Худеа охин
Сирийн дөрвөн настай охин гэрэл зурагчны камерыг зэвсэг гэж бодон гараа өргөн бууж өгч буй зураг цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Зураг дээрх бяцхан охины нэрийг Худеа гэдэг. Тэрээр Туркийн хилийн ойролцоох Сирийн дүрвэгчдийн “Атмех” хуаранд ээж, ах, эгчийнхээ хамт амьдардаг аж.
Гэрэл зурагчин Надя АбуШабан охины зургийг авахаар камерны дурангаа чиглүүлэхэд бяцхан охин уруулаа жимийн айсан байдалтай гараа өргөсөн байна. Энгийн үед хүүхдүүд гэрэл зургийн камер хараад зугтаж, нүүрээ нууж, инээмсэглэдэг аж. Худеа охины зураг дайн, тулаан бяцхан хүүхдүүдийн сэтгэхүйд хэрхэн нөлөөлж буйг харуулж чаджээ.
Тэрээр охины зургийг өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Твиттерээр жиргэснээр цахим сүлжээгээр түгэж, дэлхий нийтийн анхаарлыг татжээ. Охины зураг Твиттерт 9000 удаа дахин жиргэгдсэнээс гадна “Tumblr”, “Reddit”, “Facebook” зэрэг бусад цахим сүлжээгээр тарсан байна.
НҮБ-ын мэдээгээр таван жил үргэлжилж буй Сирийн иргэний дайнд 220 мянга орчим хүн амь үрэгдэж, хэдэн сая хүн орон гэргүй болж дүрвэжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: 7news