-Өнөөдрийн байдлаар 95 хүн улаанбурхан туссаны 22 нь насанд хүрэгчид. Тэдний дотор эмч, эмнэлгийн ажилтнууд ч халдвар авчээ-
Манай улсад улаанбурхан өвчин дэгдэлт байдлаар гарсан тул Эрүүл мэнд, спортын яамнаас хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд тус яамны дэд сайд Д.Атармаа, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Су Нюунт-У нар оролцсон юм.
2010 оноос хойш Монгол Улсад улаанбурхан буюу корь өвчин бүртгэгдээгүй учир уг өвчнөөс ангид улс болсныг илтгэж гэрчилгээ гардуулан дэлхий нийтээр зарлаж байсан нь яг жилийн өмнөх явдал. Тэгвэл 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр улаанбурхан өвчнөөр өвдсөн анхны өвчтөн эмнэлэгт хандсан байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 333 сэжигтэй бурхан тохиолдол бүртгэгдэж, тэднээс 95 нь корь туссан болох нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Тэдгээр хүмүүсийн 22 нь насанд хүрэгчид бөгөөд тэдний дотор эмч, эмнэлгийн ажилтнууд ч багтжээ. Нэгэнт улаанбурхан өвчин дэгдсэн нь тодорхой болсон тул ДЭМБ-ын суурин төлөөлөгч, НҮБ-ын хүүхдийн сан зэрэг газруудад хандаад байгаа ажээ. Уг өвчний дэгдэлтийг бууруулахын тулд зургаан сартайгаас таван нас хүртэлх бүр хүүхдийг вакцинд хамруулах шаардлагатай байгаагийн дээр сүүлийн жилүүдэд эл өвчин дэгдээгүй учир оношлогоо, тандалтад эмч нарын туршлага дутмаг байдал ажиглагдсан тул сургалт, сурталчилгааг явуулах шаардлагатай байгаа гэнэ.
Анхны өвчтөн насанд хүрсэн оюутан байсан нь уг өвчин гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн байж болзошгүйг Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаа хэлж байлаа. Энэ удаагийн улаанбурханы вирусын омог нь БНХАУ-ын омогтой ижил төстэй байгааг ДЭМБ-ын суурин төлөөлөгч дурдаад энэхүү дүгнэлтээ баталгаажуулах үүднээс сорьцыг Хонконг руу илгээнэ гэсэн юм.
Улаанбурхан буюу корь өвчин 2001 оноос хойш дэгдэлт байдлаар гараагүйн дээр 2010 оноос хойш нэг ч өвчлөл бүртгэгдээгүй тул ДЭМБ-аас гэрчилгээ гардуулж байсан байна. Манай улстай хамт Австрали, Малайз, БНСУ уг гэрчилгээг авч байсан бөгөөд дээрх орнуудад улаанбурхан өвчин өнгөрсөн онд дахин бүртгэгджээ. Улаанбурханы товлолт вакциныг хүүхэд бүрт есөн сартай болон хоёр настайд нь хийдэг ч дархлаа суларсан болон суурь өвчтэй хүмүүс эл өвчнөөр өвдөж эхэлжээ. Хүүхдүүдийн хувьд хөхөөр хооллодоггүй, сульдаатай хүүхдүүд илүүтэй өртөж байгаа ажээ. Тиймээс зургаан сараас таван нас хүртэлх бүх хүүхдэд улаанбурханы вакцин хийхээр болжээ.
Д.ЦЭЭНЭ