Арван саяын үнэтэй цэрэг ба армийн дэглэлт

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

Арван саяын үнэтэй цэрэг ба армийн дэглэлт

Арван саяын үнэтэй цэрэг ба армийн дэглэлт

Одоогоос хэдхэн хоногийн өмнө нийгэм даяар цочроосон хэрэг Дорноговь аймгийн Зүүнбаян дах хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар цэргийн ангид гарсан юм. Болсон явдлыг эргэн сануулбал, Зүүнбаян дах цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэрэг /2019.01.22/ золгүй байдлаар амиа алдсан тухай ах нь зургийг нь олон нийтийн сүлжээнд анх тавьжээ.  Дээрх мэдээлэл нийгмийн сүлжээнд дуулиан тарьж, цагдаагийн газраас "гадны нөлөөгүй" гэх мэдэгдлийг яаран сандран хийсэн нь олон нийтийн дургүйцлийг багагүй төрүүлсэн билээ.  Хохирогчийн өмгөөлөгч Э.Билгүүн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд “Зүүнбаянгийн 336-р цэргийн ангид өмнө нь цэргүүдийг дэглэж тахир дутуу болгож байсан тохиолдол цөөнгүй бий. Талийгаачийг өөрөө гүйж явахдаа бахардаж унасан гэсэн асуудлыг ярьж байгаа. Бахардаад унахаар нь цэргийн ангийн удирдлагууд дээрээс нь өшиглөж харгисаар зодсон тухай хамт гүйж байсан цэргүүд нь гэрчилсэн. Цэргийн ангийн камерын бичлэгт байгаагаар Б.Алтантулгыг тэнхээгүй болтол нь зодоод гүйлгэсний дараа хувцсаа өлгөж чадахгүй ухаан алдаад унахад чирээд орон дээр тавьсан бөгөөд нэг цагийн дараа эмчийн үзлэг хийхэд түүнийг нас барсан гэсэн дүгнэлт гарсан” гэх мэдээллийг өгсөн юм. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт дахин шинжээч томилж өргөн цар хүрээтэйгээр шалгаж байна. Талийгаач Б.Алтантулгын задлан шинжилгээний хариу хуулийн дагуу 21 хоногийн дотор гарах аж.

Ийнхүү “Цэрэгт яваад эр хүн болоод ирнэ ээ” хэмээн ээждээ үнсүүлээд явсан 19 настай залуу цэргийн дэглэлтээс болж амиа алдсан байж болзошгүй байгаа бөгөөд цагдаагаас "гадны нөлөөгүй" хэмээн урьдчилан дүгнэсэн энэ хэрэг олон, олон асуултын тэмдэг үлдээж байна.

-Өөрөөр хэлбэл, эрүүл саруул хүү яагаад амиа алдсан бэ?

-Зүүнбаянд яагаад удаа дараа цэрэг эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гардаг вэ?

-Монголын армид цэргийн дэг одоо ч амь бөхтэй байгаа юу?

Энэ мэт олон асуулт  Батлан хамгаалахын сайд, ЗХЖанжин штабын удирдлагууд, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас хариу нэхсээр.

Амиа алдсан цэргийн ангийн захирагч нь хурандаа Д.Өлзийбаяр. Түүнийг 350 дугаар ангийн захирагчаар ажиллаж байх үед тус ангийн хоёр алба хаагч хээрийн сургуулилтын үеэр гранатад өртөж амиа алдсан хэрэг гарч байжээ. Үүний дараа 2017 оны наймдугаар сарын 24-ны өдөр ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж арга хэмжээ авсан ч тэрбээр удалгүй 336 дугаар ангийн захирагчаар томилогдсон байна. Харин түүнийг үүрэгт ажлаас нь өчигдөр чөлөөлсөн.

Талийгаач Б.Алтантулга амиа алдахаас өмнө 2017 оны өвөл Зүүнбаянгийн цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч цагийн манааныхаа байрлалыг орхисон гэх асуудлаар ахлагчдаа шийтгүүлж, улмаар есөн хуруугаа хөлдөөж тайруулсан байдаг.

ХӨЛИЙН ХУРУУГҮЙ БОЛСОН ЦЭРЭГ ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖ БАЙНА

Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид байлдагч Ж.Баярцогтыг дэглэсэн хэрэг 2017 оны нэгдүгээр сарын 23-нд гарсан юм. Тухайн үед байлдагч Ж.Баярцогтыг харуулын байранд гал түлж дулаацсан гэж харуулын дарга, дэд ахлагч Ц.Энхцолмон хүйтэн цементэн талбай дээгүүр идэр есийн хүйтэнд хөл нүцгэн гүйлгэн, элгээр нь газар хэвтүүлж, хүйтэн ус цээж рүү нь цацах зэргээр шийтгэж дарамталж байжээ.

Дэд ахлагчийн дэглэлтийг үл даасан байлдагч Ж.Баярцогт хөлийнхөө есөн хурууг тайруулж, тахир дутуу болсноор хэрэг явдал хаагдсан гэж хэлж болно. Уг хэрэг шүүхээр орж шийдвэрлэсэн ч хэрэгсэхгүй болгоод өнгөрчээ.

Одоо Ж.Баярцогт 25 нас хүрч хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмжээр амьдралаа аргацааж яваа аж. Тэрбээр дүүтэйгээ хоёул нийтийн байранд аж төрдөг бөгөөд нийтийн дуучид хамтран Ж.Баярцогтыг байртай болгох хандивын аяныг өрнүүлээд байгаа юм байна.

ГРАНАТ ДЭЛБЭРЧ ХОЁР ЦЭРЭГ АМИА АЛДСАН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 2017 оны дөрөвдүгээр сарын 11-нд хээрийн сургууль хийж байсан цэргүүд гранатын дэлбэрэлтэд өртөж, хоёр нь газар дээрээ амиа алдсан ноцтой осол гарсан билээ. Тухайн үед ангийн захирагчаар Д.Өлзийбаяр ажиллаж байсныг дээр дурдсан.

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн зэвсгийн офицер, ахмад М, ахлагч А нар сургуулилалтын үеэр ахлагч нарт гранат шидэх сургалт явуулж байхдаа түгжээг нь мултлан алдсанаас ийм харамсалтай явдал болж, найман хүн шархдан Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлсэн юм. Тэгтэл өнгөрсөн онд шүүхээс уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Д.ӨЛЗИЙБАЯРЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Тус цэргийн ангийн захирагч хурандаа Д.Өлзийбаярыг өчигдөр /2019.01.30/ үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнтэй хамт хэд, хэдэн хүнийг ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй гэсэн үндэслэлээр чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Талийгаачийн хэргийн мөрөөр Зэвсэгт хүчний жанжин штабаас ажлын хэсэг байгуулагдан тус ангид ажилласан бөгөөд хэд, хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн тухай холбогдох албаныхан мэдээлж байв.

Мөн Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийх үеэр Бригадын генерал Б.Амгаланбаатар “Гүйж чадахгүй байхад нь тухайн хариуцаж байсан ахлагч жагсаал гүйцэхгүй баашиллаа гээд цохисон асуудал байна. Үүнийг нуухгүй. Гэхдээ үхэлд хүргэсэн эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоох байх. Цохисон болохыг хажууд байсан цэргүүдийн яриагаар нотолсон” гэж тайлбарласан юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж