МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2019.01.31/ хуралдана гэж гишүүддээ зар түгээсэн байна. Гэхдээ одоогоор цаг нь тодорхойгүй байгаа бөгөөд чуулганы хуралдаан завсарласны дараа хуралдана гэх мэдээлэл байна. УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр УИХ-ын дараагийн даргыг томилох учиртай. Дараагийн даргад хэний нэрийг дэвшүүлэх вэ гэдгийг эхлээд МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ.
Хуулийн дагуу УИХ намрын чуулган сар шинийн өмнө завсарлах ёстой. Түүнээс урьтаж, дараагийн УИХ-ын даргыг томилох шаардлагатай гэж МАН-ын бүлэг үзэж байгаа аж. УИХ-ын даргад хэд, хэдэн хүний нэрс сонсогдож буй. Тухайлбал, Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нарын нэрс улс төрийн хүрээнээс сонсогдож байгаа ч Удирдах зөвлөлөөс гол шийдвэр гарах юм. МАН-ын удирдлагууд анх удаа УИХ-д сонгогдсон гишүүдээс УИХ-ын даргыг тодруулахгүй, гурваас дээш удаа парламентад намаа төлөөлж буй гишүүдээ дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа гэх мэдээлэл байна.
Холбоотой мэдээ