Драмын хаан | News.MN
ХҮМҮҮС
Драмын хаан

Өмнөд Солонгосын “SBS” телевизийн цуврал (All In) “Бүгдийг нь” цувралын Ким Ин Хагийн дүрээр Монголчууд бидний сайн таних жүжигчин И Бён Хуныг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцоллоо. Тэрбээр энэ онд цацагдах 24 ангит “Mr. Sunshine” цувралын нэг ангид 150 сая воны хөлсөөр тоглосноор Өмнөд Солонгосын хамгийн өндөр өртөгтэй жүжигчдийн нэг гэгдэж байна. Энэ нь киноны продакшны зардлын 8,5 хувийг эзэлжээ.

БЛИЦ

НЭР: И Бён Хун

НАС: 48 (1970 оны долдугаар сарын 12)

ТӨРСӨН: Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот

ГЭР БҮЛ: Эхнэр, хүүгийн хамт амьдардаг.

ӨНДӨР: 1,75 м

ЖИН: 72 кг

ХУВИЙН АМЬДРАЛ

И Бён Хуны хувийн амьдрал алдартай жүжигчний хувьд төдийгүй шүүхээр таслагдсан олон дуулианы улмаас олны анхааралд байдаг. И Бён Хун амжилттай бизнесмений гэр бүлд төрж өсчээ. Дээрээ нэг эгчтэй. Түүний эгч И Ён Хэ нь 1996 онд Өмнөд Солонгосын тэргүүн мисс болж байв. И Бён Хун Ханьян их сургуулийн Франц хэл, соёлын анги, Чунь Ань их сургуулийн театр, киноны жүжигчний ангийг тус, тус дүүргэжээ. Чөлөөт цагаараа таеквондогоор хичээллэдэг. Тэрбээр 2013 онд өөрөөсөө 12 насаар дүү, жүжигчин И Мин Жүнтэй гэрлэсэн. Хос анх 2006 онд болзож байгаад салсан ба зургаан жилийн дараа эргэн нийлсэн юм. Тэд 2015 онд анхны хүүхдээ өлгийдсөн. Тэдний хүүг И Жун Ху гэдэг. И Мин Жүний  хэлснээр хүү нь аавыгаа өвчсөн мэт дуурайсан боловч нүд нь ээжтэйгээ адилхан гэнэ.

Өмнө нь тэрбээр 2003-2004 оны хооронд “All in” драмд цуг тоглосон жүжигчин Сун Хе Гюутай үерхэж байсан. Манай үзэгчид  “Миний байшин”, “Зочид буудлын эзэн” драмд тоглосоноор нь эгдүүтэй хөөрхөн Сун Хе Гюуг сайн таних билээ.

 

 

СОЛОНГОС ДРАМААС ХОЛЛИВУДАД ХӨЛ ТАВЬСАН НЬ

И Бён Хун 1991 онд ”KBS” телевизийн цувралд туслах дүр бүтээснээр жүжигчний карьераа эхлүүлжээ. “KBS” телевизтэй хийсэн гэрээний хугацаа дуусмагц өөр телевизүүдтэй хамтран ажиллаж, 1995 онд “Намайг хэн галзууруулдаг вэ”, “Run away” кинонд гол дүр бүтээснээр олонд танигдаж эхэлжээ. Тэрбээр 1999 онд цэрэгт татагдаж, уран бүтээлээ түр хугацаагаар завсарласан. Түүнийг цэргийн алба хааж байхад аав нь тэнгэрт хальж, хугацаанаасаа өмнө буюу ердөө зургаан сарын дараа цэргээс халагдсан байдаг. Цэргээс халагдсаныхаа дараа Солонгосын алдарт найруулагч Пак Чан Үкийн “JSA” кинонд гол дүрийг бүтээв. Хойд болон Өмнөд Солонгосын хил дээрхи харуулын цэргүүдийн өвөрмөц харилцааг харуулсан уг кино Солонгос байтугай дэлхийн хэмжээнд шуугиан тарьж, тэр хэмжээгээр И Бён Хоны нэр дэлхийн кино сонирхогчдод танил болж байлаа. Улмаар 2003 онд “SBS” телевизийн шагнал гардуулах ёслолоос тэргүүн шагнал, Бэксан урлагийн шагнал гардуулах ёслолоос шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртсэн юм. “Бүгдийг нь” цуврал Өмнөд Солонгос төдийгүй Азийн зах зээлд өндөр амжилт олсноор И Бён Хун олон улсад танигдаж эхэлсэн юм. И Бён Хун 2009 онд “J I Joe: Rise of Cobra” кинонд тоглосноор Холливудад хөл тавьсан. Холливуд дахь түүний дараагийн алхам нь 2013 онд дэлгэцнээ гарах домогт жүжигчин Брюс Уиллисын амжилттай уран бүтээл болох тэтгэвэрт гарсан тагнуулчдын адал явдлыг дүрсэлсэн “RED” киноны хоёрдугаар ангид тогложээ. И Бён Хун 2012 онд  Hollywood Walk of Fame буюу Холливудын алдартнуудын гудамжинд Азийн жүжигчдээс анх удаа гарын хээгээ дарсан Ази гаралтай жүжигчин болсон юм. Тэрбээр 2016 онд Академийн шагнал гардуулах 88 дахь удаагийн ёслолд оролцсон анхны Солонгос жүжигчин болжээ. Түүний тоглосон “Misconduct” кино нь уг наадмын гадаад хэл дээрх шилдэг кино номинацид нэр дэвшжээ. И Бён Хун жүжиглэхээс гадна “BH Entertainment”-ийг үүсгэн байгуулж, шинэ залуу жүжигчдийг бэлтгэдэг ба акксесуар зардаг “BHNC” дэлгүүрийг эзэмшдэг. Тэрбээр 2010 онд Калифорни мужид Солонгосыг сурталчлах аялал жуулчлалын элч, 2013 онд Олон улсын киноны холбооны хүндэт гишүүнээр сонгогдож байв.

И БЁН ХУНЫГ ТОЙРСОН ДУУЛИАН

И Бён Хуны экс найз бүсгүй И овогт 2009 онд шүүхэд гомдол гаргаж түүнээс сэтгэл санааны хохирлын 100 сая воныг нэхэмжилжээ. Тэрбээр И Бён Хуныг мөрийтэй тоглоом тоглож, өөрийг нь өрөнд оруулсан хэмээн сэтгэл санаа, эд материалын нөхөн төлбөр шаарджээ. Харин И Бён Хун үүнийг эрс няцааж, зохиомол хэрэг хэмээж байв. Тэрбээр энэ хэргийн ард хэн байгааг мэднэ хэмээн мэдэгдэж байсан удаатай. Хэрэг шүүхэд хэлэлцэгдэх явцад И Бён Хун “Iris” цувралын зураг авалтад оролцож байжээ. Энэ хэрэг 2010 онд нэхэмжлэгч тал заргаа буцааснаар төгсчээ.

Үүнээс гадна  И Бён Хун 2014 оны наймдугаар сард “GLAM” хамтлагийн дуучин Да Хи, загвар өмсөгч И Жи Ён нарыг  таван тэрбум вон нэхэж дарамталсан хэргээр цагдаад өгснөөр том дуулиан дэгдсэн. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд И Бён Хуныг  бэлгийн харилцаанд орохыг ятгасан чатыг нь олон нийтэд цацна хэмээн сүрдүүлжээ. Өмнөд Солонгосын цагдаагийн газраас хоёр бүсгүйг саатуулан шалгаснаар энэ хэрэг зохион байгуулалттай мөнгө салгах оролдлого байсныг илрүүлжээ. Тэд И Бён Хунаас мөнгөө авсныхаа дараа Европ руу зугтахаар нисэх онгоцны билетээ хэдийн захиалсан байв. Дуулиан удаан үргэлжилсний эцэст Да Хи, И Жи Ён нарыг шүүхээс жил хоёр сар шоронд хорих ял оноосон юм. Гэхдээ И Бён Хун тэднийг өршөөж, прокурорт хүсэлт гаргаснаар бүсгүйчүүд шоронд зургаан сарыг өнгөрүүлсний эцэст хоёр жилийн тэнсэн харгалзах ялтайгаар суллагджээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-01-31 66.181.161.115

tsagtaa durlajil yablaa

Avatar

Зочин 2019-01-31 202.179.31.67

Ээ, солонгосд бас кини урлаг гэж бнаааа

Avatar

Zochin 2019-01-31 86.59.216.222

Юу гэсэн ч үгийй. Ази даяараа со кино үзэж байна. Жүжигчид нь холливудад тоголдог болсон байна.

Avatar

A-AC 2019-01-31 202.131.230.62

Joohon yum uzej nud tailach. Solongosiin kino urlag delhiid unelegdej bn. Ene jujichnii huvid Solongosdoo nomer 1-n za

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж