Малайзад хэрцгийгээр хөнөөгдсөн монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн хэргийн шүүх хурал Малайзын Селангор дүүргийн Шах Алам хотод үргэлжилж байна. Өчигдөр /2019.01.30/ болсон шүүх хуралд талийгаачийн үеэл Г.Намираа гэрчийн мэдүүлэг өгч, нэхэмжлэгчээр оролцож буй том хүү Баяржаргалын Мөнгөншагай нь ээжийгээ харь оронд зэрлэгээр хөнөөгдсөний дараа хэрхэн амьдарч байсан тухайгаа ярьжээ.
Хэрэг гарах үед буюу 2006 онд есөн настай байсан Б.Мөнгөншагай “Ээж минь амиа алдсаны дараа надад бүх зүйл аймшигтай санагдаж эхэлсэн. Хаа ч явсан ээжийн минь үхлийн талаар хүн болгон ам уралдан ярих нь надад үнэхээр хэцүү байсан. Тухайн үед есхөн настай жаахан хүү байсан надад энэ бүхэн маш хүндээр туссан. Ингээд хов жив, хүмүүсийн хэл амнаас зугтахын тулд эхний гурван жил зуны амралтаа хөдөө байдаг хамаатныдаа очиж өнгөрөөсөн. Нэг удаа сайн найзын маань эцэг эх түүнд надтай дахиж тоглож болохгүй шүү гэж хэлэхийг сонсож байлаа. Хүн болгон надаас цэрвэж, би их ганцаарддаг байсан. Сургууль дээр ч хүн бүр намайг гоочилж, чичлэх болсон. Ингээд 2011 онд өвөөгийнхөө зөвлөснөөр нэрээ солихоор шийдсэн. Надад энэ бүх сөрөг хандлагаас зугтах өөр арга байгаагүй л дээ. Нэрээ солиод хэсэг хугацаа өнгөрсний дараа би найз охинтой болсон. Удалгүй түүний гэрийнхэн намайг Ш.Алтантуяагийн хүү гэдгийг мэдээд биднийг хүчээр салгасан” хэмээн мэдүүлсэн байна.
Тэрбээр цааш өгүүлэхдээ “Ээж минь муу хүн байгаагүй ээ. Дүү бид хоёртой цагийг үргэлж хамт өнгөрүүлж, биднийг салхилуулдаг, хамт кино үздэг, бие муутай дүүг минь байнга асардаг маш халамжтай ээж байсан. Харин түүнийг амиа алдсаны дараа энэ бүх зүйл байхгүй болсон. Өвөө эмээ хоёр маань бие муутай дүүг маань арай гэж асарч, санхүүгийн хувьд ч гачигдаж, ерөнхийдөө амьдрал хүнд болсон. Ингэж явсаар 2017 онд дүү минь өвчнөө дийлэлгүй нас барсан” гэжээ.
Энэ удаагийн шүүх хурлын давж заалдагчдаар талийгаачийн аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, хүү М.Мөнгөншагай нар оролцож байгаа бол Абдул Разак Багинда, цагдаагийн ажилтан асан Сирул Азар Омар, Азила Хадри нарыг шүүгдэгчээр дуудсан байна. Харин талийгаачийн бага хүү М.Алтаншагай 2017 онд нас барсан учир давж заалдагчаар оролцох боломжгүй болжээ. Мөн гэрчээр талийгаач бүсгүйн үеэлүүд болон Малайзын талаас олон хүн байгаа билээ.Талийгаачийн гэр бүл Малайзын Засгийн газраас 100 сая малайз ринггит буюу 24 сая орчим ам.доллар нэхэмжилж байгаа юм.
Эх сурвалж: malaymail