого Үндсэн хууль болох учиртай гэв

Хуучирсан мэдээ: 2015.04.01-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бодлого Үндсэн хууль болох учиртай гэв

УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн онд “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн дарга нараар ахлуулан 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Харин дэд ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгалиар ахлуулж, бүх яамны стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нарыг оролцуулан байгуулжээ. Дээрх ажлын хэсгүүд хамтран өнөөдөр Монгол Улсын хөгжлийн бодлогын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол Улс өмнө нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг батлан гаргаж байсан боловч хэрэгжилт хангалтгүй явж иржээ. Хөгжлийн бодлогыг тодорхойлсон 470 орчим бодлогын баримт бичиг батлагдсан байдаг аж. Энэ тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хөндөж, УИХ-аас  батлах Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг нь сонгуулиар аль ч улстөрийн хүчин гарч ирснээс үл шалтгаалж өөрчлөгддөггүй, илүү хөгжлийг харсан, бодлогын залгамж чанараа үргэлжлүүлэн хэрэгжиж байх Монгол Улсын хоёр дахь Үндсэн хууль болох учиртайг онцоллоо. Талуудын боловсруулж байгаа Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого нь 2015-2040 он хүртэлх 25 жилийг хамарч байгаа аж. Дотроо  “Монгол хүнийг хөгжүүлж, өндөр мэргэшсэн ажиллах хүчинтэй болж, бүтээх чадварыг өсгөх“, “Төрийн институцийн чадавхи, бодлогын чанарыг дээшлүүлэх”, “Эдийн засгаа төрөлжүүлж, олон улсын зах зээлд хүчтэй нэвтрэх, нөөцийг үр ашигтай зарцуулах”, “Орчин үеийн технологи, инновацийг бүх салбарт нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох”, “Хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох нийгмийн дунд давхаргыг бэхжүүлэн нийт иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бололцоог дээшлүүлэх” гэсэн үндсэн таван чиглэлээр боловсруулагдсан байна.

Ажлын дэд хэсгийн мэдээллээр тус ажлын хэсэг 2014 оны тавдугаар сараас Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг боловсруулах ажлыг эхэлж, төслийг боловсруулах явцад Арабын нэгдсэн Эмират, Ямайка, Израйль, Индонези, Брунди, Уганда, Гвиней, Танзани, Катар зэрэг эдийн засаг, хүрээлэн буй орчин, соёлын хувьд ялгаатай, хөгжлийн янз бүрийн түвшинтэй улс орнуудын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг харьцуулсан шинжилгээ хийсэн байна. Түүнчлэн Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийн үнэлгээг хэрхэн хийсэн талаарх судалгааны арга, хамарсан хүрээ, 2040 он хүртэлх хугацаанд Монгол Улсын хөгжилд нөлөөтэй гадаад орчны хүчин зүйлс, тулгарч болзошгүй эрсдэл, эерэг өөрчлөлт, боломжуудыг тодорхойлжээ. Дотоод хэлэлцүүлгийг мөн 50 гаруй удаа зохион байгуулсан юм байна. Төрийн ордонд болсон энэхүү хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон, ажлын дэд хэсгийн гишүүд, яамдын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж