120 тэрбумыг иргэдэд буцаана

Хуучирсан мэдээ: 2019.01.31-нд нийтлэгдсэн

120 тэрбумыг иргэдэд буцаана

120 тэрбумыг иргэдэд буцаана

News агентлаг долоо хоног бүрийн пүрэв гариг “Яам, Тамгын газраар сонин юу байна” буланг хүргэдэг билээ. Энэ удаад бид Сангийн яамыг онцолж байна.

Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатарын сүүлийн үед байнга хэлдэг үгс нь  төсөв  эрүүлжиж, Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа ашигтай гарч,  макро эдийн засгийн орчин тогтворжиж, Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирч, Засгийн газрын өр буурч, эдийн засгийн өндөр үзүүлэлтэй байгаа тухайгаа тэрбээр  дурддаг.

Сангийн яам өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг олгож эхэлнэ. Нийт 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөг олгох аж. Өмнөх онтой харьцуулахад НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын хувь хэмжээ 40 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, 2017 онд 680 мянган  хүнд 78 тэрбум төгрөг олгожээ. НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт багтаан шилжүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг өчигдөр /2018.01.30/ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгосон.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 6.4 ХУВИАР ӨСЛӨӨ

Эдийн засаг ийнхүү өсөхөд экспортын орлого 14 хувиар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 32 хувиар өссөн нь, төсвийн сахилга бат сайжирч, төсвийн алдагдал буурч, Засгийн газар арилжааны банкнаас зээл авахаа зогсоосноор хувийн хэвшилд олгох зээлийн хэмжээ нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Эдийн засгийн өсөлт 2018 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7 орчим хувьд хүрэхээр байна.

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦЭЛ СҮҮЛИЙН 8 ЖИЛИЙН ХУГАЦААНД АНХ УДАА АШИГТАЙ ГАРАВ

2018 онд төсвийн сахилга батыг сайжруулж, Засгийн газрын мөнгөн хөрөнгийг оновчтой удирдаж, өндөр хүүтэй бонд гаргахыг зогсоож, зээлийн хүүгийн зардлыг бууруулж чадлаа. Түүнчлэн, эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжил нэмэгдсэнээр татварын орлого 30 орчим хувиар өсөж, нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарахаар байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2018 оны арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр 266 тэрбум төгрөгийн ашигтай байна

ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ТӨЛБӨРТ 6.5 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨЛСНӨӨС 2018 ОНД 3.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТӨЛЛӨӨ

2018 онд өндөр хүүтэй дотоод бонд гаргаагүй, нийт 2.1 их наяд төгрөгийн дотоод бондын үндсэн болон хүүгийн төлбөр төлж, дотоод бондын үлдэгдлийг 1.6 их наяд төгрөг болгон буулгав. Мөн 500 сая ам.долларын Чингис болон 1 тэрбум юанийн Дим сам зэрэг гадаад бондуудыг төлж барагдуулсан. Ингэснээр Засгийн газрын өр (ӨҮЦ) ДНБ-ий 74.4 хувиас 61 хувь болж буураад байна.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 2018 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЭВ

Макро эдийн засгийн орчин сайжирч, зээлжих зэрэглэл нэмэгдсэнээр хөрөнгийн зах зээлд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдлээ. Үнэт цаасны зах зээлийн эрэлт нэмэгдэж, хувьцаат компаниудын ашигт ажиллагаа сайжирснаар жилийн дундаж зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 37 хувиар өсөж, 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд түвшин байлаа.

Түүнчлэн Сангийн яам таван аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэн байгуулах, гэр хороололд орлогод нийцсэн, эко 10 мянган  өрхийн орон сууц барих, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр төслийг АХБ-ны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 56 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж