Горилогчдын хэн нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын томилгоо

Горилогчдын хэн нь хэн бэ?

Горилогчдын хэн нь хэн бэ?

Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан хуулийн дагуу УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах кнопыг 43 хүн дарснаар парламентын дараагийн даргад горилогчдын нэрс хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр тэнэж байна.  Үнэмлэхүй олонх болсон МАН-ын 64 дотор муу нэр, муухайд  данслагдаагүй хүн тун цөөн.  Жаран тэрбум, ЖДҮ, тэгээд концесс болон шахаа шантаажийн асуудалд нэр холбогдсон олон хүн УИХ-ын даргад горилж яваа. Ингээд горилогчдын CV-ийг сонирхуулъя.


Ц.НЯМДОРЖ

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа спикерийн суудлыг хамгийн их мөрөөдсөн хүн бол Ц.Нямдорж. Тэрбээр  эрх мэдлийн төлөө чөтгөртэй ч гар барихад бэлэн нэгэн.  Нэгэн цагт хонь чонь явсан Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр хамгийн их саймширч байгаа хүн бол Ц.Нямдорж. Мөн нэгэн цагт аялдан дагаж явсан аядуу зөөлөн М.Энхболдоосоо урвасан  нь шударга ёс гэхээсээ илүү сандал суудалтай нь холбоотой. 1992 оноос эхлээд ээлж дараагүй УИХ-д суугаа тэрбээр өмнө нь нэг удаа спикер хийсэн. Өдгөө дөрөв дэх удаагаа хуулийн салбарын толгойлж яваа.

Давуу тал: Насаараа хууль батлалцаж яваа туршлагатай. У.Хүрэлсүхийн засагт сайдаар томилогдохоос өмнө УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан намтар түүх арвинтай.

Сул тал: Ц.Нямдоржийн хувьд сайнаасаа муу нь илүү. Эрдэнэтэд хүү Ц.Анхбаяр нь хоёр тэрбумын шахаа хийсэн хэрэгт шударга гишүүн маань хариуцлага үл хүлээсэн төдийгүй хэвлэлээр хээв нэг “Аав нь хүүдээ тусалсан төдий” хэмээн өмгөөлж зогссон. Тэрбээр зартай “урвагч”. Н.Энхбаяр, М.Энхболдоос урвасан тэрбээр У.Хүрэлсүхээс ч урваж чадна. Хуулийн салбарыг насаараа толгойлсон атлаа Монголд хууль үйлчлэхгүй байна гэсэн гомдол, шүүмжлэл байнга хэлдэг. Өмнө УИХ-ын даргаар ажиллаж байхдаа хөнжилдөө хууль зассан хэргээр Цэцийн гаргасан дүгнэлтийн дагуу огцорч байсан. Тиймээс  Ц.Нямдорж сайдад УИХ-ын даргаар сонгогдох боломж, эрх зүйн үндэс байхгүй гэсэн тайлбарыг хуульчид хэлж байна. Хамгийн сул тал  нь парламентын биш Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг гэдгээ удаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

Ө.ЭНХТҮВШИН

Сонгуулийн дараа мөн л УИХ-ын дарга болох сонирхолтой байсан. Тиймээс М.Энхболдыг тамгаа авах үед гомдлын үг шидэлж суусан нь гурван жилийн өмнөх явдал. Харин Ж.Эрдэнэбатын засаг огцорсноор түүнийг Шадар сайд болгоход М.Энхболдын дэмжлэг их байсан гэдэг. Гэвч дараа нь М.Энхболдоосоо урваж, У.Хүрэлсүхтэй нэгдсэн.

Давуу тал: Насаараа хууль батлалцсан, туршлагатай нэгэн.

Сул тал: Фракцгүй. Нам дотроос нь М.Энхболдын тал дэмжихгүй юм бол У.Хүрэлсүхийн талаас дэмжлэг авах магадлал тун бага. Мөн Ерөнхийлөгч  дэмжихгүй байгаа гэсэн мэдээлэл ч бий.

Г.ЗАНДАНШАТАР

Хэвлэлээр бичигдэж байгаа хамгийн магадлал өндөр горилогчдын нэг. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа. Саяхан Салхитын мөнгөний ордод  болсон тусгай ажиллагааг удирдсан. Үүнээсээ болж багагүй шүүмжлэл хүлээсэн. Өмнө нь, Сү.Батболдын засгийн үед Гадаад харилцааны сайд байхдаа гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн хууль санаачлан батлуулсан. Үүнээс болж хөрөнгө оруулалт эрс муудаж, эдийн засагт багагүй хохирол авчирсан билээ. МАН цөөнх болсны дараа АНУ-д сурч байхдаа зам тээврийн осолд өртөж, хүнд бэртэж байв.

Давуу тал: У.Хүрэлсүх өөрийн хүнээ томилуулах сонирхолтой байгаа нь лав. Ерөнхийлөгч дэмжих магадлалтай.

Сул тал: Олон нийтийн дэмжлэг муутай. Олон нийт, тэр тусмаа эдийн засгийнхан, хөрөнгө оруулагчдын дунд нэр хүнд муу. МАН-ын попчдын нэг.

Н.ЭНХБОЛД

Батлан хамгаалахын сайд. Мөн л УИХ-д "удаж" байгаа гишүүдийн нэг. Түүнийг У.Хүрэлсүхийн засагт сайд болоход М.Энхболдын талаас санал оруулж байв. Харин тэрбээр М.Энхболдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан нь УИХ-ын дарга болон нууцхан хүсэлтэй нь холбоотой гэсэн хардлага гарч байлаа. Харамсалтай нь, УИХ-ын дарга болохын даваан дээр хариуцсан салбарт нь хүний амь настай холбоотой хэрэг гарсан. Зүүнбаянгийн цэргийн ангид хугацаат цэргийн албан хаагч зодуулж амь насаа алдсан байж болзошгүй хэрэг гарсан нь түүнийг суудал дэвшүүлэх боломжгүй болгосон юм. Энэ хэрэгт ч өөрөө тайлбар өгөхдөө сэтгүүлчдэд эвгүй хандлага гаргасан нь түүний бас нэг алдаа болж буй.

Давуу тал: ЖДҮ, жаран тэрбумын асуудалд холбогдоогүй.

Сул тал: Ерөнхийлөгч дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн гэх. Мөн байлдагчийн амиа алдсан асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа энэ үед хариуцсан салбарын сайдад нь хариуцлага тооцох нь бүү хэл дэвшүүлбэл У.Хүрэлсүхийн засаг унахын эхлэл болно.

СҮ.БАТБОЛД

Эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтдаг гэгчээр энэ суудлыг чив чимээгүй сонирхож яваа хүн бол Сү.Батболд. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад буусныхаа дараагаас улс төрд идэвхтэй ил гарч тоглохоо больсон. Хөшигний цаанаас улс төр хийх болсон түүнийг У.Хүрэлсүх дэмжих магадлалтай ч Ерөнхийлөгч дэмжихгүй байх талтай. Хар багаасаа тасралтгүй албан тушаалаар “шагнуулж” ирсэн. С.Баярын хөтөлж гаргасан улстөрч. Хамтарсан Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан. Намын дарга байхдаа У.Хүрэлсүхтэй хамт намын нэрнээс Х үсгийг авснаар олонх байсан намаа цөөнх болгож байсан түүхтэй.

Давуу тал: Туршлагатай, мэдлэгтэй. Аядуу зөөлөн зантай

Сул тал: Сү-гийн фракц нам дотроо нөлөөлөл багатай. Дээр нь оффшортой нэр холбогдсон. “Цэвэр” дарга хайж байгаа шаардлагад тэнцэхгүй.

Л.ЭНХ-АМГАЛАН

Улс төрийн туршлагатай парламентч. MCS-ийн хүн гэсэн тодотголтой. Гэвч, өнөөгийн парламентад жинтэй үг хэлдэг цөөн улстөрчийн нэг. Үзэл бодолдоо үнэнч.  Албан бус 32-ийн бүлэгт хамаардаг.  Эрх мэдлээс өөрийг ярихаа больсон намаа ажил хийхийг сануулдаг парламентын цөөн гишүүдийн нэг юм.

Хэрэвзээ, УИХ-ын даргаар сонгогдох юм бол өлхөн хийчих туршлага, мэдлэгтэй нэгэн.  ЖДҮ, жаран тэрбумын асуудалд нэр холбогдоогүй.

Давуу тал: УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. УИХ-ын дэд дарга.  УИХ-д долоон жил суухдаа нэг удаа ч  давхар дээл  нөмөрч байгаагүй гишүүн.

Сул тал: Түүнийг Ерөнхийлөгч дэмжихгүй. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 30 гэр бүлийн нэг хэмээж байв.

Т.АЮУРСАЙХАН

Ордын тэмцэгч тавын нэг. Н.Багабанди түүнийг хөтөлж улс төрд оруулсан, ойрынх нь хүн. Анх удаа УИХ-д сонгогдсон.  Монголыг аврагчийн дүр тоглож буй МАН-ын залуу үеийнхний нэг.  Сүүлийн үед Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нартай “найзлах” болсон. Хэрэв М.Энхболд огцрохгүй бол “өлсөнө, өлсөнө” гэсээр байгаад л өлсөөгүй.  ЖДҮ, жаран тэрбумтай нэр холбогдоогүй, одоогоор. Учир нь ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийн тоо нэмэгдсээр 20 гараад байгаа билээ.

Давуу тал: МАН-ын залуу улстөрч.  Шийдэмгий, зоригтой байх магадлалтай.

Сул тал: МАН-ын попуудын нэг. Хэлж, хийж байгаа нь АН-ын Ж.Батзандангийн өрөөсөн дугуй. Гуя, гуяа олж нөхөрлөдөг гэж үг бий. Хэт хурц зантай. Дараагийн У.Хүрэлсүх болох магадлал өндөр. Тиймээс У.Хүрэлсүх түүнд итгэж алх бариулах эрх олгох нь юу л бол.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө амаа олохгүй магтаж, хажуугаас нь харцаа салгаж чадахгүй  суусан тэрбээр М.Энхболдоос хамгийн түрүүнд урвасан. Оюутан байхаасаа улс төрд зүтгэсэн, тэр хэрээр ч багагүй мөнгөжсөн.  Н.Энхбаярт зориулсан намбар ван /Number one/ хөдөлгөөн байгуулж явсан. Гэвч төдөлгүй Н.Энхбаяраас урваж, М.Энхболдыг дагах болсон. Эндээс харахад бүдэрч яваа хүнийг бүр  дээрээс дэвслэх дуртай гэмээр. МАН-ын гол попчдын нэг.  УИХ-ын асан Д.Гантулга нэгэнтээ “Манай ах нарыг хүчингийн хэрэгт холбогдуулж байсан” гэх үгийг амнаасаа санамсаргүй унагачихсан нь Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой асуудлыг сөхсөн явдал байсан юм. Харвардын курсээ төгссөн, төгсөөгүй гэсэн шүүмжлэлд өртдөг. Саяхан л гэхэд жагсагчдад гэрээ сугалаагаар өгнө гээд молигодсон. ЖДҮ-гийн хэргээс болж АТГ-т хамсаатнууд нь шалгагдаж байгаа.

Давуу тал нь: Ерөнхийлөгчийн дэмжлэг их.  Эцэг нэгтэй, эх өөр ах “Херо”-гийн Б.Баатар нь Ерөнхийлөгчийн урлагийн зөвлөх.

Сул тал: Их хүссэн хүн эрх мэдэл бүү өг гэсэн үг байдаг. ЖДҮчин. Залуу хүн гэхэд нэр хүнд муутай. “Цэвэр” даргын шаардлагад тэнцэхгүй.  МАН-ын засаршгүй попчин. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг гэдгээ нэг бус удаа илэрхийлсэн. Ийм үзэл бодолтой хүн парламентын дарга болоход хэцүү. Чононд хонио мануулсантай адил биз.

Ш.РАДНААСЭД

УИХ-д анх удаа сонгогдсон. МАН-ын залуучууд дундаа харьцангуй даруухан, боловсрол  мэдлэг, туршлагатай, намынхаа ахмад болон залуу үеийн дэмжлэг авах магадлал өндөр. Ямартаа ч  сүгсэлзээд, намираад байдаггүй харагддаг. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн байнгын хороог маш сайн удирдаж, авч яваа. Парламентын сонгодог засаглалыг дэмждэг.

Давуу тал: Хүлээцтэй,  залуус дундаа ноён нуруутай, асуудалд ул суурьтай ханддаг. Ах захаа мэддэг. ЖДҮ, жаран тэрбум, концесс гээд аль нэг дуулианд нэр холбогдоогүй.

Сул тал: Ерөнхийлөгчийн зүгээс дэмжих магадлал тун бага. 

Ж.ЭНХБАЯР 

УИХ-ын гишүүнээр гуравдахь удаагаа сонгогдсон. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Харамсалтай нь, энэ парламентын хамгийн том ЖДҮчны нэг. Тэрбээр хоёр жил дараалан "Газар буудай" компаниараа дамжуулан ЖДҮХС-аас зээл авсан бөгөөд гурван хувийн зээлээ "Газар капитал" банк бусаараа дамжуулан 36 хувиар олгож мөнгө угаасан байж болзошгүй гэх асуудалд нэр холбогдоод байгаа. Батлан хамгаалахын сайд байхдаа олон чоно буудаж алсан дуулианд мөн нэр холбогдож байсан.

Давуу тал: Ерөнхий сайд дэмжих магадлал өндөр.

Сул тал: Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн боломжийг хулгайлж, олон зуун сая төгрөгийн зээл авсан түүнийг УИХ-ын дарга болоход сөрөг хүчин болоод намынхан нь эсэргүүцэх нь лав. Учир нь ЖДҮ-тэй хариуцлага тооцохыг иргэд У.Хүрэлсүхээс одоо ч нэхсээр, шударга ёс шаардсаар байгаа үед  парламентын хамгийн том ЖДҮчин парламентын дарга болсон нөхцөлд У.Хүрэлсүхийн засгийн тоолуур гүйж эхэлнэ гэсэн үг.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж