Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээнүүдийг соёрхон батлахыг дэмжив
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.01.30) хуралдаан 14 цаг 42 минутад 52.6 хувийн хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулиудын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ.
Хуралдаанаар эхлээд Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гадаадын этгээд оролцсон буюу өөр улсад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим ажиллагааг гүйцэтгэх шаардлага гарахад олон улсын эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа нь шүүх засаглал, шударга ёсыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Улс орнууд иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, иргэд хоорондын хэрэг маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой.
Монгол Улс одоогийн байдлаар 17 улстай иргэний хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгааг сайд илтгэлдээ дурдав.
Бүгд Найрамдах Беларусь Улстай Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулахаар 2014 оноос эхлэн ажиллаж, хоёр тал гэрээний төслийг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн уулзалтаар хэлэлцэн тохирч, 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Минск хотноо байгуулжээ.
Тус гэрээгээр хоёр улсын иргэд адил нөхцөлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гардуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаатай холбоотой эрх зүйн туслалцааг хоёр улсын эрх бүхий байгууллагууд харилцан үзүүлэх журмыг тохирсон байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.
Дараа нь Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд хоёр улсын харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх боломж бүрддэг. Монгол Улс одоогийн байдлаар 15 улстай гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээ байгуулаад байгаа аж.
Бүгд Найрамдах Беларусь Улстай Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний төслийг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн уулзалтаар хоёр тал хэлэлцэн тохирч, гэрээг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Минск хотноо байгуулжээ. Уг гэрээгээр гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичиг, гэмт этгээдийг шаардлагатай тохиолдолд түр саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон тул гэмт этгээд шилжүүлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх боломжтой болно гэж хууль санаачлагч үзэж байгаа аж.
Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжих санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь дэмжсэн юм.
Үргэлжлүүлэн Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Улс орнуудын хуулийн байгууллагууд эрх зүйн туслалцаа үзүүлэх замаар иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай, шуурхай гүйцэтгэх, иргэд хоорондын хэрэг, маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх, эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх боломжтой болдог бөгөөд үүнд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай олон улсын хоёр талт болон олон талт гэрээ нь эрх зүйн үндэслэл болдог. Иймээс Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг байгуулжээ.
Уг гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив. Иймээс хоёр улсын хооронд байгуулсан дээрх гурван гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон юм.
Мянганы сорилтын компакт гэрээгээр Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлнэ
Байнгын хорооны хуралдаанаар Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорацаар төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улсын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.
АНУ-ын Мянганы сорилтын корпорациас 2014 оны 12 дугаар сард Монгол Улстай хоёр дахь Компакт гэрээ байгуулах шийдвэр гарснаас хойш 3 жил гаруйн хугацаанд Гадаад харилцааны яамны дэргэд байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээг боловсруулах үүрэг бүхий Үндэсний ажлын алба, АНУ-ын МСК-тай хамтран Компакт гэрээ боловсруулах бэлтгэл ажлыг 2018 оны 5 дугаар сард бүрэн хангаж дуусгасан.
Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Компакт гэрээнд гарын үсэг зурах асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр зөвшилцөж, гарын үсэг зурах асуудлыг зөвшөөрсөн санал, дүгнэлт гарсан. Энэ үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд Компакт гэрээний талаарх хэлэлцээ 2018 оны 5 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотод амжилттай явагдаж, гэрээний төслийг тохиролцсон.
Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Мянганы сорилтын компакт гэрээнд гарын үсэг зурах асуудал дэмжигдэж, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Компакт гэрээнд гарын үсэг зурж гэрээг байгуулсан. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай Компакт гэрээг хэрэгжүүлэх Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан гэдгийг сайд танилцуулав.
Компакт гэрээний дагуу АНУ-ын Засгийн газраас Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэхэд олгосон 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламж олгох юм. Энэ хүрээнд гүний худаг гаргах, ус цэвэршүүлэх үйлдвэр барих ажлууд үе шаттай хийгдэж, Улаанбаатар хотын нийт усан хангамж сайжрах боломж бүрдэх юм байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, О.Содбилэг нар Гадаад харилцааны сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан энэ нь нийслэл хотын хувьд тулгамдсан нэг чухал асуудлыг шийдэхэд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт бүхий гэрээ учраас яамд, холбогдох байгууллагууд хэрэгжилтэд нь онцгой анхаарч, ажлаа уялдуулан шуурхай ажиллах шаардлагатай байгааг сануулж байв.
Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулна
Дараа нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэв. Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.
Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх саналаа хятадын талд дипломат шугамаар тавьж, урьдчилсан байдлаар зөвшөөрсөн хариу аваад байгаа аж.
Монгол Улсын гадаад харилцаа улам өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн эдгээр улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, аялал жуулчлалын төв болсон, 700 орчим монгол оюутнууд суралцдаг Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх шаардлагатай байгааг сайд илтгэлдээ дурдав.
Дэлхийн хамгийн их хүн амтай хотын нэгд тооцогддог Шанхай хот нь БНХАУ-ын төв Засгийн газарт шууд харьяалагддаг 4 хотын нэг бөгөөд БНХАУ төдийгүй бүс нутаг, олон улсын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, далайн тээврийн төв, Хятадын Засгийн газраас далайн эргийн нээлттэй бүс хэмээн зарласан эх газрын өндөр хөгжилтэй хот юм. Шанхай хот 25 сая оршин суугчтай, хүн амынхаа тоогоор Хятадад нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг аж.
БНХАУ-д зорчиж буй гадаадын жуулчдын дийлэнх нь, мөн олон улсын үзэсгэлэн яармагт оролцох зорилгоор гадаадын олон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчид Шанхай хотод зочилдог тул тус хотод гадаадын 70 гаруй улсын Ерөнхий консулын газар байрлаж, өөрийн орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, үзэсгэлэн яармагт оролцоход нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн судалгаа хийх, дамжин өнгөрөх тээврийн харилцааг хөгжүүлэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэдэг байна.
Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг шинээр нээснээр тус хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж нээгдэх юм байна.
Шанхай хот дахь Ерөнхий консулын газрыг 3 орон тоотой байхаар төлөвлөж, тус газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зардлыг 2019 оны төсөвт суулгаж, батлуулсан гэдгийг сайд тодотголоо.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжив.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хууль санаачлагчийн илтгэл тавих Засгийн газрын гишүүн болон ажлын хэсэгт орсон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд хуралдаанд ирээгүй учраас хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.