Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол боллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол боллоо

Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол боллоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны (2019.01.30) өнөөдрийн хуралдаан 10 цаг 15 минутад эхэлж, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 10-нд Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын даргад хүргүүлсэн. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай болон Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан юм.

Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, уг сонсголыг нээж хэлсэн үгэндээ, Ерөнхий хяналтын сонсгол нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төлөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготойг тодотгоод, сонсгол явуулах дэг, оролцох төлөөлөгчдийг нэг бүрчлэн танилцуулсан.

Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын Байгаль, орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон холбогдох яам, агентлагийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээллийг Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Г.Уянга  уншиж, танилцуулсан. Тэрбээр Ерөнхийлөгчийн мэдээлэлд, агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилсээр байвал 2024 он гэхэд агаарын бохирдлоос үүдэн цаг бусаар нас барагчдын тоо 5200-14000-д хүрнэ гэж  эрдэмтэн судлаачид анхааруулсаар байна. Агаарын бохирдлыг бууруулах талаар олон жилийн турш тасралтгүй ярьж чамгүй зузаан цаас үйлдвэрлэсэн ч үр дүнд  хүрсэнгүй.  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2019 оныг хүртэлх 10 жилийн хугацаанд улсын төсвөөс  170 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар 104,7 сая доллар зарцуулжээ. “Шинэ бүтээн байгуулалт” дунд  хугацааны зорилтот хөтөлбөр, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, Агаарын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, УИХ, Засгийн газрын тогтоол, журмууд, ҮАБЗ-ийн зөвлөмж зэрэг олон тооны цаас үйлдвэрлэж, олон сан, ажлын хэсэг байгуулж төсөв, зээл тусламжаас санхүүжүүлсэн ч бодитой үр дүн гарсангүйгээр барахгүй байдал улам дордсоор байгааг онцлов.

Мөн яаралтай онц байдал зарлаж төсөв, хөрөнгийг төвлөрүүлэн, бүхий л түвшинд авч байгаа арга хэмжээгээ уялдаа  холбоо, нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлага байна. Миний бие өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах боломжийг судлуулах баг гарган иж бүрэн судалгаа хийлгэсэн. Гэр хороололд 230 мянган өрх байгаагийн 30 мянга нь Налайх, Багануур, Багахангай зэрэг захын дүүргүүдэд байна. Утааны идэвхтэй голомтод 200 мянган өрх байна. Үүний нөгөө талд айл нүүж ороход бэлэн 30 мянга гаруй, 2018 онд ашиглалтад орох 80 мянга гаруй орон сууц байсан. Эхний ээлжид энэ нөхцөл байдлыг уялдуулах шаардлагатай байна.  Бэлэн байгаа орон сууцнууддаа төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалан, улмаар ямар нэг тогтмол орлоготой л бол хүүгүй зээлээр иргэдийг оруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр борлуулалтгүй орон сууц эдийн засгийн эргэлтэд орж  газар суларна. Улаанбаатарын утаа богино хугацаанд наад зах нь 50 хувиар багасах боломж байна. Харин нүүсэн айлын хашаанд дараагийн утаа үйлдвэрлэгч орохгүй байх зохион байгуулалтыг давхар хийх хэрэгтэй. Үүнд ямар ч мөнгө шаардлагагүй, зөвхөн зохион байгуулалт хэрэгтэй хэмээн гэж байлаа.

Уг мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, М.Оюунчимэг, А.Сүхбат, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа нөлөөлөл, дагуул хот барих, гэр хорооллын айл өрхийг ипотекийн зээлд хамруулах, түрээсийн орон сууцны асуудлыг эрчимжүүлэх ажлын явц, нийслэлийн хүн амын даацын хэмжээ, эрчим хүчний хангалтын нөөцийн талаар илүүтэй тодруулж байлаа.

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хариултдаа, 2010 онд нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий  төлөвлөгөөг баталсан. Нийслэлийн хүн амын нягтшил 20-30 жилээр түрүүлж байна. Өөрөөр хэлбэл, ерөнхий төлөвлөгөөгөөр бол нийслэлийн хүн амын даац 2040 онд 1.5 саяд хүрэхээр байтал өнөөдөр энэ тоонд хэдийнэ хүрээд байна. Үүний гол шалтгаан нь орон нутгийн иргэдийн шилжилт хөдөлгөөн, цаашлаад иргэдийн амьжиргааны түвшинтэй шууд холбоотой. Тухайлбал, 2003 оны зудын гамшгаас  нэг жилийн хугацаанд орон нутгаас 68.800 хүн шилжиж ирсэн байдаг бол өнгөрсөн 15 жилийн дунджаар жилд 45 мянган иргэн нийслэлд шилжин суурьшсан байна. Тиймээс нийслэлийн дагуул хотыг барьж, хотын хэт төвлөрлийг сааруулах  шаардлагатай байгаа тул Монгол Улсын Засгийн газар энэ асуудалд нухацтай хандан ажиллаж байгааг онцлов.

Сүүлийн 10 жилд амьсгалын замын өвчин 2.7 дахин нэмэгдсэн. Хүүхдийн эрүүл мэндэд амьсгалын замын өвчлөл нэгдүгээр байрыг эзэлж байгаа төдийгүй энэ дундаа уушгины хатгалгаа тэргүүлж байгааг Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн хэлж байлаа. Хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихэссэн нь нийслэлийн агаарын бохирдолтой холбоотой гэдгийг олон улсын байгууллагуудын судалгааны дүн харуулсан байна.

Барилга, хот байгуулалтын Дэд сайд Б.Мөнхбаатар, Сангийн яам, Монголбанктай хамтраад ипотекийн зээлийн эх үүсвэр 4 байсныг 1 хувь болгох талаар хамтарч ажиллан шийдэлд хүрсэн. Ингэснээр ипотекийн зээлийн хүртээмж нэг дахин нэмэгдэнэ гэдгийг тодотгож байлаа. Мөн тэрбээр, гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, эрчим хүч, дулаан, цэвэр бохир ус инженерийн шугам сүлжээг байгуулах, дэд бүтцийн ажлуудыг үе шаттайгаар хийж байгааг дурдахын зэрэгцээ 2018 онд “Буянт-Ухаа-2” хорооллын 2-р ээлжийн 972 айлын орон сууцыг эрчим хүч, дэд бүтцийн холболт хийснийг дурдаад орлоготой багатай айл өрхийг түрээсийн орон сууцанд хамруулах, амьдарч байгаа орон сууцаа зээлээр авах асуудлыг судалж үзээд түрээсийн орон сууцтай холбоотой журмыг боловсронгуй болгох шаардлагатай байна гэж байлаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Энэ сонсголоор УИХ, Засгийн газрын гишүүд нэг бодолтой, нэг шийдэлтэй л гармаар байна. Хөдөөг хөгжүүлэхийн тулд малчид орлоготой болох ёстой. Малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд технологийн шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг онцолсон. Мөн нийслэл дагуул хот байгуулах, их, дээд сургуулиуд, зарим төрийн яамдыг хотоос гаргах зэргээр  томоохон шийдэл шаардлагатай байгааг сануулахын зэрэгцээ 2010 онд УИХ-аар батлуулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг анхаарууллаа.

Дараа нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ, УИХ-ын даргын захирамжаар  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, Улсын Их Хурлын гишүүд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа болон, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай  биечлэн танилцаж, ажилласныг онцлов. Ажлын хэсгээс Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлуулсан бөгөөд агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой шийдлүүдийг гаргаж, цаг хугацаатай үүрэг чиглэл өгсөн зөвлөмжийг хоёр удаа Засгийн газарт хүргүүлсэн боловч хангалтгүй ажилласан гэв.

Ажлын хэсгээс гаргасан уг тогтоолд айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлт нь цахилгаан халаалтын хэрэглээнд хүрэлцэхгүй байгааг анхаарч, шөнийн тарифын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр  шийдвэрээ эргэж харах, 100 хувь цахилгаанаар гэр, байшингаа халааж зуухаа буулгасан айл өрхүүдийг дүүргийн тодорхойлолтоор 24 цагийн цахилгааны хөнгөлөлтөд хамруулах, дүүргүүдэд байгаа нам даралтын зуух, галлагаагаар халаадаг хороод албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг төвийн шугамд холбох, тэдгээрийг халааж байгаа зуухуудын технологийг шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүс орон сууцжуулах асуудлыг шийдвэрлэх, хөдөө орон нутгийг хөгжүүлэх бодлоготой уялдуудах асуудлууд тусгасан талаараа дурдав.

Дараа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлд нийслэлийн гэр хороололд 202474 өрх гэр хороололд байгаа бөгөөд агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй байгаа аж. Иймд бага, дунд, урт хугацаанд гэр хорооллыг хөгжүүлэх, нийтийн тээврийг сайжруулах, сайжруулсан түлш, цахилгаан халаагуур, гэр байшин сууцны дулаалгын асуудлыг шийдвэрлэхээр тусгагджээ.

Тухайлбал, нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөж хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр гэхэд 2018 онд Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 23 хорооны нийт 21,362 айл өрхийг 4 кВт чадлын цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх шугам, дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийн 30 багц ажлыг хийж дууссан. Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаар тогтоолоор Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт 23 хорооны гэр хорооллын 20602  айл өрхийг 4 кВт чадлын цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх 26 багц ажил хийж байгаа талаар дурдсан.

Үргэлжлүүлэн Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлд 2019 онд Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр салбар хоорондын уялдааг сайжруулан Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, агаар бохирдуулах эх үүсвэрийг бууруулахад чиглэсэн богино, дунд хугацаанд үр дүнгээ өгөх бодит ажлыг үе шаттайгаар, тасралтгүй зохион байгуулж, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж ажиллах шаардлагатай байгааг дурдлаа.  Энэ ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшууллыг үргэлжлүүлэх, түүхий нүүрсийг орлуулах стандартын шаардлага хангасан боловсруулсан түлш үйлдвэрлэх, нөөцлөх, түгээх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, гэр хорооллын айл өрхийг боловсруулсан түлшээр бүрэн хангах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлж, орон сууцжуулах, насжилт өндөртэй болон дизель хөдөлгүүрт нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг үе шаттай хязгаарлах, түүхий нүүрсний хэрэглээг хориглож, агаарын бохирдлыг бууруулахад иргэд олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, сайжруулсан түлшний худалдан авалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор Төрийн банк болон боломжит бусад арилжааны банкаар дамжуулан сайжруулсан түлш зээлээр түгээх схем ажиллуулж, зээлийн хүүгийн зардлыг хөнгөлөх татаас олгох зэрэг тодорхой арга хэмжээ авахаар болсон байна.

Мөн Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан хангамжийг хангах үүднээс Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн халаалтыг газрын гүний насос суурилуулж шийдвэрлэх, гурван аймгийн төвд агаарын бохирдлыг хянах харуулын байр суурилуулж, РМ10, РМ2.5 тоосонцор хэмжих автомат багажаар тоноглох,  хяналт-шинжилгээний сүлжээг бэхжүүлж, туршилт судалгаа хийх, эрсдэлт бүлгийн хүн амыг  томуугийн эсрэг дархлаажуулахад  шаардагдах 32000 хүн/тун вакцин худалдан авч 20120 хүнийг хамруулах, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон нийт рүү чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах мэдээллийн төв ажиллуулж, олон нийтийн мэдлэг, хандлага, оролцоог сайжруулах, гэр хорооллын нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлтэд хяналт тавих 4 түвшний 4604 хүнээс бүрдсэн хяналтын багийг есөн сарын хугацаанд ажиллуулж, хууль тогтоомжийн зөрчил гарахаас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ онд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийт 75,221.1 сая төгрөг төлөвлөсөн байна.

Дараа нь Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг “Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийсэн ажлын үр дүн”-гийн талаар мэдээлэл хийлээ.

2008-2016 оны хугацаанд гадаад эх үүсвэрээс 153.3 сая ам доллар, дотоод эх үүсвэрээс 164,1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Аудитын дүгнэлтэд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн баталгаа хангагдахгүйд хүргэжээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон эх үүсвэрээр зарцуулахаар төлөвлөсөн арга хэмжээг цогц байдлаар, үе шаттайгаар, нэгдсэн удирдлага, хяналтын дор хэрэгжүүлээгүй байна. Агаарын бохирдлын идэвхжил ихтэй бүсийг бүрэн хамарч бохирдлын үзүүлэлт бүрэн гүйцэт, үнэн зөв тодорхойлогдож чадахгүй байна. Төрийн аудитын байгууллагаас агаарын бохирдлыг бууруулах талаар зөвлөмж, албан шаардлага өгч байсан боловч харьяалах Төсвийн ерөнхийлөн захирагч нар тодорхой арга хэмжээ авч ажиллаагүй гэж байлаа. Мөн зарим аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой  зөрчилтэй зургаан  асуудлыг шалгуулахаар Нийслэлийн Прокурорын Газарт шилжүүлсэн  бөгөөд  аудитаар гарсан зөрчилтэй холбоотой зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар нэрсийн жагсаалтыг хүргүүлж, зөвлөмжийг Ерөнхий сайд болон Сангийн сайдад хүргүүлсэн талаар мэдээлэлд дурдагдлаа.

Үргэлжлүүлэн Ногоон хот-Улаанбатар ассоциаци Төрийн бус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Зоригт Дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулах талаар, Бэс ХХК-ийн захирал Н.Даваа шинээр зохион бүтээсэн цахилгаан эрчим хүчний өндөр хэмнэлттэй, дэвшилтэт технологийн,  битүүмжлэгдсэн фазын шилжилтэд цахилгаан халаагуур болон цахилгаан бойлуураар  нүүрсээр галладаг том, бага зуухнуудыг  сольж утааг арилгах боломжийн талаар мэдээлэл, танилцуулга хийсэн.

Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан, Д.Мурат, Б.Батзориг, Д.Сарангэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа,  “Утааны эсрэг ээж аавууд” Төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Пүрэвхүү, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьян нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

Хуралдааны төгсгөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, Ерөнхий хяналтын сонсголоор хөндөгдсөн асуудал, саналуудыг нэгтгэж Байнгын хороогоороо ярилцан, Орчныг бууруулах үндэсний хороотой хамтарч ажиллан,  агаарын бохирдлыг бууруулах талаар гаргасан холбогдох зөвлөмж, тогтоолыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих шаардлагатай байгааг дурдаад,  Ерөнхий хяналтын сонсголоос гаргасан шийдвэрээ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, олон нийтэд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж