Дауны хам шинжтэй монгол хүү НҮБ-ын индэрт үг хэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.01-нд нийтлэгдсэн

Дауны хам шинжтэй монгол хүү НҮБ-ын индэрт үг хэлжээ

Дауны хам шинжтэй хүмүүсийн IV их хурал энэ сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо болж, монгол хүүхэд анх удаа уг чуулганд үг хэлжээ. Монгол дахь дауны хам шинжтэй хүүхдүүдийг төлөөлж 20 настай Б.Дөлгөөн хүү тус хуралд оролцсон бөгөөд түүний хэлсэн үг дэлхийн олон орны зочид, төлөөлөгчийн сэтгэлд хүрсэн байна.

Б.Дөлгөөн дөрвөн настайдаа уншиж бичдэг болж, үргэлж ямар нэгэн шинэ зүйл сурч, мэдэхийг хүсдэг байсан нь олон хүүхдэд үлгэр жишээ болдог байжээ. Англи хэлийг ч тэр чамгүй сайн сурч байгаа гэнэ.

НҮБ-ын IV их хурал дээр хэлсэн үгэндээ тэрбээр “Намайг Дөлгөөн гэдэг, 20 настай. Би Монголоос ирсэн. Бүжиглэж, дуулж, хичээл хийх дуртай. Эмч надад дауны хам шинж гэсэн онош тавьсан ч энэ миний сул тал биш. Харин ч илүү олон хүн намайг хайрлаж, халамжлах боломж өгсөн. Би хөгжлийн бэрхшээлтэй биш. Харин надад өөр чадвар бий. Тэр бол хүмүүсийн намайг хайрлаж байгаа хайраар дамжуулан дэлхийн ертөнцийн буй бүхнийг хайрлаж, энэрэх сэтгэлийг бий болгож байгаа явдал. Би бол Монгол хүн. Монгол гэдэг бол ухаантай, нээлттэй, нөхөрсөг гэсэн үг юм шүү. Үүнийг дэлхийн хүмүүст түгээхээр би энд ирсэн юм” гэжээ.

"Б.Дөлгөөн хэлсэн үгээрээ дэлхийн зарим оронд Монгол гэдгийг монголиад, усан тэнэг гэдэг үүднээс ойлгодог хандлагыг залруул, Монгол хэмээх үгний зохисгүй хэрэглээний эсрэг мессэжийг дэлхийн олон түмэнд түгээхийг хүссэн" хэмээн түүний ээж Ч.Эрдэнэчулуун онцолсон байна.

Т.АНУ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж