Бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртөж байсан хүмүүс өөрсдийн дуу хоолойг олон нийтэд хүргэж буй #Metoo хөдөлгөөн нь өнгөрсөн жилээс хойш дэлхий даяар идэвхтэй өрнөж байгаа билээ. Улстөрчид, тамирчид, жирийн нэг албан газрын ажилчид гээд төрөл бүрийн салбарын хүмүүс энэхүү хөдөлгөөнд нэгдэж, бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа дэлгэн илчилж байгаа юм.
Тэр дундаа АНУ-ын дуу хөгжим, кино урлагийн салбарын алдартнууд энэхүү хөдөлгөөнд нэгдэж, бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа хүлээн зөвшөөрч эхэлсэн нь олны анхаарлыг татсан билээ. Тухайлбал, жүжигчин Женнифер Лауренс, Анжелина Жоли, Кара Делевин, Риз Виттерспүүн, Габриель Юнион, Рэйчэл Вүүд, дуучин Лэди Гага зэрэг хүмүүс карьерийнхаа явцад бэлгийн хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртөж байснаа ил болгосон.
#Metoo Өмнөд Солонгост нэвтэрсэн нь
Харин сүүлийн үед K-поп буюу Өмнөд Солонгосын дуу хөгжмийн ертөнцөд бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуулиант хэргүүд багагүй илчлэгдэх болсон.
Одоогоос яг нэг жилийн өмнө Өмнөд Солонгосын эмэгтэй прокурор Со Жи Ён Хууль зүйн яамны нэгэн ажилтан түүнийг хүчирхийлж байсан тухайгаа олон нийтэд дэлгэснээр #Metoo хөдөлгөөн тус улсад эхэлсэн байна. Энэхүү явдлаас хойш Өмнөд Солонгосын олон алдартай эмэгтэйчүүд хөдөлгөөнд нэгдсэн.
И Хюн Жугийн хэрэг. Өнгөрөгч оны хоёрдугаар сард “А” бүсгүйн зүгээс кино найруулагч И Хюн Жу гэгч эмэгтэй найруулагч өөрийг нь согтоосныхоо дараа буудалд аваачин, хүчирхийлснийг ил болгосноор #Metoo хөдөлгөөн Өмнөд Солонгосын энтертайнмент салбарыг хамарсан юм. И Хюн Жу нь тус хэрэг явдлын дараа буруугаа хүлээж, кино урлагийн салбарыг бүрмөсөн орхисон билээ.
Жүжигчин Жо Мин Ки. Алдарт жүжигчин Жо Мин Ки агсныг Чонжу их сургуульд багшилж байхдаа эмэгтэй оюутнуудыг хүчиндсэн хэрэг өнгөрсөн оны гуравдугаар сард илчлэгдсэн. Түүнийг хичээл заасан олон эмэгтэй оюутандаа бэлгийн дарамт үзүүлдэг байсныг цахим орчинд бичиж эхэлснээр гэрч, хохирогчид нь нэг нэгээрээ гарч ирсэн байна. Түүнд хүчиндүүлсэн гэх 11 хүн гомдол мэдүүлсний дараахан Жо Мин Ки нь гэрээслэлээ бичиж үлдээгээд, гэртээ хоолойгоо боомилсон байдалтай олдсон аж.
Театрын салбар. Театрын найруулагч И Юн Тек гэгч бас хэд хэдэн эмэгтэй жүжигчдийг хүчирхийлсэн нь нотлогдсоноор зургаан жилийн хорих ял авсан.
Дон Малик. Рэппер Дон Малик буюу Мүүн Ин Суб нь насанд хүрээгүй шүтэн бишрэгчээ хүчирхийлсэн нь олон нийтэд ил болсон. Үүнээс хэдхэн цагийн дараа түүний харьяалагддаг “Daze Alive Music” агентлаг тус хэргийг үнэн болохыг баталж, Дон Маликыг компаниасаа хөөсөн байна. Хожим Дон Малик шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйж, хэргээ хүлээсэн аж.
Хамгийн сүүлд гарсан бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг. “Produce 101 (season 2)” хэмээх хөвгүүдийн хамтлаг бүрдүүлэх зорилготой телевизийн шоу нэвтрүүлгийн зургаан оролцогч өөрсдийнх нь харьяа продакшны эмэгтэй захирал бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр гомдол гаргасан байна. Тэд Мягмар гаригт /2019.01.29/ Сөүл хотын прокурорын газарт продакшныхаа захирал болон түүний бэр дүү нарт “Хүчирхийллийн эсрэг хууль”-ийг зөрчсөн хэргээр зарга үүсгэжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард Токио хотод продакшных нь захирал болон түүний бэр дүү хоёр дуучин болохоор бэлтгэл хийж байсан арван хөвгүүнийг хоолонд оруулсныхаа дараа биеийг нь илж таалан, бэлгийн дарамт үзүүлж эхэлсэн аж. Харин продакшных нь зүгээс энэхүү хэргийг үгүйсгэж байгаа.
Өмнөд Солонгосын алдартай охидын хамтлагийн нэг болох F(x)-ийн гишүүн Эмбер өөрөө болон өөрийнх нь ойр дотнын найзууд болох эмэгтэй дуучид нь цөм ямар нэгэн байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухай 2017 онд бичиж байсан нь тус улсын дуу хөгжмийн ертөнцийн хар бараан талыг илчилж эхэлсэн. Ялангуяа түүний бичсэн постын ачаар алдартай K-поп од болохын тулд баян спонсортой болж, ивээн тэтгүүлдэг тухай үнэнийг хүмүүс мэдэж авсан.
Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь
Өмнөд Солонгос нь хүйсийн тэгш бус байдал хамгийн их газар авсан улс орнуудын нэгт зүй ёсоор бичигддэг байна. Дэлхийн эдийн засгийн форумаас 2014 онд гаргасан хүйсийн ялгааны индексээр тус улс нь дэлхийн 142 улсаас 117-д бичигдсэн аж. Түүнчлэн өнгөрсөн жил Өмнөд Солонгосын гэр бүл, хүйсийн тэгш эрхийн яамны хийсэн судалгаагаар насанд хүрсэн нийт эрчүүдийн талаас илүү хувь нь амьдралдаа дор хаяж нэг удаа “биеэ үнэлэгч авсан, эсвэл хэн нэгэн эмэгтэйд мөнгө төлж бэлгийн дур хүслээ хангаж үзсэн” гэх цочирдмоор дүн гарчээ. Тус улсын нийгэм соёлд эцгийн эрхт ёс өнөөг хүртэл чухал нөлөө үзүүлсээр ирсэн нь эмэгтэй хүнийг дорд үзэх хандлагыг бий болгосон хэмээн мэргэжилтнүүд үздэг байна.
Харин сүүлийн үед Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд зориг гарган #Metoo хөдөлгөөнд нэгдэж, өөрсдийн гашуун түүхээ бусадтай хуваалцан, тэмцэл хөдөлгөөнүүдийг тогтмол өрнүүлэх болсон. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ч бас бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслалцаа үзүүлж, хэрэгтнүүдийг хатуу шийтгэхээ амласан. Түүнчлэн түүний санаачилгаар хүчирхийлэлд өртсөн хүмүүс шүүх, цагдаагийн байгууллагад мэдэгдэж, мөрдөн шалгах үйл явцын туршид нэрээ нууцлах боломжийг бий болгожээ.
Хохирогчдыг хамгаалах хэрэгтэй
Өмнөд Солонгост #Metoo хөдөлгөөнийг эхлүүлсэн Со Жи Ён прокурор Мягмар гаригт /2019.01.29/ сэтгүүлчдэд мэдэгдэл хийж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг урт хугацаанд хамгаалах, нэр төрийг нь эрхэмлэдэг байх нийгмийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгаа тухай хэлжээ. Тэрбээр нэг жилийн өмнө #Metoo хөдөлгөөнд нэгдэн, өөрийн түүхээ бусдад дэлгэснийхээ дараа ажлын газар болон нийгэмд нэр хүндгүй болсон тухайгаа ярьсан байна. “Би одоо хүртэл гомдож, бас уур хүрч байна. Тэр үед буруу зүйл хийсэн байж болох юм хэмээн өөрийгөө зүхэх болсон. Хэвлэл мэдээллүүд бэлгийн хүчирхийллийн хэргүүдтэй холбоотойгоор эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг уриалахын оронд тухайн үеийн гутамшигт явдлыг илүү тодотгож ярьж байгаад уур хүрч байна” хэмээн со Жи Ён хэлжээ.
Өмнөд Солонгосын эмэгтэй ажилчдын холбооноос саяхан хийсэн нэгэн судалгаанд ажлын байрны бэлгийн дарамтад өртсөнөө илчилсэн эмэгтэйчүүдийн 70 хувийнх нь карьер нь зогсонги байдалд орж, харин ч бүр доошилсон харамсалтай дүн гарчээ.
Холбоотой мэдээ