Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн ч бодитой өөрчлөлт гараагүй гэж Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдлээ.
Боловсролын салбарынхныг төлөөлсөн тус холбоо өнөөдөр /2019.01.30/ хийсэн мэдэгдэлдээ “Багш, ажилчид өнгөрсөн онд хоёр ч удаа ажил хаялт зарласны үр дүнд Засгийн газартай тохиролцож, цалингаа долоон хувиар нэмэгдүүлэхээр болсон. Мөн энэ оны нэгдүгээр сард Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэх шийдвэрийг гаргасан ч бодит амьдрал дээр нэг л хувиар нэмэгдлээ. Бидний зүгээс цалинг нийт 15 хувиар нэмэгдүүлнэ гэх хүлээлттэй байсан. Гэвч боловсролын салбарын үйлчилгээний ажилчдын цалин ердөө 6000-8000 төгрөгөөр нэмэгдлээ. Энэ асуудлаар бид удаа дараалан Засгийн газарт хандаж байгаа боловч тодорхой хариу өгөхгүй цаг алдаж байна” гэж тус холбооны дарга Ж.Батзориг онцлов.
Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын үйлчилгээний 26 мянган ажилтан, алба хаагчдын төлөө тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Эдгээр ажилтны төлөөлөл болсон н.Саранцэцэг үйлчилгээний салбарынхан хөдөлмөрийн хүнд нөхцөлд ачаалалтай ажилладаг байтал 368.000 төгрөгийн цалин авч байгаа нь хангалтгүй гэдгийг онцолсон. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сар хүртэл 359.000 төгрөгийн цалин авдаг байсан бол шинэ он гарснаар цалин нь ердөө арван мянган төгрөгөөр нэмэгдсэн юм байна.
Холбоотой мэдээ