"Хүнийг яаж харлуулж болдгийг би биеэрээ мэдэрсэн" | News.MN

"Хүнийг яаж харлуулж болдгийг би биеэрээ мэдэрсэн"

"Хүнийг яаж харлуулж болдгийг би биеэрээ мэдэрсэн"

"Хүнийг яаж харлуулж болдгийг би биеэрээ мэдэрсэн"

УИХ-ын гишүүн М.Билэгттэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


“М.ЭНХБОЛД ДАРГА МАНАЙ НАМЫН 37 ГИШҮҮНД ТААЛАГДСАНГҮЙ”

-УИХ-ын даргыг албан ёсоор гишүүдийн олонхын саналаар чөлөөллөө. Үүнийг нөгөө талдаа парламентын тогтворгүй байдлыг бий болгож байна гэж шүүмжлэх хүмүүс олон байна. Та ч бас чуулганы хуралдааны үеэр ийм байр суурь илэрхийлж байсан?

-2016 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн 76 гишүүн, тэр дундаа МАН-ын 65 гишүүн санал нэгдэж, УИХ-ын дарга М.Энхболдыг томилсон. Томилогдсоноос өнөөдрийг хүртэлх хугацаанд УИХ-ын дарга Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн, хууль бус үйлдэл хийгээгүй. М.Энхболд таалагдсангүй гэдэг үндэслэлээр огцруулах гэсэн манай намын хэсэг гишүүний тэмцэл хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг хоёр сар орчим бойкотолсон. УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй, жирийн иргэдэд хэрэгтэй хууль тогтоомжууд тасралтгүй хэлэлцэгдэж, мэтгэлцээн дунд батлаад явах нь сонгогчдынхоо төлөө, улс орон, нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн гишүүний үүрэг. Гэтэл намын дотоод хэрүүл тэмцэл, зөрчилдөөнөөс үүдэж, парламентын үйл ажиллагааг гацааж, бойкотолсон үйл явцыг ард түмэн харсан. Энэ үйл явцын хажуугаар 27 гишүүнийг УИХ-ын дарга М.Энхболдыг өмөөрөгч, хамгаалагчид хэмээн цоллож, нийгэмд буруу ойлголт төрүүлэх үйл явцыг сошиалаар тасралтгүй явууллаа. Угтаа бол энэ 27 гишүүн УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах үүргээ биелүүлсэн. Тиймдээ ч УИХ-ын дарга, төрийн эрх барих дээд байгууллагын дарга нь хуулиа л барьж ажилласан. Бид эрх зүйт төртэй бол бүх зүйл хуулийн дагуу явах ёстой. УИХ-ын дарга М.Энхболд нэг хэсэг бүлэгт таалагдаагүйн төлөө хууль бусаар огцруулаад байвал хаана хууль хэрэгжих юм бэ. Жирийн иргэд яаж хуулийн дагуу эрх ашгаа хамгаалуулах вэ. Хурал бойкотолж байсан гишүүдийн үйлдэл хуулийн дагуу биш гэдэг нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан Дэгийн тухай хууль болон УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д оруулж ирснээр нотлогдсон. УИХ-ын дарга сая 2019 оны нэгдүгээр сарын 25-нд шинээр батлагдсан хуулийн дагуу албан ёсоор чөлөөлөгдлөө. Энэ хүнийг 60 тэрбумын хэрэгтэй холбож, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэдэг шалтгаанаар чөлөөллөө. 60 тэрбум бол 2016, 2017 оны сонгуулиар МАН-ын эсрэг хийсэн эвлүүлэг бүхий сөрөг пи-ар байсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сонгохдоо МАН-ын гишүүд М.Энхболдод итгэл хүлээлгэсэн.

Тухайн үед одоогийн энэ гишүүдээс “Та МАНАН-ийн толгойлогч, 60 тэрбумын гол буруутан” гэж хэн ч хэлээгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа М.Энхболдын эсрэг явуулсан пи-арыг ашиглаад л өнөөдрийн үйл явц өрнөсөн гэж харж байна. Товчхондоо, М.Энхболд дарга манай намын 37 гишүүнд таалагдсангүй.

Хууль эрх зүйн тодорхой үндэслэл байхгүй байна гэдэг шүүмжлэлийг чуулганы хуралдаанд олон гишүүн хэлж байсан?

-Ердөө М.Энхболд төрийн албанд олон хүн томилуулаад л 60 тэрбумыг босгосон гэж яриад байгаа. Гэтэл 60 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын томилгоогоор бүрдүүлсэн бол төрийн албанд хамаатан садан, ах дүү нар, сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсан, хандив авсан хүмүүсийнхээ хамаарал бүхий этгээдүүдийг томилуулсан хүмүүс нь энэ 65 гишүүн бүгд мөн. 2016 оны арваннэгдүгээр сарын сүүлээр МАН-ын 65 гишүүн, Удирдах зөвлөлтэй хамтран өртгөсөн хурал хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хэн гэдэг гишүүн хаана, хэнийг ажилд оруулсан бэ гэдгийг слайдаар бэлтгэн өргөтгөсөн хуралдаанд танилцуулсан. Тиймээс энэ ургийн модоо зураад, хэлэлцүүлэг хийх үүргийг УИХ-ын дарга 2018 оны 12-р сард тавьсан ч хийлгээгүй. Хамгийн их олон хүн томилуулж, ургийн мод бий болгосон гишүүд нь одоогийн шантааж хийж байгаа гишүүд дунд байсан байх. УИХ-ын дарга М.Энхболд огцорлоо гээд 60 тэрбумын асуудал орхигдохгүй нь ойлгомжтой. Одоо ч тэр бэлэн ургийн модоо олон нийтэд ил зарлаад, хэлэлцүүлэг хийх ёстой. Хүний ярьсан хэлсэн зүйлийг эвлүүлээд, хүнийг харлуулж болдог гэдгийг би өөрөө ч мэдэрсэн. Миний чуулганы хуралдаанд хэлсэн байр суурь, хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагыг урд дунд хойд хэсгээс нь хасч, намайг гутаан доромжлох, харааж зүхүүлэх зорилгоор сошиалаар  тарааж байна. Гэхдээ үүний ард захиалагч байгаа. Нийгмийг ийм буруу зүйл рүү турхирч болохгүй. Ялангуяа улстөрчид нь өөрсдөө өрсөлдөгчөө “намнах” зорилгоор захиалгаар нийгэмд буруу мэдээлэл, гүтгэлэг  тараах нь маш буруу. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Монголын нийгмийг, ард иргэдийг төрд итгэх итгэлгүй болгосон нь энэ 28 жилийн хугацаан дахь улстөрчдийн өрсөлдөөнөөс бий болгосон алдаа.

““МОНЛАА” ХХК-ИЙН ЗАХИРАЛД МӨНГӨ ЗЭЭЛҮҮЛЖ, АВЛАГЫНХАА БАРЬЦААНД НЬ ХУВЬ  ЭЗЭМШИЖ БАЙСАН”

-Тантай холбоотой мэдээллүүд сошиалаар маш их  гарах боллоо. Хамгийн сүүлд гэхэд таныг Сингапурын газар нутгаас хоёр дахин том лиценз эзэмшдэг гэх мэдээлэл сошиалд гарсан?

-Бизнес  хийдэг хүмүүс бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр янз бүрийн л замнал туулдаг. Миний хувьд өдийг хүртэл хийж, бүтээж ирсэн бизнесээс бий болгосон хуримтлал нь уул уурхайтай ямар ч хамааралгүй. Нийгмийн шилжилтийн үед бусдын жишгээр ганзагын наймаа хийж,  хуримтлуулыг бий болгохдоо өгсөн авсандаа өлзийтэй байх бизнесүүдийг би хийж ирсэн. Намайг маш том газар нутаг бүхий лиценз эзэмшдэг гэх мэдээллийг сошиалд тавьсан байсан. Яагаад намайг ингэж бичих болов гэхээр “Монлаа” компанийн захирал бид хоёр нэг нутгийн бизнесменүүд. Бизнес бол итгэл дээр тогтдог. Би тухайн үед барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байсан. Өвлийн улиралд барилгын ажил зогсонги байдалд ордог учраас барилгын угсралтын хөрөнгө оруулалтын санхүүжилтэд нөөцөлсөн хуримтлалаасаа “Монлаа” компанийн захирлын хүсэлтийн дагуу  2012 оны наймдугаар сард зээлийн гэрээ хийж, сарын 1,3 хувийн хүүтэй 4 сая ам.доллар найман сарын хугацаатай зээлүүлж байсан юм. Гэвч зээлдэгч “Монлаа” ХХК-ний бизнесийн үйл ажиллагаанд доголдол үүсч, тооцоолж байсан ч зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл үүссэн. Тиймээс гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулан, авлагаа барьцаатай болгосон. Сингапурын газар нутгаас хоёр дахин том талбай бүхий лиценз гээд байгаа нь уг зээлийн барьцааг л хэлээд байгаа юм.

-Зээлдэгч талаас барьцаалах саналыг тавьсан юм уу?

-Тийм ээ. Зээлдэгч тал авлагынхаа барьцаа болгож, “Монлаа” ХХК-ийнхаа 50 хувийг зээлийнхээ авлагын барьцаанд тавих санал тавьсан. Тухайн үед зээлийн авлагаа буцаан авах хугацаа хэтэрч явсаар, хавар дулааны улиралтай золгож, миний барилга угсралтын ажилд санхүүжилт  дутагдаж эхэлсэн юм. Тиймээс эмнэлгийн барилга угсралтын ажлаа үргэлжлүүлэх  зорилгоор 2013 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас 4.0 сая ам.долларын зээл авч байсан. “Монлаа” ХХК-иас авах үндсэн зээл, зээлийн хүүний төлбөр бүрэн буцаан төлөгдөхгүй явсаар, 2016 онтой золгож, би УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон.

Тиймээс “Монлаа” ХХК-иас авах авлагын шаардах эрхээ хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, миний авлагын барьцаа болох тус компанийн 50 хувь албан ёсоор хүүгийн нэр дээр шилжсэн. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа гэрээгээ сунгаж байсан. Сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ Сонгуулийн ерөнхий хороондэнэ талаарх мэдээллээ өгсөн.

-Та авлагын барьцаанд авсан гэдгээ ХОМ-тээ тусгаж өгсөн юм уу?

-2015 оны  ХОМ-тээ “Монлаа” ХХК-ийн 50 хувь эзэмшдэг, гэхдээ авлагын барьцаанд  гэсэн тайлбартайгаар мэдүүлсэн байдаг. Мөн 2016 онд гишүүнээр сонгогдсоны дараа хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ “Монлаа” ХХК-ийн авлагаа хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн  гэдэг тайлбараа ч мөн өгсөн байгаа. Энэ мэдээлэл АТГ-ын сайт дээр тодорхой харагдаж байгаа. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд “Монлаа” ХХК-ийн эзэмшдэг лицензийг надтай холбож, гүтгэлгийн чанартай мэдээллийг тарааж эхэлсэн нь цаанаа улс төрийн зорилготой юм.

Эзэмшдэг лиценз нь Сингапурын газар нутгаас хоёр дахин том гэсэн  байсан. Та үнэхээр тийм том талбайг зээлийн барьцаанд эзэмшдэг юм уу?

-“Монлаа” ХХК-иас авах авлагынхаа төлбөр тооцоог тооцоо нийлсэн актаар жил бүр баталгаажуулж явсаар, зургаан жил зууралдсан байгаа юм. Тиймээс авлага, өглөгийн дүнгээ шүүхээр тогтоолгох зорилгоор Арбитрын шүүхэд хүсэлт гаргасан. Арбитрын шүүхээс бидний хүсэлтийг шалгах явцдаа Ашигт малтмал, газрын тосны газарт хандан “Монлаа” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй ямар лиценз байна вэ гэдгийг лавлагаагаар авсан байсан. Ашигт  малтмал, газрын тосны газраас Арбитрын шүүхэд ирсэн лавлагаанд “Монлаа” ХХК-ний нэр дээрх таван лиценз эзэмшдэг байснаас 1999, 2011, 2015 онуудад дөрвөн лиценз нь цуцлагдсан байгаа тухай тайлбарыг өгсөн байна лээ.

-Та зээлийн барьцаанд эзэмшдэг лицензийн талбайгаасаа уул уурхайн ашиг хүртдэг юм уу?

-Ямар ч ашиг хүртдэггүй. Тийм боломж нөхцөл ч байхгүй. Компанийн санхүүгийн асуудлаас үүдээд, тэр талбайг ашигладаггүй гэж ойлгосон. Дорноговь аймагт л байдаг гэсэн. Миний босгосон бизнес дунд уул уурхайн хамааралтай нэг ч компани байхгүй. Би уул уурхайн салбарт нэг хүрз шороо ч хөдөлгөж үзээгүй хүн. Үүнийг ёстой хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. Энэ бол миний хийдэг ажил биш, миний итгэл үнэмшилд ч нийцдэггүй. Ер нь бид уул уурхайн баялагаас олох орлогыг шүтэхээс илүүтэй уламжлалт мал ахуйн салбараа илүү хөгжүүлж, дэлхийн зах зээлд  гаргах боломжийг нь тэлж өгөхийн төлөө л зүтгэх ёстой юм. Энэ чиглэлд  хөдөө орон нутгаас сонгогдсон, мал ахуйгаа мэдэх УИХ-ын гишүүний хувиар би үгээ хэлж, тодорхой санаачлагууд гаргаж ажилладаг.

Тэгэхээр энэ мэдээлэл ямар нэг байдлаар улс төрийн зорилготой гэсэн үг үү. Та бас ярианы эхэнд захиалагчтай гэдэг үг дурдах шиг болсон?

-Би захиалагч байгаа гэж бодож байна. Би хэн нэгэнтэй албан тушаал булаацалдаагүй, хууль бус буруу зүйл хийгээгүй. УИХ-ын гишүүн болсноор улс орныхоо төлөө, сонгогчдынхоо эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй л гэж бодож, зүтгэдэг. М.Билэгт гэдэг хүнийг 2020 онд тойрогтоо дахин нэр дэвшихэд нэр хүндгүй болгох зорилготой холбоотой. Миний сонгогдсон тойрог дээр нэр дэвших гэсэн манай намын нэг, хоёр залуучууд, АН-ын гэсэн хоёр л чиглэлтэй хүмүүс бий. Намайг гүтгэн доромжлуулахын тулд хүн хөлсөлж,сошиалаар тараалгаж байгаа. Манай Баянхонгорынхон асуухаар нь, “Намайг гүтгэж, доромжилж байгаа хүмүүс хэн болохыг 2020 онд мэдэж аваарай. Миний сонгогдсон тойрогт АН, МАН-аас нэр дэвших хүсэлтэй хүмүүс л хийж байгаа” гэж хэлсэн.

-Та чуулганы хуралдааны үеэр хамгийн их үг хэлдэг гишүүдийн нэг, хэлсэн үгийг тань эвлүүлж, шүүмжилдэг. Энэ шүүмжлэлийг та хэрхэн хүлээж авдаг вэ?

-Жирийн иргэдийн зөрчигдөж байгаа эрх ашгийг хамгаалах зорилгоор хуульд нэмэлт өөрчлөлт хийж, тодорхой заалт оруулж ирэх ёстой л доо. Гэтэл энэ дотор санаатай болон санамсаргүй нэг хэсэг бүлэг хүмүүсийн захиалгатай юм шиг заалт орж ирээд байдаг юм билээ. Тиймээс жирийн иргэдийг эрх ашгийг хамгаалах заалтуудыг оруулахын төлөө өөрийн итгэл үнэмшлээрээ би нэлээн асуулт асууж, санал гаргадаг л даа.

Жишээлбэл, 2018 оны тавдугаар сард Улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагаад дөрвөн хуулийн өөрчлөлт орж ирсэн. Дагалдах хууль доторх Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хуулийн төслийн найман заалтад би өөрчлөлт оруулж батлуулж байсан. Оруулж ирсэн хуулийн төсөлд хэдэн арав, зуун га-аар газар эзэмшиж байгаа эзэмших эрхийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд оруулах заалтууд орж ирсэн. Ашигт малтмал болон тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн дагуу л маш том хэмжээний га газруудыг олон жилээр эзэмших зөвшөөрөл өгөгдсөн байдаг. Гэтэл дээрх хуулийн төслийн заалтаар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд иргэний хуулийн дагуу 10 ба түүнээс дээш жилээр  хууль ёсны дагуу газар эзэмшиж байсан бол иргэний шүүхээр өмчлөх эрхтэй болох нөхцөл үүсэх эрсдэлтэй байсан. Гэтэл иргэд 0,07 га газраа өмчилж авч чадахгүй л байна шүү дээ. Тухайн үед мөн ч олон өдөр чуулганы хуралдаан дээр би ганцаараа асуулт асууж  үг хэлсэн л дээ.

-Таныг тухайн үед хуулийн төслөө унш гэхчлэн шүүмжилж байсан?

-Эхэндээ тэгж хэлсэн. Асудлаа хөндөөд тавиад байхаар сүүлдээ гишүүд ойлгож, үнэхээр ард иргэдийн эрх ашигт нийцэхгүй  заалт байна гэж хүлээн зөвшөөрсөн юм. УИХ-ын дарга болон хуулийн төсөл оруулж ирсэн Хууль зүй, дотоод хэргийн сайддаа хүртэл ойлгуулж чадсан. Тэдний яамнаас орж ирсэн учраас Ц.Нямдорж сайд намайг яагаад үймүүлээд байна гээд дуудаж, уулзсан. Тэгээд би нөхцөл байдлыг тайлбарлаж, газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 0.07га гэх мэт хязгаартай заалтыг оруулахаар Ц.Нямдорж сайд өөрийн гараар хуулийн төсөлд оруулах  томьёоллыг бичиж өгч байсан. Тэгээд ажлын хэсэгт хэлж, ойлгуулж байж дээрх хуулийн төслийн найман заалтыг өөрчлүүлж байсан.

Би зөвхөн өөрийгөө бодоод барилга барих зориулалтаар авсан өөрийнхөө 10-аас дээш жил эзэмшсэн газраа өмчилж авах санаа агуулсан бол дээрх заалтуудыг өөрчлүүлэх гэж зүтгэхгүй л байх байсан. Гэхдээ би тэгээгүй, хойч ирээдүйдээ газар нутгийг нь аль болох сонголттой үлдээхийн тулд байсан учраас эцсээ хүртэл тэмцэж, бүр хэвлэлийн хурал хийнэ гэж дуугарч байсан. Нийтийн эрх ашиг, залуучууд, иргэдийнхээ эрх ашгийн төлөө УИХ-аар орж ирж байгаа хуулийн заалт бүрийг уншиж, байр сууриа илэрхийлэхийг хичээдэг.

“ХАВДРЫН ӨВЧЛӨЛТЭЙ ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХЯМД ОЧИХ БОЛОМЖ БҮРДВЭЛ НАДАД ТАТГАЛЗАХ ЁС ЗҮЙ БАЙХГҮЙ”

Эрүүл мэндийн сайд таны барьсан хавдрын эмнэлгийг төрд авах асуудлыг судалж байгаа гэсэн. Нөгөө талаар таныг өөрийнхөө эмнэлгийг улсын эмнэлэгт “шахах” нь гэх шүүмжлэл ч яваад байгаа?

-Тодорхой хугацаанд  бизнес эрхэлж, хуримтлал бий болгоод Монгол улсын сүүлийн 20 гаруй жилд хамгийн уналтад орсон эрүүл мэндийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж хөрөнгө оруулалт хийе гэж шийдсэн. Тэр дундаа хавдрын өвчлөл нэмэгдсэн, монголчууд маш их мөнгө зарж, өр тавиад гадаадад эмчилгээнд явдаг болсон. Гадаад явж байгаа замын зардлаараа Монголдоо өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн оношлогоо эмчилгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Монголдоо гадаадын өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн үйлчилгээний менежментийг нутагшуулах зорилгоор өндөр хөгжилтэй орны эмнэлгийн барилгын стандартыг хангасан эмнэлгийн барилга барих төслийг хэрэгжүүлэхээр 2010 оноос судалж эхэлсэн.

Ингээд Японы мэргэжлийн компаниар ТЭЗҮ хийлгэж, зөвлөх үйлчилгээгээ аваад 2012 онд эмнэлгийн барилгын ажлаа эхлүүлж байсан. Эмнэлгийн эхний барилга 2014 оны сүүлчээр ашиглалтад орох байсан ч мөнгө шантаажлагчдаас болж шүүхийн маргаан үүсэж төсөл хэрэгжүүлэх ажил гацсаар гурван жил болсон. Харин эмнэлгийн барилга барихаар шилжүүлж авсан газрын болон төрийн байгууллагуудаас авсан холбогдох бүх зөвшөөрөл хуулийн дагуу олгогдсон гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр батлагдан гарсан. 2017 оноос хөрөнгө оруулалтын нэмэлт санхүүжилтийн зээлээ хөөцөлдөж, тухайн оны сүүлчээр эмнэлгийн барилга угралтын ажил үргэлжлэх нөхцөл бүрдсэн юм. Энэ эмнэлгийн барилгын асуудлаас үүдэж, би олон бэрхшээлийг даван туулсан. Эцэстээ яг олон улсын стандарт нийцсэн эмэнэлэг барьж чадлаа. Ард олонд минь хэрэг болно гэсэн сэтгэлээр одоо баяртай л байна

-Тэгээд ХӨСҮТ-ээс төрд эмнэлгээ худалдах саналыг танд тавьсан гэж үнэн юм уу?

-Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд эхний барилга болох 120-н ортой эмнэлгийн барилгаа ХСҮТөв эмнэлгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, төрд концессоор өгөөч гэж хавдрын өвчтэй иргэдийнхээ зовлон бэрхшээлийг тайлбарлаж, надтай уулзсан. Хамгийн гол нь эрүүл мэндийн төрийн үйлчилгээ хямд очих боломжтой гэдэг үүднээс Хавдрын Ж.Чинбүрэн дарга надад санал тавьсан юм. Зөвхөн өвчтөнүүдийнхээ төлөө надад зориг гарган санал тавихад нь би татгалзаагүй. Түүний дараа Ж.Чинбүрэн дарга Эрүүл мэндийн яам, Засгийн газар, НББСШУ-ны байнгын хороонд хүсэлт, санлаа хүргүүлж судалж үзэхийг хүссэн юм билээ.

Энэ үед Эрүүл мэндийн яамны Д.Сарангэрэл сайд хавдрын өвчлөл, аюулын харанга дэлдэх нөхцөл байдал, эмнэлгийн хүртээмжийн талаарх Ж.Чинбүрэн даргын санлыг дэмжиж, Ерөнхий сайд руу албан тоотоо өгсөн юм билээ. Энэ хоёр  үүнээс болж албан тушаалаасаа огцрох, бусдад хардагдах эрсдлээ үл ойшоож, хавдрын өвчтэй иргэдийнхөө төлөө гэсэн сэтгэлээр зориг гаргаж санал тавьсанд нь би талархдаг. Ийм л иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс төрийн ажлыг хийвэл төрийн үйлчилгээ иргэдэд сайхан хүрнэ гэж би боддог. Гэтэл өнгөрсөн жил намайг эмнэлгийн барилгаа шахах гэж байна гээд л шүүмжлээд эхэлсэн. Эрүүл мэндийн төрийн үйлчилгээ иргэдэд хямд очих боломж бүрдэж байвал надад татгалзах ёс зүй байхгүй. Засгийн газар, Эрүүл мэндийн яам асуудлаа шийдэх байх.

-Намрын чуулган хоёр сар гаруй хугацаанд хуралдаагүй, үндсэндээ 2019 оны төсөв батлах, сандал суудлын асуудал ярьсаар өндөрлөж байна.

-Хувь хүний ёс зүй, төлөвшил хүмүүжил бол хүүхэд ахуйгаасаа олж авах гэр бүлийн орчны төлөвшлөөс бий болдог. Түүнээс өндөр боловсрол эзэмшсэн, олон сургууль төгссөнөөрөө ёс зүйтэй байдаггүй гэдгийг манай төрийн түшээд харуулж байна даа. Эх орон ард түмнийхээ, нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөөд тангаргаасаа няцаж УИХ-ын үйл ажиллагааг бойкотолж байгаа нь харамсалтай. Тэр дундаа нэг нам үнэмлэхүй олонх болж ялчихаад, нам дотроо бойкотолж байгаа нь маш буруу. Энэ нь сайн худлаа ярьж, жүжиглэх арга барилд суралцаад, хэн нэг төрийн өндөр албан тушаалтныг дагаж, цүнх барьж явсаар төрийн өндөр эрх мэдэлтэй албан тушаалд очиж, хууль бусаар хөрөнгөжих зорилготой хэсэг хүмүүсийн бүлэг төрд орж ирсний илрэл л гэж харж байна.

Өнөөдрийн улс төрийн өнгө сүүлийн 28 жилд төрийн түшээдийн хойч ирээдүйдээ бий болгосон төлөвшлийн гавьяа нь гэж харж байна. Ийм улстөрчид олон болсон, төрд гарч ирсэн учраас ард түмэн өнөөдөр төрөө, улс төрчдөө үзэн ядаж, зүхэж байна.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж