Боловсролын бодлого, системийг цахим эринд бэлтгэхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Боловсролын бодлого, системийг цахим эринд бэлтгэхийг уриаллаа

Боловсролын бодлого, системийг цахим эринд бэлтгэхийг уриаллаа

Лондон хотноо 2019 оны 1 дүгээр сарын 21–23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад нийт 95 орны 1263 төлөөлөгч оролцож, “Бид юуг мэдснээр юуг бүтээж болох вэ? Боловсролын тогтолцооны бодлого, хэрэгжилтийг хөгжүүлж, үр нөлөөг дээшлүүлэх нь” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн боловсролын сайд нар өөрийн орны боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэж байгаа арга зам, багшийн хөгжлийн талаар баримталж буй бодлого, ололт, амжилтаасаа хуваалцсанаас гадна дэлхийн томоохон их, дээд сургуулиудын багш, судлаачид дээд боловсролын чиг хандлагын талаар танилцууллаа.

Технологийн эрин зуунд амьдарч буй ирээдүйн иргэдэд боловсролыг үр өгөөжтэй, зөв арга барилаар олгохын тулд цахим технологи, интернэтийн өсөн нэмэгдэж буй хэрэглээнд суурилсан сургалтын шинэ хөтөлбөр, боловсролын загвар боловсруулах шаардлагатай байгааг оролцогчид хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулагддаг 16 дахь удаагийн энэхүү чуулга уулзалтад манай улсаас БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оролцсон бөгөөд тэрээр чуулга уулзалтад оролцохын зэрэгцээ Кембриджийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх талаар Кембриджийн Олон улсын үнэлгээний төвийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон юм.

Чуулга уулзалтын үндсэн хэлэлцүүлэг хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц ирээдүйд цахим технологи, интернетийн өсөн нэмэгдэж буй хэрэглээнд суурилсан сургалтын шинэ хөтөлбөр, боловсролын загвар боловсруулахыг шаардаж буй хэрэгцээ, хандлага, насан туршийн боловсрол, түүнчлэн боловсролыг яс үндэс, хэл соёл, газар нутгаас үл харгалзан хүртээмжтэй олгох, сурах үйл явцад багш, эцэг эх, сурагч, хамт олны оролцоог идэвхжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд өрнөснөөс хамгийн чухал сэдэв нь улам бүр цахимжиж буй боловсролын үйл явцад улс орнууд одооноос бэлтгэхийг уриалсан явдал байлаа.

Боловсролтой хүн хэзээ ч эрүүл мэндээ эрсдэлд оруулдаггүй

Боловсролтой иргэд бол улс орны хөгжлийн гол тулгуур мөн. Иргэдийнхээ боловсролд хөрөнгө зарцуулж буй улс орнууд хөгжиж байна. Ихэнх хүн эрүүл мэнд чухал гэж үздэг. Гэвч боловсрол нь эрүүл мэндээс илүү чухал гэнэ. Яагаад гэвэл боловсролтой хүн хэзээ ч эрүүл мэндээ эрсдэлд оруулдаггүй. Иймээс дэлхий нийтээрээ боловсролд бүх анхаарлаа хандуулъя. Ингэхдээ иргэдийнхээ хувьсан өөрчөгдөж буй сэтгэлгээнд зориулсан боловсролын бодлого, хөтөлбөр, загвартай болох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл технологийн хурдтай хөгжил биднийг боловсролын загвараа өөрчилөхөд хүргэж байна. Тэр нь цахим боловсролын загвар.

Education World Forum: “Дэлхийн хүн амын дунд дундаж давхаргын эзлэх хувь өсөн нэмэгдэж байгаа учраас цаашид тэдэнд чиглэсэн боловсролын хөтөлбөр түлхүү хэрэгтэй байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд интернетийн хэрэглээ дэлхий дээр 2 дахин өссөн судалгаа гарсан. Тиймээс интернет, технологид суурилсан боловсрол олгох шинэ загварт шилжихгүй бол массаар нь суулгаад массаар нь хичээл зааж, боловсрол олгодог систем хоцрогдож байгааг эцэг эхчүүд ч, боловсролын байгууллагууд ч ойлгох хэрэгтэй болсон байна.

Анхаарах зүйл: Боловсролын цахим загвар системийг боловсруулахдаа интернетийн орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хөтөлбөрөө цогцоор нь боловсруулах нь чухал хэмээн үзэж байна.

Боловсролын тогтолцоонд бодлогын өөрчлөлт хийх цаг болсон

Чуулганд оролцогчид цахим хувьсгал, цахим боловсролыг дагаж олон зүйлийг өөрчлөх шаардлагатай болж буйг онцолж байлаа. Тухайлбал, үнэлгээний систем, багшийн тасралтгүй хөгжлийн асуудлын талаар онцгойлон анхаарах ёстойг сануулсан. Өөрөөр хэлбэл зөвхөн сургалтын системийг сайжруулаад үр дүнд хүрэхгүй ба өндөр хөгжилтэй орнуудад хүртэл багш нарт өөрийгөө хөгжүүлэх боломж, цаг зав олдохгүй байна. Тиймээс багш бүрийг тасралтгүй хөгжүүлэхэд улс орнууд анхаарах хэрэгтэй гэлээ. Эцэст нь боловсролын системийн бодлогын өөрчлөлтийг тасралтгүй хийх хэрэгтэй, учир нь шинэ систем, шинэ зүйл бүхэнд тохирсон шинэ бодлого шаардлагатай. Товчхондоо улс орон бүр өөрийн онцлогтоо тохируулан одооноос эхэлж системээ, бодлогоо, багшаа, хүүхдээ бэлтгэх хэрэгтэй байна гэсэн гол концепци энэ удаагийн Education World Forum-ын үндсэн сэдэв байв. Мөн насан туршийн боловсролын асуудлыг нэлээн өргөн хүрээнд хөндөж хэлэлцсэн. Мөн л технологийн хөгжилтэй холбоотойгоор иргэдийг ажлын байран дээр нь байнга хөгжүүлж, боловсрол олгож байх нь чухал болохыг онцолж байлаа. Энэ нь эргээд боловсролтой хүн эрүүл мэндээ эрсдэлд оруулдаггүйгээр барахгүй амьдралаа ч аваад явчихдаг гэсэн гол агуулгыг тодотгож байлаа.

Дэмиан Хайндс: Шинэ технологи манай дэлхийг гэрлийн хурдаар өөрчилж байна

Чуулга уулзалтыг Британийн Парламентын гишүүн, боловсролын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Дэмиан Хайндс нээж үг хэлэв.

“Өнөөдөр шинэ технологи, шинэ аж үйлдвэр манай дэлхийг гэрлийн хурдаар өөрчилж байна. Сэтгэн боддог машинууд, хиймэл оюун ухаан, роботууд, энэ бүхэн өндөр технологи бүхий ирээдүйг бүтээж байна. Улс орнууд ийм ирээдүйд ажиллаж, амьдрах боловсон хүчнээ бэлтгэхийн тулд өнөөдөр бүх анхаарлаа боловсролд хандуулж байна. Яагаад гэвэл дэлхий, дэлхийн эдийн засаг улам бүр даяарчлагдаж байна. Бид дараагийн үед зориулан өнөөдөр боловсролын хөтөлбөр болон боловсрол олгох үйл явцаа хэрхэн өөрчлөх тухайгаа ярилцах цаг болсон байна. Энэ бол тулгарч буй бэрхшээлээ ярилцаж, мэдээлэл, туршлагаа солилцож, хамтдаа сурч, хамтдаа хөгжиж, дэлхийн сонгодог боловсролыг үр хүүхэд, хойч үедээ олгох тухай ярилцах цаг. Бид туршлагаа хуваалцаж, ирээдүйн боловсролын тухай ярилцаж байна. Тэгснээрээ цаашид юуг хийж, хэрхэн хамтдаа хөгжих талаар ярилцах нь энэ удаагийн чуулга уулзалтын гол зорилго юм” гэлээ. Тэрээр даяарчилагдаж буй шинэ зуунд дэлхийн бүх хүнд тэгш эрхтэйгээр боловсрол олох шаардлагатайг мөн онцолж байсан юм.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн боловсролын сайд нар өөрийн орны боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэж байгаа арга зам, багшийг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, ололт, амжилтаасаа хуваалцаж, улам бүр хувьсан өөрчлөгдөж буй технологийн эрин зуунд ирээдүйн иргэдэд боловсролыг хэрхэн үр нөлөөтэй, зөв арга барилаар олгох зэрэг асуудлыг хөндөн ярилцсанаараа энэ удаагийн чуулга уузалт үр нөлөө өндөртэй болов.

Чуулга уулзалтын үеэр сайд Ц.Цогзолмаа ИБУИНВУ, Украйн, Энэтхэг, Болгар зэрэг орны Боловсролын сайд нартай уулзалт хийж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.

Кэмбриджийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх талаар санал солилцов

Чуулга уулзалт дууссаны маргааш БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Кэмбриджийн Олон улсын үнэлгээний төвд (2019.01.24) зочилж, Кэмбриджийн стандартыг Монголд нэвтрүүлэх, Кэмбриджийн олон улсын үнэлгээний төвтэй цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах асуудлаар санал солилцсон юм.

Манай улсын боловсролын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэхээр 2011 онд БСШУСЯ, Кэмбриджийн олон улсын үнэлгээний төвтэй хамтран ажиллах “Cанамж бичиг” байгуулж, “Монгол–Кэмбриджийн боловсролын шинэчлэл” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд Монголын ерөнхий боловсролын сургалтын зарим агуулга, хөтөлбөрүүдийг Кэмбриджийн хөтөлбөрт нийцүүлэн шинэчилсэнээс гадна Кэмбриджийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэх “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн дунд сургуулиудыг байгуулсан. Одоогоор дээрх гурван сургуульд 800 гаруй сурагч амжилттай суралцаж байна.

Кэмбриджийн хөтөлбөр үр дүн сайтай байгааг талууд онцлоод цаашид хөтөлбөрийг хэрхэн тэгш хүртээмжтэй, өргөн хүрээнд түгээх талаар санал солилцсон. Хамгийн чухал нь улс орныхоо онцлог, соёл, ёс заншлыг тусгасан, олон улсын стандарт түвшинд хүрсэн хөтөлбөр хэрэгтэй байгааг сайд Ц.Цогзолмаа онцолж байлаа. Кэмбриджийн үнэлгээний төвийнхөн цаашид уян хатан нөхцөлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Уулзалт ажил хэрэгч, найрсаг уур амьсгалтай боллоо.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж