“Mongolia`s next top model” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагч Б.Анужинтай ярилцлаа.
-“MNTM” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагч болсонд баяр хүргэе. Баярын мэндчилгээнд “дарагдаж” байна уу?
-Намайг “MNTM” шоу нэвтрүүлгийн ялагч болоход хамгийн түрүүнд ойр дотныхон маань баяр хүргэсэн. Зарим хүний хувьд ялагч болсонд маань шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ сөрөг сэтгэгдлээсээ илүү баярын мэндчилгээ их ирж байна. Огт танихгүй хүмүүс хүртэл “Сайн модель болоорой. Цаашдаа илүү их амжилт гаргаарай” гэж урам өгсөн.
Шоу нэвтрүүлгийн явцад талийгаачтай холбоотойгоор цахим орчинд хэл ам үүсч, таньж мэдэхгүй олон хүмүүсээс эмзэглэмээр сэтгэгдлүүд ирж байсан. Миний хувьд эхэндээ их эмзэглэж байсан. Би одоо тэр бүх сөрөг сэтгэгдлийг тоож харахаа больсон.
-Энэ жилийн “MNTM” шоу нэвтрүүлгийн финалд хоёр ялагч тодорсон гэдгээрээ онцлог байлаа?
-“MNTM” шоу нэвтрүүлгийн финалын үеэр талийгаачийн гэгээн дурсгалд зориулсан бичлэгийг үзүүлсэн. Тэр үед бид дөрөв тайзны ард уйлсан. Сэтгэл нэг л хоосроод найзыгаа алдаад их хэцүү санагдсан. Мэдээж, энэ бол шоу нэвтрүүлэг. Ялагч тодрох ёстой. Миний хувьд MNTM” шоуны үеэр өөрийгөө 100 хувь дайчлан өрсөлдсөн гэж бодож байгаа.
-“MNTM” шоуны эхний улирлын финалд тайзнаа алхсан гэсэн. Өнгөрсөн жил яагаад бүртгүүлээгүй юм бэ?
-Би “MNTM” шоу нэвтрүүлгийг анх удаа зохион байгуулдаг жил төгсөх ангийн сурагч байсан. Тухайн үедээ бас “Монгол модель” агентлагийн модель байсан. Шоуны эхний улирлын финалын тайзнаа “Монгол модель” агентлагийн моделиудаас шалгаруулж алхуулна гэсэн. Би шалгаруулалтад оролцож тэнцээд, шоуны тайзнаа алхсан юм. Тэр үед шоуны охидыг хараад сэтгэл их догдлож “Би энэ охид шиг шоунд орж, өөрийгөө сорино” гэж бодсон. Тэгээд дараа жил “MNTM” шоу нэвтрүүлэг заавал орно гээд өөрийн фэйсбүүк хуудаснаа статус бичиж байсан. Хүсэл маань биелж, энэ жилийн ялагч боллоо. Хүмүүс миний фэйсбүүк хуудсыг их үздэг юм билээ. Нэг эгч бүр миний өнгөрсөн жилийн постыг гаргаж ирээд “Их мундаг охин байна. Хүсэл тэмүүлэлдээ хүрсэн байна” гэж бичээд амжилт хүссэн нь их сайхан санагдсан шүү.
-Шоунд оролцоход чиний төсөөлж байснаас хэр өөр байв?
-Би өнгөрсөн жилийн шоу нэвтрүүлгийг үздэг байсан. Оролцогч охид ямар ч гар утас, интернэтгүй орчинд хоёр сарын хугацаанд амьдарна гээд л. Миний хувьд гэрээсээ хол гадаад орон руу олон тэмцээнд оролцож байсан учраас гэрээ санах асуудал гараагүй. Харин шоуны үеэр гэрийнхэнтэйгээ утсаар яриулах үеийг л их хүлээсэн. Шоу дуусахаас өмнө гэрийнхэнтэйгээ утсаар яриад нэг үзчих юмсан гэж бодсон. Шоуны оролцогч охидтойгоо хамт хоёр сарын хугацаанд амьдраад, цагийг зугаатай өнгөрүүлсэн. Илүү амьд харилцаатай болохоор бие биеэ таньж, мэдэх сайн талтай байсан. Бид яг л олон охинтой айл шиг хоол ундаа ээлжилж хийгээд, гэр орноо цэвэрлэдэг байсан.
–Харин шоу дууссаны дараагаар гэртээ харихад сошиалд элдэв магтаал, шүүмжлэлүүд гарч эхэлсэн. Үүнийг хэрхэн хүлээж авав?
-Шоуны оролцогч охид өнгөрөгч аравдугаар сарын 1-нд гэртээ харьсан. Бид тухайн үед Улаан-Үдийн Байгал далай дээрх зураг авалт дуусаад гэртээ харина гэдгээ мэдээгүй байсан. Тэгээд аав нар нь ирээд охидоо гэртээ авч харьсан. Тухайн үед тэмцээн телевизээр цацагдаж эхлээгүй байсан. Би шоуны үеэр шар үстэй болсон болохоор гадуур явахаар хүмүүс их гайхдаг байсан. Хоёр долоо хоногийн дараа нэвтрүүлэг цацагдаж, гурван дугаарын дараа хүмүүс намайг шар үстэй болсныг мэдээд таньж эхэлсэн л дээ.
Б.Анужингийн хувьд шоуны тав дахь дугаарын элсэн цөлд авхуулсан зураг чинь шилдгээр шалгарсан. Харин хасагдах мөчтэй хоёр ч удаа нүүрч тулгарч байсан шүү дээ. Тэр үед юу бодогдож байв?
-Шоуны тав дахь дугаарын зураг авалтыг Өвөрмонголын таван одтой “Лянхуа” зочид буудалд байрлаж, хийсэн. Би Э.Одонтунгалагтай нэг өрөөнд хоноод өглөө эрт 04.00 цагт сэрсэн. Өглөөний нар мандах үеэр зураг авалт элсэн цөлд эхэлсэн. Миний хувьд хамгийн эхний оролцогч байсан. Тэмээг холоос харж байснаас ойртож байгаагүй учраас бага зэрэг айсан. Гэхдээ шоуны даалгавар байсан учраас тэмээтэй зургаа хичээж авахуулаад шилдэг зургаар шалгарсан. Бас шоуны үеэр хоёр удаа хасагдах мөчтэй нүүр тулсан. Сүүлд 11 дэх удаагийн зураг авалт дээр хасагдах оролцогчийн нэг болж байсан. Ер нь хасагдах оролцогчийн нэг болоод зогсохоор их эвгүй юм билээ. Энэ хүртэл явчихаад хасагдвал утгагүй мэт санагдсан. Би сэтгэлийн хөөрөл ихтэй учраас Жерри эгчтэй үлдэхэд бараг өөрийгөө хасагдсан гэж бодоод уйлчихсан.
-Гэхдээ л хасагдаагүй шүү дээ?
-Шоу нэвтрүүлгийн өдөр, өдрийн даалгавар, сорил өөр өөр байдаг. Тэр олон сорилоос нэгийг нь чадахгүй тохиолдол гарч болно. Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй шүү дээ. Миний чадахгүй даалгавар, сорил ч ирдэг. Миний хувьд өөрийнхөө хэрээр даван туулж, хийхийг хичээдэг байсан. Тэр болгонд хичээсэн ч гэсэн үр дүн гарахгүй үе гарна. Зарим хүмүүс хасагдах шатанд хоёр ч удаа орсон учраас муу модель гэдэг өнцгөөс хараад байна л даа. Ер нь хүмүүс сайхан зүйлийг харахаа больсон юм шиг санагддаг. Шоуны үеэр бидний хүсээгүй зураг авалтууд ч орж ирсэн. Бид аль болох хичээж, зураг авалтуудаа хийсэн.
-Шоуны зарим оролцогч эхнээсээ ажлын саналууд хүлээн авсан гэсэн. Чиний хувьд гадагшаа явахын өмнө монгол брэндүүдтэй хамтран ажиллах уу?
-Одоогоор надтай хамтарч ажиллах ажлын санал ирээгүй байна.
-Шоуны өмнөх ялагч Б.Цэрэндолгор Сингапурын “Looque” агентлагтай гэрээний дагуу ажиллах байсан боловч яваагүй. Харин өөрөө Италийн Милан хот руу явах ёстой. Шийдвэрээ гаргасан уу?
-Би угаасаа Италийн Милан хот руу явдгаараа явна. Өмнөх шоуны ялагч Цэкү гэрээний дагуу Сингапур явсан. Хамгийн сүүлд аравдугаар сард явчихаад ирсэн. Миний хувьд хичээлээсээ чөлөө авч байгаад ч хамаагүй Миланы агентлагтай гэрээ байгуулж, эхний ээлжинд танилцаад ирэх бодолтой байгаа. Милан руу явах хугацааг нь сайн мэдэхгүй байна. Би хувийнхаа бэлтгэлийг базаагаад л байж байна.
-Б.Анужин 14 настайгаа загвар өмссөн гэхээр загварын тайзнаа алхаад дөрвөн жил болжээ. Топ модель Д.Болормаагийн шавь гэсэн үү?
-Би багадаа их эршүүд охин байсан. Тэгээд ээж маань эмэгтэй хүүхэд биеэ зөв авч явах хэрэгтэй гээд 13 настайд маань анх “Монгол модель” агентлагт бүртгүүлсэн. Би 2014 оноос гэрээт моделиор ажиллаж эхэлсэн. Одоо миний алхаж үзээгүй монгол брэндийн загварын шоу гэж байхгүй. Би багаасаа монгол ноолуурын нүүр царайгаар ажиллаж эхэлсэн. Өмнө нь 2017 онд Азийн модель фестивальд оролцож, шилдэг 10 моделийн нэгээр шалгарч байсан. “Монгол модель” агентлагт Монголын сайн гэсэн моделиуд харьяалагддаг гэж боддог. Ямар нэгэн загварын шоунд “Монгол модель” агентлагийн моделиудыг авах дуртай байдаг. Манай багш Д.Болормаа өөрөө анхан, гүнзгий шатны хичээлээ заадаг. Тэр ч утгаараа чадварлаг моделиуд төгсдөг гэж боддог. Багш маань Монголдоо төдийгүй Азийн топ модель хүн. Би багшийгаа шүтэж явдаг юм. Багш маань шоуны финал дуусахад утсаар залгаж “Охиндоо баяр хүргэе” гэж хэлсэн.
-Шоуны шилдэг таван оролцогчийн нэг Э.Одонтунгалаг бас “Монгол модель” агентлагийнх гэсэн. Та хоёр хэр дотно найзууд вэ?
-Энэ жилийн оролцогчдоос талийгаач, Э.Одонтунгалаг бид гурав нэг агентлагийн модель байсан. Бид хоёр сайн найзууд биш ч нэг агентлагийн моделиуд учраас мэнд устай явцгаадаг байсан. Талийгаач маань надаас илүү туршлагатай модель байсан. Харин шоуны үеэр бид харилцаагаа илүү бат бөх болгосон гэж боддог.
-Б.Анужин аавын амин охин юм шиг санагдсан. Гэр бүлээ бидэнд танилцуулаач?
-Манай аав урлаг, спортод их ээлтэй хүн. Аав маань Эрдэнэт хотын лабораторийн нэгдүгээр сургуульд багшилж байхдаа ээжтэй анх танилцаж, намайг төрүүлсэн гэдэг. Ээжийн тал ч гэсэн урлагт элэгтэй хүмүүс. Миний хувьд аавын охин л доо. Аав минь миний номер нэг дэмжигч фен. Би нэг эрэгтэй дүүтэй. Би есөн насандаа дүүтэй болж, ээж аавдаа тусалж, айлын том охин болж эхэлсэн.
-Загвах өмсөхөөс гадна ямар авъяастай?
-Би хар зураг зурах дуртай. Арван жилийн сургуульд наймдугаар ангид сурч байхдаа зургийн тэмцээнд оролцож, дүүрэгтээ түрүүлж байсан. Волейбол бас сайн тоглочихно. Заримдаа өөрийн сонирхсон хувцасны загвар гаргаж зураад эсгэчихдэг юм.
-Цаашдаа загварын чиглэлээр өөртөө ямар зорилго тавиад байна вэ?
-Би хамгийн түрүүнд загварын хот болох Миланд очиж, загварын тайзнаа алхах зорилго тавиад байна. Цаашдаа Монголынхоо нэрийг гаргасан алдартай л модель болж, дэлхийн тайзнаа алхах чин хүсэлтэй.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ