Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурал дээр УИХ-ын гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тавьсан илтгэл
2010.03.09
Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын 20 жилийн энэхүү мөчлөг дээр улсынхаа нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн шинэ түүхийг бүтээх тухай ярих нь үлэмжийн утга агуулгатай тохиол болж байгааг тэмдэглэн хэлмээр байна.
Хархорин хотыг Өгөөдэй хаан 1235 онд 15 жил барьж Монголын нийслэл хэмээн зарласнаас хойш эдүгээ 765 ныг үджээ. Найман зууныг дамнасан түүхийн нугачаанд монголын нийслэл нүүж суусаар бидний оршин буй дөрвөн уулын дунд байршсан билээ. 1911 онд Богд хаан шашны төв байсан өргөөг нийслэл хүрээ гэж зарлигдсанаас хойш яг 100 жил болж байна. Иймд Чингисийн эзэнт гүрний нийслэл үүссэн өнө эртний уламжлалыг зөвхөн монголчууд бид л өнөө үед дэлхий ертөнцөд дуурсгаж явах түүхэн хариуцлага одоогийн нийслэл Улаанбаатар өнгө төлөв хоёр дэндүү зөрчилдөж байгааг анхаарахгүй байж болохгүй болжээ.
Эдүгээ монголын нийслэл улсынхаа хамаг бэрхшээл, хар барааныг хуримтлуулсан, хүмүүсийн өөгнөрөл болсон байна гэхэд хилсдэхээргүй болжээ. Үнэндээ улсын нийслэл гэх дэлхийн жишгээс үлэмж өөр дүр төрхтэй байх аж. Улаанбаатар хотод нийт иргэдийн 60 шахам хувь нь шахцалдан сууж, хорт утаа, машин тэрэгний түгжрэл, үнийн өсөлт зэрэг тааламжгүй орчинд бухимдан өдөр сарыг өнгөрөөж байна. Энэ нь хот-нийслэлийн талаарх төр загийн ердийн бодлогын хүрээнд санаа амарлингуй сажлах боломжгүй болсныг харуулж байна. Үүний тулд дараах үндсэн хэдэн асуудалд та бүхний анхаарлыг хандуулах нь зүйтэй гэж үзэв.
Нэг. Нийслэлийн улс төрийн бодлогын шинэчлэл
Нийслэл Улаанбаатар хотод манай орны хүн амын хагасаас илүү нь оршин суудаг, төр засгийн төв байгууллагууд байрладаг, улс орны улс төр, нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэл, худалдааны төв болохыг харгалзан үзвэл, төр засгийн бодлогын онцгой анхаарлын төвд байх ёстой атал уг асуудал аймаг орон нутгийн төвшинд яригдаж, зөвхөн нийслэл хотын удирдлагын хариуцах асуудлын хэмжээнд тавигджээ. Иймд нийслэл Улаанбаатар хотын асуудлыг бодлогын шинэ төвшинд авч үзэхийн тулд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна. Үүнд:
- Нийслэл Улаанбаатар хотод тусгай статус /эрх зүйн байдал/ олгох хэрэгтэй. Эрхийг хариуцлага дагалддаг. Улсын төсвөөс нийслэл хотод хуваарилагдах зардлыг үлэмжхэн нэмэх, татварын эрхийг нэмж, нэгдсэн төсөвт төвлөрүүлэх хэмжээг багасгах шаардлагатай.
- Нийслэл хотын бүх үйлдвэрлэл үйлчилгээнд тусгай стандарт тогтоож ягштал мөрдөх
Хоёр. Нийслэлийн эрхзүйн байдлын хууль тогтоомжийг боловсронгуй болгох боломж
Монгол улсын Үндсэн хуульд “Монгол улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн заасан. Энэ нь “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн Үндсэн хуулийн өөр нэг заалттай шууд холбогдоно. Эрх зүйн үндэс нь хот тосгонд зориулсан хууль тогтоомжийн аливаа заалт журмыг хамаарах өргөн утгатай бол эрх зүйн байдал /статус/ нь түүний бие даасан хэсэг болно.
Нийслэлийн хувьд гэвэл тэр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн гурван шатны нэгжийг багтаасан төрийн байгууламжийн онцгой байр суурь бүхий томоохон хэсэг мөн болох тул “статус” гэх ойлголтоос гадна ЗЗНД-ийн нэгж, түүний удирдлагын тухай асуудал бүхэлдээ хамаатай. Эрх зүйн байдал гэдэг ойлголтын хүрээ хязгаарын буруу дутуу ойлголтоос бодоод нийслэлийн эрхзүйн байдлын тухай асуудал ч үлэмж бүдэг бүрхэг байдлаар хуульд туссан байна.
Нийсллэийн хамаарал бүхий асуудлаар хэм хэмжээ тогтоосон 120 гаруй хууль байгаа бөгөөд эдгээрийн үйлчилгээ, бодлого, үзэл баримтлалын төвшинд нягтлан үзэх шаардлагатай. Эдгээр хуулиуд нь ихэнхдээ хотын эрх хэмжээг хасаж хязгаарласан, эрх барих дээд байгууллагуудаас хэт хараат байх нөхцлийг бүрдүүлсэн байдалтай байна. Энэ хүрээнд “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-аас нийслэл, түүний удирлагын тухай хуулийг салгаж, тусгайлан боловсруулан гаргах шаардлагатай болж байна. Нийслэл нь нутаг дэвсгэрийн зарчмаар байгуулагагддаг болохоор дотроо том хоттой байх нь зүй ёсны асуудал юм. Улаанбаатар хот нийслэлийн хувьд гол хот, “нийслэл” хэмээн нутаг дэвсгэрийн нарийн төвөгтэй бүтэц, эдийн засаг, нийгэм, соёлын зонхилох байгууллага төвлөрсөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн дээд нэгж мөний хувьд дүүргийнх нь дотор 130 гаруй хороотой.
Иймд хотын иргэдийн эрүүл, тогтвортой, аюулгүй орчинд аж төрөх, сурах боловсрох эрхийг хангахуйц стандарт тогтоон, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээрх төр захиргааны байгууллага, ажилтны үүргийг яг таг тодорхойлж, мөрдүүлэх шинэ чиглэлийг баримтлах цаг нь болсон байна. Энд ардчиллын гол амин сүнс агуулагдаж байгаа юм.
Хот болон нийслэлийн эрх зүйн хуульд өөрчлөлт оруулахдаа төвлөрлийг сааруулах, эрх үүргийг шат дараалан шилжүүлэх зарчмыг тууштай баримтлах шаардлагатай гэж үзэж байна. Ингэхдээ улс орны амьдралд нийслэл хотын эзэлж байгаа онцгой байр суурийг харгалзан төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудаас нийслэлийн өмнө хүлээх үүргийг үндэслэлтэйгээр нарийвчлан тогтоож өгмөөр байгаа юм.
Үүнээс үндэслэн нийслэлийг “Улаанбаатар хотын статус”-аас гадна ЗЗНД-ийн нэгж, түүний удирдлагын тухай тусгай хуулиудтай болгож зохицуулах шаардлагатай байна. Эдгээр хуулийг боловсруулахдаа “Хотын эрхийн тухай дэлхийн дүрэм”-д тусгагдсан үзэл санааг харгалзан үзүүштэй юм. Манай хууль тогтоомж хотын иргэдийн үүргийг тодорхойлоход голлон анхаарсан байхад, дэлхийн дүрэмд хотын эрх, удирдлагын бүтэц, эрх мэдэл гэхээсээ хотын хүн ам, оршин суугчдын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл үйлчилгээний болон байгаль орчны хүрээн дэх эрх, эрх чөлөөт байдал, хүн амын үйлчилгээ, түүний дотор усаар хангах, тээвэр хэрэглэх, орон байр, ажил эрхлэх, сурах, эрүүл тогтвортой орчноор хангагдах зэрэг иргэдийн эрх, энэ талаарх засаг төрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон байдаг.
-Энэхүү дүрмийг Америкийн нийгмийн форум 2004 онд үүсгэж, 2004-2005 онд Дэлхийн хотуудын форум, Нийгмийн форум тус тус хянаж, 2005 онд Барселонд нэмж засварласан юм. Одоогийн мөрдөж байгаа хуулиудад байгаа “Зөвшилцөх”, “дэмжлэг үзүүлэх”, “шаардах”, “санал тавих” гэсэн нэн тодорхойгүй сул үлбэгэр, хэт ерөнхий томъёоллыг бүрэн халж, хариуцлага зарчмыг яг таг оновчтой тодорхойлж оруулмаар байна. Ийм тодорхой заалт, заричм байхгүйгээс хот байгуулалт байгаль орчин, экологи, зам барилгын зэрэг асуудлыг нэг талаас төрийн захиргааны төв байгууллага, түүний агентлагууд нөгөө талаас нийслэл хотын байгууллага, удирлагууд бие бие рүүгээ түлхэн, завсарт нь ажил хохирч эцэст нь харицлага хүлээх эзэнгүй болдог явдал газар авсан байна.
Дүүрэг, хороо, хотын өөрийн удирдлагын байгууллагуудын болон нийслэлийн төрийн албаны тухай тусгайлсан хууль ч шаардлагатай болно. Энэ дашрамд тэмдэглэхэд хот, нийслэлийн статусын тухай хуулийг шинэ үзэл санааны дагуу боловсруулахдаа бусад дагалдах хуулиудад өөрчлөлтийг заавал нэг мөр хамт хийхгүй бол засвар өөрчлөлт нэрээр хуулиа дахин дахин хөндөхөд хүрч мэдэх юм.
Нийслэл хот бол нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл цул байх ёстой. Энд тэндээс сэглэж тасдсан газар нутгийн цуглуулга байж таарахгүй.
Гурав. Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг хангах арга зам
Өнөөгийн Улаанбаатар хотын тулгамдсан асуудлууд нь нийслэлийн эдийн засгийн харьцангуй бие даасан байдал, хууль эрх зүйн чадамжтай юуны түрүүнп холбогдож байгаа боловч үүнээс үүдэн олон эерэг сөрөг үр дагаврууд гарч байна. Хүн амын төвлөрөл нь хөгжил дэвшилд эерэг нөлөөлдөг дэвшилттэй үзэгдэл боловч Улаанбаатар хотын хувьд хүн амын өсөлттэй нь эдийн засгийн өсөлтийн төвшин, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын байгууллагын хүртээмж хөгжил зохицон хөгжихгүй, авцалдахгүй байгаагаас гэр хорооллынхон нь халаалт болон хэрэглээндээ бүхэлдээ нүүрс зэргээс үүдэн ядуурал, ажилгүйдэл лавширч, амьдрах орчин бохирдох, замын түгжрэл ихсэх ингэснээр оршин суугч иргэдийн эрх хөсөр хаягдах боллоо.
Улаанбаатар хотын асуудал Монгол улсын тал хувь нь гэдгийг зайлшгүй хүлээн зөвшөөрөх шаардлага тавигдаж байна. Нийслэл хотод улсны дотоодын нийт бүтээгдэхүүний тал хувийг үйлдвэрлэж, улсын төсвийн орлогын 34 хувь барилга, тээвэр, худалдаа зэрэг үйлчилгээний 70 хувь оногддог. Энэ нь Улаанбаатар хотод эдийн засгийн хүчтэй төвлөрөл бий болсныг, нөгөө талаас нийслэлийн эдийн засаг нь бүтцийн хувьд нэн тэнцвэргүй, салбаруудын хөгжилд нөлөөлөхүйц биш жижиг үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа арилжаа, зах дэлгүүр давамгайлсан, дэгсдүүхэн хэлбэл арилжаа наймааны бөөгнөрөд болсон байна.
Нийслэл дэх оюуны чадавхыг нь түүний хөгжлийн үндсэн боломж гэж үзэж болохоор байгаа юм. Тэгвэл мэдлэгт тулгуурласан технологийн инновацийн эдийн засгийг хөгжүүлэх нь хөгжлийн баримжаа болох юм. Үүний тулд хотын эдийн засаг, санхүүгийн хувьд монголын хүн ам, эдийн засагт эзэлж байгаа хувь хэмжээтэй дүйцэхүйц хувь хэмжээний эрх мэдэл, боломжийг агуулсан статустай байх учиртай. Үүний тулд хот өөрийгөө бүрэн тэтгэдэг эдийн засагтай, өөрийн өмчөөр эдийн засгийн чадавхиа дээшлүүлдэг, төвлөрүүлсэн орлогынхоо дийлэнхийг хөгжлийн хөрөнгө оруулалтад оруулдаг, хот төлөвлөлтөд алсын хараатай, жишиг стандартын дагуу ханддаг болох ёстой.
Хот өөрийн өмчийн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэн өмчийн менежментийг өөрчлөх, үхмэл байр сав шавааралдуулахаас татгалзан эдийн засгийн чадамжтай өмчийг шинээр бий болгох, хотын хөгжилд шинэ чанар, үр ашиг авчрах төслүүдийг санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр буй болгоход чиглэсэн санхүүгийн корпораци байгуулах, хотын хөгжлийн бонд гаргах үр дүнтэй менежмент хийвэл шинэ хандлагын эхлэл болно.
Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсч байхад хүн амын амжиргаа өсдөггүй, бараг л доошилдог гаж үзэгдэл нийслэлд үлэмжхэн хамаарна.
Дурдсан асуудлын хүрээнд дор дурдсан арга хэмжээг авах шаардлаагтай байгаа юм. Үүнд:
1. Нийслэлийн эрх хэмжээний хүрээнд бонд гаргах эрх нэгэнт хуулиар олгогдсон байгааг ашиглах. Бондыг ашиглах хүрээнд нийслэлийн хөрөнгө оруулалтын сан буй болгох, нийслэлийн өмчит томоохон хувьцаат компани байгуулж хувьцааг нь арилжах, шинжлэх ухаан технологийн парк байгуулах
2. Төсвийн хөрөнгийг нэн оновчтой зарцуулах, ингэхдээ нийслэлийн хүн амд үзүүлдэг дэд бүтцийн голлох үйлчилгээг эрхэлж буй цахилгаан, дулааны чиглэлийн мэргэжлийн байгууллагуудыг хотын удирдлагын бүтцэд оруулах, Мөн нийслэлийн өмчийн үйлдвэрийн газрын удирдлагуудыг ТӨХ-ноос бус, нийслэлээс томилон ажиллуулдаг болох, нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар банк”, “Улаанбаатар даатгал” компаниудыг үндсэн зорилгод нь нийцүүлэн хотын хүрээлэлд ажиллуулах, нийслэл дэх үл хөдлөх хөрөнгийн татварын өөрөө төвлөрүүлэн зарцуулдаг болгох
3. Тээврийн үйлчилгээний логистик үйлчилгээг зохион байгуулах
4. Татварын чиглэлээр дорвитой өөрчлөлт хийх. Татварын багц хуулиар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажилагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үр дүнгээс хамаарч өсдөг Орлогын албан татвар, НӨАТ, Онцгой албан татваруудыг улсын төсөвт төвлөрүүлж, тээврийн хэрэгслийн хураамж, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, мал бүхий иргэдийн, нохой, бууны зэрэг хязгаарлагдмал эх үүсвэр бүхий орлогууд бүрдүүлдэг. 2009 оноос хүн амын орлогын албан татварыг орон нутгийн төсөвт оруулахаар хуульд өөрчлөлт оруулсан боловч нийслэлийн уг орлогын 62,7 тэрбум төгрөгийг буцаан улсын төсөвт төвлөрүүлэхээр хуульчлагдсан.
5. Нийслэлийн хэт төвлөрлийг задалж, регионал хөгжлийн зарчмыг хэрэгжүүлэх, аж үйлдвэрийн төвүүдийг шинээр зохион байгуулах , төмөр замд суурилсан нийтийн тээврийн тогтолцоог бүрдүүлэх, төмөр замын буудлуудад түшиглэсэн хотын дэд төвүүдийг хөгжүүлэх, гэр хорооллын нөхцлийг эрс өөрчлөх. Региональ хөгжлийн онолын хүрээнд авч үзвэл_ Налайхын аж үйлдвэрийн парк, ачаа тээврийн, Багануурын эрчим хүч, нүүрс, хими барилгын материалын үйлдвэрийн, Багахангайг хөдөө аж ахуйн болон энэ чиглэлийн боловсруулах үйлдвэрийн, Жаргалант, Сонгино, Туулын бичил бүсийг эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуй, арь шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдийн, Аргалантыг суурьшлын шинэ бүс, агуулахын аж ахуйн төвүүд болгохоор баримжаалан хөгжүүлж болох юм.
“Улаанбаатар хотын Мянганы хөгжлийн зорилтууд”-д 2015 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 6,8 сая төгрөгр хүргэх, ядуурлын төвшинг 17,0 хувь болгон бууруулах, ажиллах хүчний оролцооны төвшинг 70 хувь болгож өсгөхөөр тусгагдсан. Нийслэлийн эдийн засаг санхүүгийн чадамжийг эрс өсгөхгүйгээр дээрх зорилтыг хангах ямар ч бололцоогүй юм.
Дөрөв. Нийслэл дэх хот байгуулалт, түүний менежмент
1992 онд Рио де Жанейрод болсон дэлхийн дээд хэмжээний уулзалтаас гаргасан “21 дүгээр зууны хөтөлбөр”-т эд баялаг, хэрэглээний өсөлтөөр төсөөлж байсан амьдралын утга учрын тухай ойлголтоосоо салж, “Хүний хөгжил, амьдралын чанар, амьдралын орчин” хэмээх гурван хэмжигдэхүүний орон зайд хөгжлийг томъёолж, түүнийг “тогтвортой хөгжил” гэж тодорхойлсон билээ. Энэ зуунд хотууд үсрэнгүй хөгжихдөө дээрх шинэ үзэл санааг агуулсан тогтвортой хөгжлийн жишигт нийцсэн байхаар төлөвлөгдөж байна. Монголын нийслэл хот ч энэ жишгээс гажихгүй биз. Иймээс хот төлөвлөлт, инженерийн байгууламж, хот байгуулалтад шинэчлэл хийх шаардлагатай.
Уг асуудал юуны урьд бүсчилсэн хөгжлийн баримтлалын хүрээнд төвлөрөл бөөгнөрлийг зоригтой задлах хотын хил хязгаарыг нэмэгдүүлэн бүсчлэх, шилжүүлэн байршуулах, ингэснээр нутагшил байршлын орон зайн шинэ систем үүсэх болно. Гэхдээ хот төлөвлөлт, орно зайн шинэчилсэн төлөвлөлтийг нягт нямбай хийвэл орон зайн хомсдол гарахгүй, бүр 2 сая хүн чөлөөтэй амьдрах нутаг дэвсгэр нийслэлд буй.
Одоо 17 орон сууцны шинэ хороолол баригдах болж байна. Үүнд асар их хөрөнгө санхүүгийн нөөц шаардлагатай. Үүнийг голлон гурван замаар бүрдүүлж болно. Нэгд, Санхүүжилтийн ашигтай механизм, хөшүүрэг бүрдүүлэх үндсэн дээр иргэд, аж ахуйн нэгжийн мөнгөн хөрөнгийг дайчлах, өөрсдөө орон сууцанд орохдоо энэхүү механизмыг ашиглах бололцоог нэмэгдүүлэх, хоёрт, нийслэлийн санхүү, хөрөнгө оруулалтын чадавхийг нэмэгдүүлэн, тодорхой хэсгийг орон сууцанд дайчлах, гурав, уул уурхайн талаар урагштай бодлогын үр дүнд хуримтлагдсан хөрөнгийг дайчлах боломжийг нэрлэж болохоор байна.
Барилга, орно сууцны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд барилгын материалын үйлдвэрлэлийн өсөлт онцгой чухал. Эдүгээ улсын хэмжээнд барилгын материалын 70-75 хувийг импортоор авч, зөвхөн 25 орчмыг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Улсын хэмжээнд 400 орчим аж ахуйн нэгж байгууллага барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж байгаагийн 80 хувь нь Улаанбаатарт байрлаж байна. Эдгээр үйлдвэрүүд ихэнхдээ стандартад тэр болгон нийцэхгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ байдлуудаас авч үзвэл барилгын материалын үйлдвэрлэлийн хурдцыг эрс нэмэгдүүлэх, ингэхдээ стандартын шаардлагыг хангуулах, монголын онцлогт тохирсон, хямд төсөр шинэ технологи, бүтээгдэхүүн бий болгох шаардлага тулгарч байна.
Тав. Хотын автомашины түгжрэлийг арилгах чиглэл
Улаанбаатар хотод нийт автомашиын 50 хувь байдаг. Сүүлийн 10 жилд хотын автомашины тоо 1,7 дахин, үүний дотор суудлын автомашины тоо хоёр дахин өсчээ. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд өдөр бүр 215 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, замууд ачааллаа нэгэнт даахаа больсон байна. Түгжрэл үүсэх олон нөхцлүүд байгаа ч ихэнхдээ замын нөхцлийг нэмэгдүүлэх ауудал чухалчлагдаж байна. Үүний тулд:
- Уулзваруудыг сайжруулах
- Хурд авах болон хасах эгнээ бүхий давхар замууд барих
- Гэрлийн дохиог алсаас удирдах
- Эргэлтийн тоо хэмжээг бууруулах
- Эгнээий хөдөлгөөний чиг өөрчлөх /Реверсив хөдөлгөөн/ ачаалал ихтэй хэсэгт хөдөлгөөн, нэмэлт эгнээ өгөх/
- Тусгай эгнээ гарагж өгөа /дугуй мотоцикль, автобус/
- Замыг өргөсгөх
- Нэг бичгийн хөдөлгөөнийг зохион байгуулах
- Ажлын цагийг зөрүүлэх
- Хөдөлгөөнд соёлтой оролцох
- Унадаг дугуйн хөдөлгөөнийг хөгжүүлэх
- Хотын гадна амьдардаг хүмүүс тусгай зогсоолд машинаа тавиад нийтийн тээврээр хот руу ордог болгох
- Хөдөлгөөн ихтэй уулзваруудыг чиглэл чиглэлээрээ саадгүй нэвтрэх боломжтойгоор давхарлах /баруун, зүүн дөрвөн зам, нэгдүгээр хорооллын зүүн болон зуун айлын уулзвар/
- Томоохон гүүрүүд
- Хот тойрсон их бага тйорог байгуулах зэрэг болно.
Зам барилгын энэхүү ажилд их хэмээний хөрөнгө хүч, шаардагдах нь зүй ёсны асуудал боловч төр засаг онцгой анхаарвал шийдэж болно.
Зургаа. Нийслэлийн байгаль орчны тулгамдсан асуудал
Нийслэл хотын нэн тулгамдсан асуудал бол байгаль орчны бохирдол, экологийн доройтол. Байгаль орчны бохирдол нь хүн амын өвчлөлийг 20-30 хувиар нэмэгдүүлж байна. Тухайлбал, агаарын бохирдол нь хорт хавдар, амсгалын замын болон зүрх судасны эмгэг үүсэхэд зонхилох хүчин зүйл болсныг, хүүхдийн дархлалын төвшинг бууруулан, бие бялдрын зохистой харьцааг алдагуулаххүүхэд дутуу болон эрүүл мэнд, эд эрхтний гажигтай төрөхөд нөлөөлж байгааг мэргэжилтнүүд нэгэнт тогтоожээ.
Иймээс экологийн зөв орчин бүрдүүлэхийн тулд онцгой анхаарахыг цаг үе шаардаж байгааг хэлмээр байна.
1. Агаарын бохирдлыг бууруулах боломжууд
Агаарын бохирдол нь нүүрсэн түлштэй шууд холбогдоно. 2007 оны байдлаар нийслэлд 119200 айл өрх байгаагийн 52 хувь /62933/ нь байшинд 48 хувь нь /56000/ нь гэрт амьдардаг. Хотын хэмжээгээр жилд 403000 тонн нүүрс, 237000 м.куб модыг түлшинд хэрэглэдэг. Энэ нь нийслэлийн хэрэглээний 31,4 хувь болж 69,6 хувь нь ТЭЦ-үүдэд оногддог. Нүүрсний шаталт задралын байгаль орчин, хүн амд үзүүлэх хор холбогдлыг тайлбарлах нь илүүц биз ээ. Монголын технологийн төвшин мэдлэг оюуны үлэмж багтаамжтай утаагүй түлш үйлдвэрлэх хэмжээнд хүрч чадаагүй зөвхөн оролдлого төдий байна.
Агаарын бохирдлыг бууруулах арга замууд:
- Оршин суугчдыг орон сууцаар бүрэн хангах
- Гэр хорооллын нүүлгэх, орон сууцны асуудлыг системтэй шийдвэрлэхэд цаг хугацаа хэрэгтэй байгаа учраас гэр хорооллыг нийслэлийн салхин дор шилжүүлэн суурьшуулах хөтөлбөр хэрэгжүүлэх
- Эрчим хүчний эх үүсвэрүүдийг шинээр өөр газар барих, одоогийн үйлдвэрүүдэд нүүрс хийжүүлэлтийн цикл бүхий шинэ технологи нэвтрүүлэх
- Утааны хорт бодисыг шүх технологи нэвтрүүлэх
- Утаагүй түлш үйлдвэрлэх дэлхийн технологийг авч нутагшуулах, гэр хорооллын айл өрхийг халаалт, хэрэглээний цахилгаан болон хийн техник, технологи нэвтрүүлэх
- Био түлшний хэрэглээ буй болгох
- Ногоон бүсийн байгууламжийг нэмэгдүүлэх
Орон сууцны хөтөлбөрүүд хэрэгжсэн ч нэгэнт урт хугацаа шаардана. Нөгөө талаар монгол хүн гэртээ суусан хэвээр байх болно. Иймээс утаагүй био түлш үйлдвэрлэх /200,0-300,0 мянган тонныг нэг жилд үйлдвэрлэх шинжлэх ухааны технологийн саналууд буй/ нь ухаалаг алхам болно гэж үзэж байна. Харин гэр хорооллыг байлгах, нүүлгэн шилжүүлэхдээ хүрвэл дэд бүтэц, ялангуяа бохирын нэгдсэн систем байгуулж байж шийдвэл орчин үеийн хот байгуулалтын зарчимд нийцэх болно.
Агаарын бохирдлын бас нэгэн эх үүсвэр бол тээврийн хэрэгсэл. 2008 онд 176837 тээврийн хэрэгсэл тоологдсоны 67,5 хувь нь нийслэлд төвлөрч байгаа бөгөөд 2008 онд 2009 оныхоос 26584 буюу 10,3 хувиар өсчээ. Эдгээр тээврийн хэрэгслийн нэлээд хэсэг нь хэт дутуу шаталтын хий угаар /хорт хий/ гаргадаг гэсэн тооцоо бий.
Мөн гэр хорооллоос шивтэртэй хий үлэмж ихээр дэгддэг. Энэ бүхэн эрүүл орчинд амьдрах хүний эрх ноцтойгоор зөрчигдөх болсныг хариуулж байна.
Нийслэл Улаанбаатар хотын асуудлыг шинээр харж болох зарим гарц боломжуудыг томъёолох энэхүү оролдлого нь улс төрийн бодлогоор дамжин төр засгийн үйл ажиллагаагаар дамжин бодит ажил хэрэг болох учиртай. Үүнд үндсэн үүрэг Монгол улсын хэмжээнд бодлого боловсруулах үүрэгтэй УИХ-д оногдоно.
Хууль тогтоох байгууллагад эдүгээ нийслэлээс сонгогдсон 20 гаруй гиүүд ажиллаж байгаа. Тэд нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалан хэмээн амлаж сонгогдсон. Мөн тэд бүгдээрээ нийслэлийн оршин суугчид. Иймд нийслэл хотынхоо хөгжлийн асуудалд эргэлт гаргах нийгмийн үүрэгтэй.болохыг тэмдэглэх нь зүйтэй. Мөн нийслэлийн иргэд эрхээ хэрэгжүүлэх үүднээс өөрийн төлөөлллийг сонгон, нийслэлийн ИТХ-ыг байгуулсан. Иргэд сонгогчдод шаардах эрх оршдог. Тэгэхээр иргэд, иргэний байгууллагууд нийслэлийн удирдлагаас шаардах эрхийг бодитой хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрийн чиг үүргийг иргэдэд% төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх, хороо хорины зохион байгуулалтад хорших, бие биедээ туслах угуулга нэмэх шаардлагатай.
Эцэст нь хот, нийслэлийн байгууллагуудын ажлыг эрс эрчимжүүлэх шинэ менежментээр ажиллах ялангуяа шударга ёсыг хэвшүүлэх, хүнчий аюулгүй байдал, үйлчилгээний стандартыг ягштал мөрдөх чиглэлээр дорвитой арга хэмжээ авбал “Шинэ Улаанбаатар”-ын анхны өнгө төрх болж харагдах болно.
Анхаарал тавьсанд баярлалаа.