Эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулан “Победа” шинэ сувгийг нээнэ хэмээн "Первый канал. Всемирная сеть" компанийн ерөнхий захирал Алексей Ефимов сэтгүүлчдэд мэдээллээ.
Нэгдүгээр сарын 29-31-ний хооронд Москва хотноо зохиогдож байгаа олон улсын CSTB. Telecom & Media 2019 үзэсгэлэнгийн үеэр шинэ сувгийн танилцуулгыг хийсэн байна.
“Их ой ойртож байна. Их ялалтын ойг угтан бид шинэ суваг нээхээр төлөвлөж байгаа бөгөөд шинэ сувгаа "Победа" /”Ялалт”/ хэмээн нэрлэнэ. Фашистын Германыг бут цохисноос хойш 74 жил өнгөрч байна. Энэ хооронд 1941-1945 оны эх орны дайны тухай өгүүлсэн баримтат болон уран сайхны тоо томшгүй их уран бүтээл хийгдсэн. Энэ их бүтээлийг ганцхан Ялалтын баярын өдөр буюу тавдугаар сарын 9-нд үзүүлж амждаггүй. Эдгээр уран бүтээл зүгээр л тавиур дээр хэвтэж байна” гэж Алексей Ефимов хэллээ.
Шинэ суваг кабелийн сувгаар болон сансрын хиймэл дагуулаар ОХУ-ын бүх нутаг дэвсгэрт цацагдах юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ