"Эмоци" продакшны жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Анхбаяр нар "Гурван найз яасан байх нь уу?" хэмээх уран сайхны киногоороо үзэгчидтэйгээ дахин уулзахаар болжээ. Гадны сериал тэр тусмаа солонгос киноноос уяатай байдаг үзэгчдийг "Гурван найз" олон ангит кино өөртөө татаж чадсан билээ. Тус киноны адал явдлууд дуусаагүй бөгөөд "Гурван найз яасан байх нь уу ?" бүрэн хэмжээний уран сайхны инээдмийн киногоор үргэлжилж байна. Энэхүү кино гол санаа нь найз нөхөрлөлийн үнэ цэнийг харуулахад чиглэгдсэн байна. Өмнөх дөчин ангит кино зохиолоосоо өөр шинэлэг адал явдал үзэгчдийг угтсан дэлгэцийн энэ бүтээл нь дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийх юм байна.
"Гурван найз яасан байх нь уу? кинонд "Эмоци" продакшины залуу жүжигчид тоглохоос гадна жүжигчин Т.Бархүү, А.Туяа, "Маск" продакшны Д.Дэлгэрсайхан нар оролцон тогложээ. Кино зохиолыг жүжигчин О.Тэмүүжин, зохиолч Ж.Оргил нар хамтран бичиж, найруулагчаар нь Ч.Ганзориг ажиллажээ. "Гурван найз яасан байх нь уу ?" уран сайхны кино нь гурван дуутай. Уг киноны дуунуудыг дуучин Цэлмүүн, Цэцэ нар хамтарч, мөн"Бид 4", "Lumino" хамтлагууд тус тус дуулжээ.
Өнөөдөр инээдмийн баярын өдөр. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярын өдрөөр Д.Түвшинтөр , О.Тэмүүжин нар ихэд завгүй байдаг гэнэ. Тэд өнгөрсөн жилийн энэ өдөр нэг ч хүнд хууртаагүй энэ жил мөн л адил хууртах завгүй явж байгаагаа хэлэв.
Жүжигчин Д.Түвшинтөр “Ёвропын орнуудад байгаа монголчууддаа зориулсан аялан тоглолт, хөдөө орон нутгийн үзэгчиддээ толилуулах тоглолтын бэлтгэл ажил их” гээд тун завгүй байгаа учирласан. Харин О.Тэмүүжин бидний хүсэлтийг зөвшөөрсөн юм.
-Инээдмийн баярын өдөр та манай уншигчдад зориулаад нэг онигоо ярьж өгөөч.
-За. Нэг залуу ярьж байна. Намайг цэцэрлэгт байхад манай ангид нэг сахилгагүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан тэр бүх хүүхдийг зодож дийлдэг ганцхан намайг л дийлдэггүй, яагаад гэхээр би их том биетэй байсан. Гэхдээ би тэр хүүхдийг нэг өдөр зодчихсон чинь намайг цэцэрлэгээс хөөсөн. Яагаад чамайг цэцэрлэгээс хөөж байгаа юм гэсэн чинь, Манаач байж хүүхэд зодлоо гээд…
Дашрамд дурдахад тэр ч бас өнөөдөр тун завгүй байгаа гэнэ лээ. "Гурван найз яасан байх нь уу? кино нь цааш үргэлжилсээр байх бөгөөд гадаадад яасан байх нуу? Баруун этгээдэд зорьчсон нь гэх мэтээр дараа дараачийн үйл явдлуудыг үзэгчдэдээ хүргэхээр зорьжээ.
Г.ТУНГАЛАГ