Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Төр эзгүй цагаан сар

Төр эзгүй цагаан сар

-Тамга эзгүйрсэн таагүй золголтоор “Урвуулагч”-аа угтах уу-

Найман зууны тэртээ тархай бутархай байсан монгол аймгууд нэгдэн Их монгол улсыг байгуулаад Тэмүүжинг хаан ширээнд залах ёслол нь хөхөгчин үхэр жилийн өвлийн сүүл сарын эцэс, улаан барс жилийн хаврын тэргүүн сарын эхээр товлогдож цагаан сараа төрт ёсны баяр, эв нэгдлийн баяр болгон тэмдэглэн ирсэн байдаг.

Цагаан сар төрт ёсны баяр болсноор гавьяатнаа шагнаж, хааны зарлигаар зарим ялтанг уучилж хэлтрүүлэх уламжлал ч тогтсон гэдэг.

Богд хаант Монгол улсын үед цагаан сарын үеэр сайд, хан, ван, бэйл, бэйс гүн зэрэг ноёд хутагт хувилгаад, хамба, цорж хийгээд ардууд төрийн ордонд морилон ирж, хаанд бараалхан шинэлэх, жагсаал ёслол үйлдэх тусгай тогтоосон дэг журамтай байв. Түүнчлэн шинийн 1-ний өдөр дэмий сэлгүүцэх, их дуу чимээ гаргах, шахцалдан үймэх зэрэг зүй зохисгүй үйлдэл гаргахыг хуульчлан хоригложээ. Мөн цагаан сарын шинийн 1-нээс найман хүртэл төрийн ордон, сүм хийд, яамдын дээр төрийн далбааг мандуулдаг ёстой байв. Монголын анхны төр улс Хүннүгийн үед ч, Чингис хааны байгуулсан Их Монгол улсын үед ч ноёд, язгууртнууд цагаан сарын үеэр цөм төрийнхөө ордонд одож, баяр ёслол үйлддэг байсан гэж зарим баримтад тэмдэглэн үлджээжээ.

Цагаан сарын шинийн 1-ний өглөө монголчууд төрийн тэргүүнийхээ орд өргөөний зүгт хандан залбирч, төрийнхөө сүлдэнд мөргөн ёсолдог. Энэ бүхэн нь цагаан сар бол төр ёсны баярын гэрч, ард түмэн маань төр ёсоо гүн эрхэмлэдэг, төр засаг нь олон түмнээ хүндэтгэдэг соёл байв.

Өнөөдрийн монголчууд ч мөн адил өөр хоорондоо золгохын сацуу төрийн их золголтоо телевизээр сонирхож өмссөн зүүсний өнгөтэй өөдтэй, өгүүлэх үгийн чинад утга билэгдлийг тунгаан төрдөө сүсэлдэг хэвээрээ билээ.

Харин өнөө жилийн хувьд энэ нөхцөл байдал нэг л өөр. Тухайлбал, 76 гишүүнээс бүрддэг УИХ нь бүл дутуу, дээр нь даргагүй. Засгийн газрын бүрэлдэхүүн бас л “эмтэрхий”. Нийт хүн амын талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатар хотдоо оршин сууж буй ч бас л даргагүй, тамга нь өнчирч суудал нь эзгүйрсэн тав муутай, сэтгэлд зэврүүн.

Ийм нөхцөл байдалтайгаар “Урвуулагч” хэмээх гахай жилээ угтаж байна. Олон жил сар шинээ угтахдаа хаа сайгүй эзэнгүй суудал, түр орлогчид тамга манасан ийм цагаан сар тааралдаж байсангүй.

Энэ хэний буруу вэ. Мөрөөрөө үйл ажиллагаа явуулж байсан, төрийн эрх барих дээд байгуулллагыг МАН-ын дарга У.Хүрэлсүх хагалан бутаргаж “шударга ёсны” ба “шударга бус ёсны” гишүүдтэй мэт болгож талцуулсан. Хэн нэгний “муу аргаар бодож боловсруулсан” гэмээр дуу хоолойг дугуй толинд хараад байгаа юм шиг фото зураг оруулаад л төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр зарсан гэж олон нийтэд ойлгуулсан нь эдүгээ хэрэг юм уу гэхээр нотлогдож яллагддаггүй. Хэрэг биш юм уу гэхэээр өөрөө хүртэл гэрчилж ярьсан байдаг. Хардлага, гэмт хэрэг хоёроо үл ялгах харалган үйлдлийнх нь харгайгаар ард иргэдийн төрд итгэх итгэл илтэд буурлаа. Төрийн эрх барих дээд байгууллагаа тараая, саринуулж бутруулъя гэж, УИХ-ын даргыг өрөөнөөс нь чирч гаргана гэж амлах, хутга ханцуйлсан босогчид УИХ-ын гишүүнийг дагалдан төрийн хамгаалалтыг үл тоон ҮАБЗ-ийн гишүүний өрөөнд дайрч орсон ёс бус үйл явдлууд болж өнгөрлөө. Тийм ч таатай бус арга замаар санасандаа хүрлээ, одоо сар шинийн өмнө эвлэрэх болов уу гэтэл дахиад л томилгооны толхилцоон, тохиролцоо үргэлжилж байна.

Хуулийн дагуу НИТХ-ын сонголтоор дэмжигдсэн Нийслэлийн Засаг даргыг тодорхойгүй шалтгаанаар батламжлахгүй байна. Дахиад л Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх. Сонгогдсон Засаг дарга батламжаа хүлээж, хариу авах гэхээр “судалж байна” гэдэг гэнэ.

Тэгвэл эхлээд судлагдаад дараа нь НИТХ-аар хэлэлцүүлж сонгоно гэж яаралтай хуулиа зохиохгүй яагаад ийм үл ойлгогдох байдал үүсгэнэ вэ.

Энэ бүхэн хэнд хэрэгтэй гэж. Эвийн билэгдэл цагаан сараар хар муу бүхнээ мартаж сайн сайхныг хэлэлцэх төрийн их золголтын үеэр энд тэндгүй эмтэрхий онгорхой байх хэнд сайхан гэж. Сүүлдээ “сүх бол хагалах хэрэгсэл” гэж бодох хүртэл аргыг нь барж буй энэ улсын эрх мэдлийг төвлөрүүлэн атгах их хүсэлтэн “хагалах тусам хагарна” гэх эртний хятадын технологийг сонсч байсан болов уу. Гуравхан сая хүн амтай энэ улс оронд ийм хямрал, хагарал ард иргэдэд нь аятай санагддаггүй юм байна.

Одоо Монголын ард түмэн эв нэгдлийн илэрхийлэл болсон Төрийн тэргүүнийхээ зүг горьдонгуй харж байна. Өөрийн эрх мэдлийн хүрээнд эвийн цавуу мэт үгсээ хэлж эвлэрлийг хайрла, Ерөнхийлөгч өө! Гэм зэмтэй, сэтгэлд сэвтэй зүйлтэйгээ эвлэр гэсэн үг биш монгол хүн монгол хүнтэйгээ эв эеээ хичээж, тамга бүхэн эзэнтэй, суудал нь халуун дулаанаараа байж үүрэгт ажлаа бүл бүтэн хашсан тийм л зөв байгууламжийг хүсч байна. Энэ бол төр. Гэтэл “дайны талбар” мэт үгийн муухайг уралдуулж, үйл бүхэн нь сэвтэй цөвтэй болчихож. Сайн удирдагч, энэ улс орны жолоодогч, эх оронч ийм байдлаар ажилладаг гэж үү. Цаана хэнд таалагдахаа бус, чадна гэж итгэсэн хэдэн бор иргэдээ бодоод жил жилийн өнгийг тодорхойлдог сар шинийн өдрөөр сав биш ч сэтгэл дүүрэн, амгалан тайван байлгахыг л ард иргэд тань хүсч байна, Монголын хамгийн том дарга нар аа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж