Хамрын хийд орчмыг тусгай хамгаалалтад авахыг судалж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

LiveХамрын хийд орчмыг тусгай хамгаалалтад авахыг судалж байна

Хамрын хийд орчмыг тусгай хамгаалалтад авахыг судалж байна
17 : 44
2019-1-31

22 газрыг тусгай хамгаалалтад авах тогтоолыг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авч, саналаа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Б.Батзориг:

-Тусгай хамгаалалтад авчаад хүн оруулдаггүй байгаад байдаг тохиолдол бий. Бэлчээрийн тухай хуультай хэрхэн уялдаж байгаа вэ. Мөн тусгай хамгаалалттай газрыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглах боломж бий юу. Баянзүрхийн товчооны орчим тусгай хамгаалалттай газар иргэд амьдарч, газраа өмчилж чадахгүй байна. энэ асуудлыг шийдэх боломжтой юу.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:

-Тусгай хамгаалалттай газар болон аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах бүс тусдаа ойлголтууд байдаг. Баянзүрх, Хан-Уул дүүрэгтэй холбоотой  асуудал гараад иргэдээс гомдол ирсэн. Цаашид Богд уулыг тойроод бий болсон аялал жуулчлалын газарт үл хөдлөх хөрөнгө барьсан байгаа. Тиймээс сууршилийн бүс болгох эсвэл төлбөртэй татвар тавих байх суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Энэ тогтоолын төслийг дэмжиж байгаа. 2020 он гэхэд тусгай хамгаалалттай газрын 25 хувьд хүргэх зорилгыг Засгийн газар тавьсан. Одоо 20 хувь болж байгаа юм байна. Үлдсэн таван хувийг хэзээ тусгай хамгаалалт авах ажлыг хэзээ хийх вэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:

-УИХ-ын тогтоолд орж байгаа газар нутгийн хүсэлтүүд 2012 оноос ирсэн. Цаашид есөн газар нутагт мэргэжлийн байгууллага дүгнэлт хийгээд, тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ мэтчилэн цаашид тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Хөвсгөл аймгийн нийт газар нутгийн 30 хувь нь тусгай хамгаалалттай газар нутаг хамарч байгаа. Энэ 30 хувьд хэдэн хайгуул болон ашиглалтын лиценз байна вэ. 

Ажлын хэсэг:

-Хөвсгөл аймгийн тусгай хэрэгцээнд авсан газар нэг ашиглалтын лицензтэй байгаа бөгөөд одоогоор үйл ажиллагаа нь зогссон байгаа.

Ингээд гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хурааж, Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

15 : 55
2019-1-31

"Хамрын хийд орчмын лицензийг цуцлах эсэхийг судалж байна"

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Тус тогтоолын төсөлд нийт 22 газрын улсын тусгай хамгаалалтад авах саналаа Засгийн газраас гаргасан юм байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Сүүлийн үед хэл ам татлаад байгаа Хамрын хийд орчмын газрыг тусгай хамгаалалтад авахгүй бол асуудал үүсээд байгаа. Сар гаруй өмнө лиценз олгосон асуудал яригдаад, лицензийг нь цуцлах саналыг Засаг дарга нь гаргасан. Энергийн төвд 120-130 мянган жуулчин очдог. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам ямар арга хэмжээ авч байна вэ. Түүнээс гадна Дорноговь аймагт байрлах хоёр ч газрыг лиценз болгосон. Цуцлах боломж бий юу.

Ажлын хэсэг:

-Хамрын хийдтэй холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт Аймгийн Засаг даргаар улсын тусгай хамгаалалтад авах хүсэлт ирүүлсэн. Ингэхийн тулд судалгааны баг үндэслэл боловсруулж, аймаг, орон нутгийн иргэдийн хурлаар хэлэлцүүлдэг. Улсын тусгай хамгаалалттай газар одоогоор судалж байна. Лицензийг цуцлах долоон үндэслэл байдаг.  Хуулийн дагуу асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:

-Манай яам тухайн газар нутгаас албан ёсны мэдээлэл ирээгүй байхад шүүх дээр очиж, бүх шатанд шийдвэр гараад байна. Цаашид тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа газар нутгийн мэдээллийн дахин шинэчлэх шаардлагатай байгаа юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яам зөвхөн нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд лицензийг нь шууд цуцлах эрхтэй байдаг бусад тохиолдолд боломжгүй байдаг.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Тусгай хамгаалалтад авах нь зөв. Гэтэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар орон нутгийн иргэд газаргүй, модоо ч бэлтгэж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн асуудлыг яаж зөв зохицуулах вэ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:

-Орон нутгийн удирдлагууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар саналаа орон нутгийн Иргэдийн хуралд өгсөн байгаа. Одоо энэ асуудлаар ажлын хэсэг ажиллаж байгаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

12 : 37
2019-1-31

З.Энхболд: Жанжин штабын даргыг удахгүй өргөн барина

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг сонслоо. Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг ҮАБЗ-ийн тэргүүн учраас нэг зүйл анхаарал хандуулаач гэж хүсч байгаа юм. Манай улсад мэдээллийн аюулгүй байдал бүрэн алдагдсан, цахим халдлагад өртөж, төрийн цахим, виртуал сервер алдагдсан. Иргэн бүрийн мэдээлэл захын хакерчид ороод мэддэг бол яаж аж төрөх вэ. ҮАБЗ-өөс энэ талаар ямар байр суурьтай байна вэ. Тодорхой зөвлөмж гаргах боломж бий юу. Ядаж төрийн байгууллагуудын цахим сайтуудыг мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ.

ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх:

-Энэ хамгийн чухал асуудал байгаа юм. ҮАБЗ хамгийн их анхаарал хандуулж, өмнө нь энэ чиглэлээр гаргасан дүгнэлтүүдийг авч үзэж, 2019 онд тодорхой асуудал хийхээр төлөвлөсөн. Харин энэ асуудлаар нээлттэй чуулганд мэдээлэл хийх боломжгүй байна. Хаалттай хийх боломжтой.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Шашин, сүм хийд, бурхан шашны эрх зүйн асуудал дээр Ерөнхийлөгч ямар байр суурьтай байна вэ. Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа зэвсэгт хүчин үүргээ сайн биелүүлж байгаа. НҮБ-аас энхийг дэмжих ажиллагаанд ямар байр суурьтай байна вэ. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга үүрэг гүйцэтгэгч байж болохгүй. ШХАБ-д шат ахиулан оролцох бололцоог судалж байгаа гэсэн. Удахгүй Киргизэд энэ асуудлаар хурал болно. Үүнд Ерөнхийлөгч ямар байр суурьтай оролцох вэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Шашны талаар хаалттай чуулган дээр мэдээлэл хийх боломжтой. Энхийг дэмжих ажиллагааг дэмжиж байгаа. Цэргийн дүрэм батлагдаад дуусч байгаа бөгөөд баталгаажуулах цөөн асуудал үлдсэн. Ерөнхийлөгч 70 сая малаас гардаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулахад маш олон ажлын байр, орлого бий болно. Жанжин штабын даргыг удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. УИХ Цагаан сарын дараа хуралдах эсэх асуудлаар шалтгаална.

ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх:

-Шашин, сүм хийдтэй холбоотой асуудлаар шашин шүтэх, эс шүтэх талаар хуулийг Хууль зүйн яам боловсруулсныг саналаа өгсөн байгаа. Кибер аюулгүй байдлын талаар ҮАБЗ-өөс зөвлөмж гараад ажиллаж байна. ШХАБ-тай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулаад ажиллаад явж байна. Хаалттай мэдээлэл өгөх боломжтой.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Ерөнхийлөгч Ардчилсан намаас дэвшихэд мөрийн хөтөлбөрт нь тусгасан нэг зүйл бол иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд баялгийн хуваарилалтыг тэгш хүртээх, ялангуяа Тавантолгойн ногдол ашгийг тараах, хүртээх асуудлыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа санаачилж,  хуульчилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Гэтэл сүүлийн үед У.Хүрэлсүх “Эрдэнэс Тавантолгойн” хувьцааны ногдол ашгийг тараах асуудлыг яриад байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Ерөнхийлөгч байгалийн баялаг нийт ард түмний өмч гэдэгтэй зөрчигдөөд олон жил явж байгааг буруу гэж бодож байна. Лиценз хэлбэрээр хувьд очсон байгаа ордуудын үр ашиг хувь хүнд очих ёсгүй.  Тиймээс хуулийн төсөл санаачлаад явж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Ерөнхийлөгчөөс валютын зохицуулалтын тухай хуулийг оруулж ирсэн ч УИХ дэмжээгүй. Өнгөрсөн хугацаанд ам.долларын өсөлт буураагүй байна. Тэгэхээр цаашид энэ чиглэлээр ямар ажил хийх вэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Ерөнхийлөгчийн хууль дэмжигдээгүй ч М.Оюунчимэг гишүүний санаачилсан хууль дотор орсон учраас Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ижил утгатай байгаа юм. Хэрэв энэ хууль батлагдвал Ерөнхийлөгчийн хууль батлагдсантай ялгаагүй.

УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч дууссанаар Ерөнхийлөгчийн тайланг сонссонд тооцов. Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, Эдийн засгийн байнгын хороо хуралдахаар боллоо. Харин чуулганы хуралдаан үдээс хойш 15.00 цагт хуралдана.

11 : 40
2019-1-31

З.Энхболд: УИХ-ын шинэ даргыг МАН-ын бүлэг шийднэ

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг сонсч байна. Ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг жилийн хийж, хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж байна. Тус танилцуулгад, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажил, хуулиар олгогдсон хуульд заасан үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. Чуулганы хуралдаанд найман удаа оролцож, зургаан албан тушаалтныг томилох асуудлаар УИХ-тай зөвшилцсөн, шүүх эрх мэдлийн харилцаж ажиллах бүрэн эрхийн хүрээнд 1 шүүгч, 11 шүүгчийг чөлөөлж, 8 шүүгчийг шилжүүлж, томилсон.  38 удаагийн илгээлт олон нийтийн арга хэмжээнд илгээсэн. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд зургаан удаа хуралдаж, 13 тэмдэглэл гаргаж, тусгай чиг үүрэгтэй холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ОХУ, БНХАУ-д айлчилсан, хоёр Элчин сайдыг эгүүлэн татаж, 4 Элчин сайдыг томилсон.

Ийнхүү танилцуулга дууссаны дараа гишүүдээс асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Улсын ерөнхий прокуророос хэд хэдэн удаа гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавьсан. УИХ хүлээж аваагүй. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавиагүйг ард түмэн маш их асууж байна. Яагаад хориг тавьсангүй вэ. Хориг тавихгүй байна гэдэг нь УИХ-ын хүлээж аваагүй саналыг дэмжиж байсан гэсэн үг үү. Ерөнхийлөгч тэтгэвэр, оюутан, цалингийн зээлийг хэзээ тэглэх вэ. Одоо чадах эсэхдээ хариулт өгөөч. Ипотекийн зээлийн хүүг буулгах боломжтой юу.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Ерөнхийлөгчийн тайланд дурдсан асуудлаар би хариулт өгөх боломжтой. Ерөнхийлөгч УИХ-аас гаргасан шийдвэрт дөрвөн удаа хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй. ЖДҮХС-ийн зээлийн асуудлын талаар олон нийттэй санал нэг байгаа. Цаашид Ерөнхий прокурор УИХ-тай харьцаад явах байх. Ерөнхийлөгч зээлийг тэглэнэ гээгүй, Ардчилсан намын зүгээс өгсөн санал байсан. Ерөнхийлөгч байгалийн баялгаас ногдол ашгийг ард түмэнд тэгш хуваарилах байр суурин дээрээ хэвээр байгаа. Шагналын журамд УИХ-ын гишүүн шагнал олгох өргөдөл хүлээж авна гэсэн заалт байхгүй. Тиймээс гишүүд өргөдлөө авахаа зогсоож, журмынх нь дагуу шийдвэрлэх нь зөв.

ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх:

-Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн тэргүүний хувьд жил бүр УИХ-д ҮАБ-ын асуудлаар хаалттай мэдээлэл хийдэг. Энэ хаалттай мэдээллээ хийх байсан ч чуулган хуралдаагүй учраас мэдээлэл хийж чадаагүй. Одоо ч хаалттай мэдээлэл хийхэд бэлэн байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Намрын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярьсан. Сүүлийн үед яригдахаа больсон байна. Анхны байр суурь дээрээ хэвээрээ юу. Мөн УИХ-ыг тараах саналыг би гаргасан. Ерөнхийлөгчийн институтын зүгээс УИХ-ыг тараах байр суурийг илэрхийлж байсан. Одоо энэ санал дээрээ хэвээрээ юу. ЖДҮХС-ийн асуудал ард түмнийг маш их бухимдуулж байна. Ерөнхийлөгч энэ талаар ямар байр суурьтай байгаа юм бэ. Дараагийн УИХ-ын дарга буюу ҮАБЗ-ийн нэг гишүүний асуудлаар хуралдаж, зөвлөмж гаргах уу. Ер нь ямар зарчим баримтлах ёстой юм бэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгч тухайн үед хэлж байсан байр суурин дээрээ хэвээрээ байгаа. 1992 онд гарсан шинэ Үндсэн хуульд их, бага өөрчлөлт хийх асуудлыг ярих хэрэгтэй байна гэж хэлж байсан. УИХ-ыг тараах асуудлаар зөвшилцсөн ч УИХ-ын дарга асан М.Энхболд зөвшөөрөөгүй. Тиймээс хүлээзнэж байгаа. УИХ-ын дарга хэн байх нь энэ 75 гишүүний нэг нь болно. Үүнд Засгийн газар, Ерөнхийлөгч оролцох боломжгүй.

ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гансүх:

-ҮАБЗ-ийн нэг гишүүнийг чөлөөлөх асуудлаар ҮАБЗ хуралдаагүй. Тухайн үед үүссэн жагсаал цуглаан болон үүссэн нөхцөл байдлаар хуралдсан. Тиймээс хууль гаргахыг ҮАБЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн. Томилгоотой холбоотой ямар нэг хурал зохион байгуулах эрх зүйн орчин байхгүй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

11 : 06
2019-1-31

Чуулган: Ерөнхийлөгчийн тайланг сонсч байна

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.01.31/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байгаа бөгөөд өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх асуудалд оруулж ирэх талаар ярилцмаар байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэд өнөөдөр нутгийн өөрөө удирдах байгууллагад төлөөлөлгүй хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Сонгуулийн шат шатны байгууллагын сонгууль маргаангүй болгох, шүүхийн маргаан үүсгэхгүй байх хууль эрх зүйн орчныг бий болгомоор байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Хүн гүтгэх асуудал Эрүүгийн хууль, зөрчлийн хуулийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Яаралтай горимоор гүтгэх, доромжлох асуудлыг цэгцэлмээр байна. Улстөрчид нь ч үнэн, худал нь мэдэгдэхгүй, иргэд нь ч үнэн худал мэдээллээ ялгахгүй болоод байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудлыг яаралтай ярьж, гол асуудлууд руугаа ормоор байна. Цэргийн байгууллагын дэглэлтийн талаар мэдээлэл авмаар байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хууль болон дагалдах хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулж өгөөч. Засгийн газар энэ асуудал дээрээ нэгдсэн байр суурьтай болоод оруулж ирмээр байгаа юм. Тиймээс хойшлуулах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Орон нутагт ажиллаж, иргэдтэйгээ уулзаад ирлээ. Иргэд малын хулгай гаарсан, энэ төрлийн гэмт хэрэг хийсэн хүн 10 хоногийн албадан хөдөлмөр эрхлээд өнгөрч байна. Малын хулгай бол бүлэг гэмт хэрэг бий болоод байна. Тиймээс яаралтай Засгийн газар энэ асуудлаар зохицуулалт хийх ёстой. Мөн Эрүүл мэндийн сайд дөнгөж төгссөн эмч нарыг орон нутагт ажиллах шийдвэр гарсан нь орон нутгийн иргэд туршлагагүй эмч нарын туулай болмооргүй байна гэдгээ дамжууллаа. Улс төрийн хэрүүл хэрээс хэтэрлээ, одоо энэ асуудлаа зогсоож өгөөч гэж захиж байна.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

-Ер нь бол сар шинийн өмнө хэрүүлгүй, ажлаа хийх нь зөв байх. “Эрдэнэт”-ийн асуудлаар шүүхийн шийдвэрүүд гарсны дараа УИХ хэлэлцэх нь боломжгүй болов уу.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

-Сонгуулийн хуулиудыг өргөн барихад бэлэн болсон байгаа. Х.Нямбаатар гишүүний хэлсэн асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо анхааралдаа аваарай. УИХ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар ажлын хэсэг байгуулсан, тэд ойрын хугацаанд  энэ асуудлыг хэлэлцэх байх.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хойшлуулах горимын саналаар санал хурааж, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайланг сонсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж