Х.Баттулга: Агаарын бохирдлыг бууруулах нэрээр цусалдгаа боль

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Агаарын бохирдлыг бууруулах нэрээр цусалдгаа боль

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр /2019.01.30/ Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой Ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа.

Агаар.мн сайт нээхэд 327 сая төгрөг, хэвлэл мэдээлэлд 197 сая төгрөг, сурталчилгааны зориулалтаар 2.4 тэрбум төгрөгийг сайтуудад шилжүүлсэн нь аудитын шалгалтаар илэрчээ. 2011-2015 оны хооронд зөвхөн “Цэвэр агаар” сангийн дотоод зардалд 932 сая төгрөгийг зарцуулсан нь баримтаар нотлогдож, Цэвэр агаар сангийн хөрөнгөөс 5.1 тэрбум төгрөг завшиж үнэтэй машин, брэндийн гутлаар өөрийгөө бүрхсэн этгээд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явсаар байна гэдгийг Ерөнхий хяналтын сонсголд хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч онцоллоо. Тэрбээр “Агаарын бохирдол энэ хэвээр үргэлжилсээр байвал 2024 он гэхэд буюу ердөө тавхан жилийн дараа агаарын бохирдлоос үүдэн цаг бусаар нас барагчдын тоо 5200-14000 д хүрнэ гэж эрдэмтэн судлаачид судалгаа дүгнэлтэндээ анхааруулсаар байна.

Агаарын бохирдлыг бууруулах талаар олон жилийн турш тасралтгүй ярьж чамгүй зузаан цаас үйлдвэрлэсэн нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. Ихээхэн хөрөнгө мөнгийг ч үргүй зарцуулжээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2019 оныг хүртэлх 10 жилийн хугацаанд улсын төсвөөс 170 тэрбум, гадаадын зээл, тусламжаар 104,7 сая доллар зарцуулжээ. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, Агаарын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, УИХ, Засгийн газрын тогтоол, журмууд, ҮАБЗ-ийн зөвлөмж зэрэг олон тооны цаас үйлдвэрлэж, олон сан, ажлын хэсэг байгуулж төсөв, зээл тусламжаас санхүүжүүлсэн ч бодтой нүдэнд харагдах үр дүн гарсангүйгээр барахгүй харин ч байдал улам дордсоор байна.

Агаарын бохирдолтой тэмцсэн хугацаа, зарцуулсан хөрөнгө, хүрсэн үр дүн, иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байгаа бодит нөхцөл байдал зэрэг нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан болон утаа гамшгаар бизнес хийж ашиг олдог аж ахуйн нэгж, компаниуд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, “Төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх”, “Хээл хахууль авах”, “Хээл хахууль өгөх”, “Хээл хахуульд зуучлах”, “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах", "Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргүүд үйлдсэн байж болох бүхий л шинжийг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь “Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн”-д хийсэн Монгол Улсын Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан, Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаар сан”-гийн 2011- 2015 онд хийсэн ажлын тайлан зэрэг баримтаар бүрэн нотлогдохоор байна.

Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг ноцтой зөрчиж байгаа энэ мэт асуудлуудад онцгой анхаарч, агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдсэн хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллүүдийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авах тухай албан бичгийг МУ-ын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд гардуулаад байна.

Нийслэлийн иргэд олноороо хүүхэд томчуудгүй ханиад томуу, хатгалгаанд нэрвэгдэн, эмнэлгийн ор, шалыг дүүргэж, нялхас хэдэн мянгаараа хэвлийдээ эндэж, цонхоо онгойлгож агаар амьсгалах боломжгүй ийм нөхцлийг онц байдал зарлах онцгой нөхцөл гэж миний бие үзэж байна. Өсөлтгүй жирэмслэлтээр эрдмийн ажил хийх гэсэн судлаачид 2007 онд улс орон даяар 20 ийм тохиолдол олоход хүнд байсан бол одоо зөвхөн нэг төрөх эмнэлгийн статистикаар авч үзэхэд өсөлтгүй жирэмслэлт 2013 онд 470, өнөөдөр 1300 болжээ. Энэ бол нэг л эмнэлгийн статистик. Судлаачийн дурдсанаар 2013 онд нийт улс орны хэмжээнд 700 гаруй бүртгэгдсэн өсөлтгүй жирэмслэлт жил бүхэн геометрр прогрессоор өсөөр 2017 онд 4400 гаруй бүртгэгдсэн байгаа нь бүрэн тоо биш гэж судлаач хэлж байна. Монгол оронд жил бүхэн 15-17 мянган хүн цаг бусаар амиа алдаж байгаа бол Монголын ирээдүй – нялхсаа мянга мянгаар нь хэвлийд нь хөнөөж байгааг онц байдал зарлах гарцаагүй нөхцөл гэж үзэж байна. Онц байдал зарлаж, төсөв, хүн хүч, төрийн бүхий л нөөц бололцоог агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд нэгтгэн төвлөрүүлж, яаралтай арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж богино хугацаанд үр дүнд хүрэх боломж байсаар атал хойргошин сууж болохгүй ээ.

Яаралтай онц байдал зарлаж төсөв, хөрөнгийг төвлөрүүлэн, бүхий л түвшинд авч байгаа арга хэмжээгээ уялдаа холбоо, нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлага байна. Миний бие өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах боломжийг судлуулах баг гарган иж бүрэн судалгаа хийлгэсэн. Гэр хороололд 230 мянган өрх байгаагийн 30 мянга нь Налайх, Багануур, Багахангай зэрэг захын дүүргүүдэд байна. Утааны идэвхтэй голомтод 200 мянган өрх байна. Үүний нөгөө талд айл нүүж ороход бэлэн 30 мянга гаруй, 2018 онд ашиглалтад орох 80 мянга гаруй орон сууц байсан. Эхний ээлжинд энэ нөхцөл байдлыг уялдуулах шаардлагатай байна. Бэлэн байгаа орон сууцнууддаа төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалан, улмаар ямар нэг тогтмол орлоготой л бол хүүгүй зээлээр иргэдийг оруулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр борлуулалтгүй орон сууц эдийн засгийн эргэлтэд орж газар суларна.

Улаанбаатарын утаа маш богино хугацаанд наад зах нь 50 хувиар багасах боломж байна. Харин нүүсэн айлын хашаанд дараагийн утаа үйлдвэрлэгч орохгүй байх зохион байгуулалтыг давхар хийх хэрэгтэй. Үүнд ямар ч мөнгө шаардлагагүй, зөвхөн зохион байгуулалт хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Ерөнхийлөгчийн хэлсэн мэдээлэлд зарцуулсан хөрөнгийн үр ашиг үр дүнг нэлээд дурдсан байна. Төрөөс маш олон төсөл хөтөлбөр, хууль баталж гаргаснаас Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн ажлын  хэсгийг тухайн үед би ахалж байсан.  Улаанбаатарт туршилт хийхийн өмнө аймгуудад туршилт хийх санал байна. 100 мянган айлын орон сууц баръя, 340 сумаа хөгжүүлье. Утааг шийдэх хамгийн оновчтой шийдэл нь орон сууцжуулах.  Ховд аймагт 5,000 утаагүй зуухаа тараагаад, Баянхонгор аймагт сайжруулсан түлш хэрэглүүлээд ч юм уу туршиж үзээд аль үр дүнтэйг нь Улаанбаатарт хэрэгжүүлж болохгүй юу. Н.Цэрэнбат сайдад хэлэхээр дэмжихгүй байгаа юм. Үүнийг харин Ерөнхийлөгч дэмжих үү. Нэг аймагт утаагүй зуухаа, нөгөө аймагт шахмал түлшээ гээд туршилтуудаа хийж хамгийн үр дүнтэйг нь хэрэгжүүлэх боломжтой.

Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга:

Агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн утаагүй зуухаар шийдэхгүй. Цогц хувилбар байна. Улаанбаатар руу орж ирж нүүдлийг зосгооход хөдөөд ажлын байрыг бий болгох явдал нь дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгагдсан байсан. Энэ төсөл харамсалтай нь  олон сумдад хэрэгжиж чадаагүй. Баянхонгор аймаг хэрэгжсэн ч нэвтрүүлж чадаагүй. Бид одоо хөдөөгөөс орж ирэхийг нь хориглох бус хөдөөгөө илүүтэй хөгжүүлж байж нүүдлийг зогсооно.  Нийслэлийн утааны 80 хувь нь гэр хорооллын утаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд үр дүн гараагүй нь баахан цаас үйлдвэрлэсэн болов ч түүндээ хөрөнгө хүчээ төвлөрүүлж чаддаггүй, хэсэг хэсгээрээ зохион байгуулалтгүй бодлогогүй явж ирснийх.  Эрх барьж байгаа намд бүх эрх нь байна. Та нар хийгээч ээ л гэдгийг Ерөнхийлөгч хүсээд байгаа юм.  Засгийн газар, УИХ Ерөнхийлөгчийн дэмжлэгээр дутахгүй. Та нар л ажлаа хий.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

С.Бямбацогт гишүүнээ та төсөв хэлэлцэж байх үед та  үүнийгээ хэлэхгүй яасан юм бэ.  Улаанбаатар хотын утааг нэн түрүүнд бууруулах чиглэлд төсөв батлагдсан.

Төсөв батлагдсаны дараа одоо битгий гоё гоё юм санаачлаад явж байгаа ажлуудынхаа эрчийг бууруулах гээд бай л даа.өнгөрсөн жил бага төсөвтэй байсан ч гэсэн  таван аймгийн төвүүдэд тус бүр 200 сая төгрөг өгч өөрсдийнхөө нөхцөл байдалд тохируулан хийх үүргийг өгсөн. Зарим нь ажил хэрэг болсон. 2019 онд энэ төсвийг нь хоёр дахин нэмэгдүүлсэн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Өнөөдөр зургаан дүүргийн 210 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Энэ мэт хангалттай тоо баримт байна. Энэ бүхнийг ярьж попорохын оронд эндээс гараад  бодит зүйлсийг хийх хэрэгтэй.

Би холбогдох албаны хүмүүсээс тодорхой асуулт асууя. Би өнөөдөр гэр хорооллоос сонгогдсон гишүүн.  Гэр хорооллын дахин төлөвлөлт яав аа. Гэр хорооллын иргэдийн 80 хувь нь үүнийг хүлээж байна. Засгийн газрын одоо байгаа орон сууцуудыг худалдаж авах юм уу . ТОСК-ийн санхүүжилт амаргүй байгаа учраас Буянт-Ухаа хоёр хорооллын менежментийг Хөгжлийн банк аваад баталгааг нь Улаанбаатар хот гаргаад, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг нь БХБЯ хариуцаад явж байгаа жишиг байгаа. Ямар нэгэн менежмент хийхгүй л бол хөдлөхгүй. Энэ жишгээр гэр хорооллын айлуудын газрыг даруй чөлөөлөөд орон сууцжуулах ажлаа эрчимжүүлмээр байна. Сайжруулсан түлш хэрэглээд агаарын бохирдол 50 хувь буурна гэдэг нь худлаа.  Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Ж.Батбаясгалангаас асууя. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ.

БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар:

Зөв асуудал хөндлөө.  Гэр хороололд эх үүсвэрийн асуудал их чухал. Манай яамны зүгээс цэвэр бохир усны шугамын эх үүсвэр, дэд бүтцийг бий болгох ажлыг өргөтгөж тасралтгүй хийсээр байгаа. Дэд бүтэцгүй барилга барина гэж байхгүй учраас өргөтгөх ажлууд нь хийгдэж байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрийн асуудалд анхаарч ажиллаж байгаа.

Түүнчлэн түрээс орон сууцны журмуудыг боловсронгуй болгох шаардлага бий. Иргэдийн зүгээс өмчлөж авах сонирхол байгаа. Хот байгуулалт гэдэг ганц салбар биш, салбар дундын уялдаа холбоог сайжруулж хүчээ нэгтгэхэд анхаарч ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Ж.Батбаясгалан:

НИТХ хурал шийдвэр гаргаж нийтдээ 25 байршлын 76 нэгж талбарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн.харамсалтай нь маш их хөрөнгө зарсан боловч өнөөдөр зорьсон хэмжээндээ хүрч ажиллаж чадахгүй байгаа. Уг нь анх нийт гэр хорооллын  өрхүүдийн 40 гаруй хувийг орон сууцжуулна гэж маш их хөрөнгө зарцуулсан ч дорвитой үр дүнд хүрээгүй. 2016 оны сонгуулийн дараа ажил авахад 700 гаруй өрхийг  гудамжинд гаргачихсан ийм байдалтай ажлаа хүлээж авсан. Одоо үүнийг нь цэгцлэх гээд үндсэндээ  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  ажиллаж эхний ээлжид хохирсон иргэдийнхээ эрхийг нь хамгаалах үүднээс ажилласан. 2018 оны тоогоор 7 мянган айл аж ахуй нэгжүүдийн буянд орон сууцанд орсон.  УИХ, Засгийн газраас орон сууцжуулахад анхаарч байгаа ч  2019 онд агаарын бохирдлын асуудал дээр ухралт гарсан гэж би хувьдаа бодож байгаа. Салбарын сайд нь сая хариултдаа хэллээ.  150  тэрбум гаруй төгрөгийг төсөвт оруулсан болов ч 70 тэрбум төгрөг батлагдсан. Орон сууцны бодлого бол агаарын бохирдлын алсын бодлого. Ойрын бодлогодоо Засгийн газар шийдвэр гаргаж энэ оны тавдугаар сараас сайжруулсан шахмал түлшний бодлого явуулж байгаа. 2000 мянган өрхийг өнөөдөр гал түлж болохгүй гэвэл нийслэлийн 60 хувь нь хүнд байдалд орно. Дунд хугацааны бодлогоо салбарын яамдуудтайгаа хамтраад үндэсний хөтөлбөртөө оруулсан байгаа. Хамгийн гол нь хөрөнгө санхүүгийн асуудал дээр хүндрэлтэй байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Үндэсний аудитын газар 2008-2016 оны агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийгдсэн хөрөнгө оруулалттай холбоотойгоор төрийн яамтай холбоотой бодлогын алдаа санхүүгийн зөрчил гарсан талаар мэдээлэл сонсохыг хүсч байна. Хоёрдугаар нийслэлийн ерөнхий даац хэд вэ. Хэчнээн хүн амыг шингээх бололцоотой вэ. Тоо, хязгаар бий. БХБЯ, Эрчим хүчний яам Улаанбаатар хотын өнөөгийн хүн амыг бүгдийг нь орон сууцтай, эрчим хүчтэй болгож холбоход өнөөдөр нийслэлд суурилагдсан эрчим хүчний нөөц хүрэлцэх үү. Нүүрсний хангалт, тээвэрлэлт ачаалалаа даах уу. Мөн Эрүүл мэндийн яамнаас тодруулъя. Агаарын бохирдолтой холбоотойгоор өвчлөлийн шууд нөлөөгөөрч өсч байгаа бодит жишээ болон судалгаа тоог хэлж өгнө үү. Шинжлэх ухааны академаас асуухад, шинжлэх ухааны үндэстэй хот төлөвлөлтийн бодлогыг та юу гэж үзэж байна вэ. Бид цаашдаа Улаанбаатар хотдоо бөөгнөрч хордоод суух уу. Бидэнд ажлын байр хэрэгтэй  байна. Ажлын байрыг бий болгохдоо хөдөө  аж ахуйн салбараа эрчимжүүлж түүндээ суурилсан хүнсний үйлдвэрийн  салбаруудыг бий болгож байж нийслэлийн хүн амын төвлөрлийг бууруулна.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга: 

Засгийн газраас Эрчим хүчний дунд хугацнаа хөтөлбөрийг баталсан. Үүнд нэн яаралтай буюу ойрын үед нийслэлийн утааг бууруулахад эх үүсвэрийн асуудал дутагдалтай хүндрэлтэй байгаа нь үнэн. ДЦС-4ийг 89 мегаваттаар, ДЦС-3-ийг 75 мегаваттаар, Амгалангийн дулааны станцийг 50 мегаваттаар өргөтгөх зайлшгүй шаардлага байгаа юм. Үндсэндээ шийдэл гарч хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой хэмжээгээр хийгдээд явж байна. Ингэснээр нийслэлийн нийт цахилгаан хэрэглэгчид 30 хувиар нэмэгдэнэ.бид энэ тохиолдолд шаардлагатай эрчим хүчний нөөцөө хангаж чадна.

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан: 

Нийслэлээс хэд хэдэн удаа ерөнхий төлөвлөгөөгөө баталсан байдаг. 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2013 онд УИХ-аас тогтоол гаргаж баталсан. Анх Улаанбаатар хотыг байгуулахдаа үндсэндээ 500 мянган иргэнд зориулсан хот байгуулагдсан байдаг. 2001 онд  нийслэл рүү нүүж ирсэн иргэдийн хамгийн дээд цэгтээ хүрсэн тоо нь 68 мянга 800 хүн буюу ганцхан жилийн дотор нийслэлд нүүж ирсэн. Өнгөрсөн 15 жилийн дунджаар  жилд 45 мянган хүн нийслэлд  нүүж ирсэн байдаг. Юунаас болж нүүж ирсэн бэ гэхээр дандаа өвөлжилт, зудтай холбоотой. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд нийслэлд 700 мянган хүн  нүүж ирсэн. Улаанбаатар хотын даац бидний төсөөлж байснаас 20-30 жилээр дандаа түрүүлж байгаа. Жишээлбэл бидний төсөөллөөр 2020 оны ерөнхий төлөвлөгөөг бид 2040 он гэхэд 1.5 сая хүн амд хүрнэ гэж төсөөлсөн бол 2019 онд аль хэдийн энэ тоогоо давчихсан. Тиймээс дагуул хотоо хөгжүүлэхгүйгээр агаар, орчны бохирдол хэзээ ч буурахгүй.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн: 

Сүүлийн 10 жилд амьсгалын замын өвчлөл 2.7 дахин ихэссэн гэсэн тоо судалгаа бий. Гэхдээ үүнд нөлөөлж буй олон хүчин зүйл бий. Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар нэлээдгүй судалгаа хийгдсэн байдаг. Хүүхдийн өвчлөлийн ерөнхий бүтцэд амьсгалын эрхтний өвчлөл нэгдүгээр байр эзэлж байгаа нь агаарын бохирдолтой холбоотой. Өсөлтгүй жирэмслэлт болон зулбалтын тухайд нян болон вирусын халдвараас шалтгаалсан байдаг. Яг агаарын бохирдлоос болсон гэсэн судалгаа  одоогоор байхгүй.

ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл: 

Улаанбаатар хотод бөөгнөрч байгаагийн шалтгаан нь хөдөөгийн ядуурлын асуудал гэдэг нь тодорхой. Үүнийг төлөвлөх боломжгүй. Хоёрдугаарт дэд бүтцийн хүрэлцээний асуудал  тулгамдаж байгаа  нь хотын төвийн төвлөрлийг бий болгож байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга:

Танин мэдэхүйн мэдээлэл хоорондоо солилцдогоо одоо болих хэрэгтэй. Энэ мэдээллийг хэдэн жил ярих вэ. Энд орж ирээд гадаадаас ирсэн юм шиг зүйл асуухаа боль.  Сэтгэл зүрх байх юм бол шийдэл байна. Мөнгөгүй гэж ярьдгаа одоо боль оо. Монгол шиг баян улс байхгүй гэдгийг бүгд мэднэ. Газрын баялгаа хэдхэн гэр бүлд алдчихсан. Хөдөөгөө хөгжүүлж байж нүүдлийг зогсооно. Дагуул хотуудаа байгуулъя. Танин мэдэхүйн асуудлаа зогсоогоод шийдлүүд ярьцгаа. Малчид орлоготой болсноор хөдөө орон нутаг хөгжинө. Ихэнх гишүүд хөдөө орон нутгаас сонгогдсон. Хөдөөгөө хөгжүүлж байж нүүдлийг зогсооно. Өнөөдөр ямар ч замбараагүйгээр газар гарснаас болж маш төлөвлөлтгүй орон сууцнууд баригдсан. Дагуул хотуудаа байгуулъя гэдгийг 2010 оноос хойш ярьж байна. Шинэ Яармаг" гэж хорооллыг байгуулах ажлыг эхлүүлсэн ч зогсоосон байна. Ажилгүйдэл ядуурлыг орлоготой нь уялдуулж зогсоох шийдэл байсан. БХБ-ын сайдтай уулзсан. БОАЖ-ын сайдтай хэдэнтээ удаа уулзсан, одоо овоо ойлголттой болсон болов уу. Хөдөөг орлоготой болгохын тулд малчдыг хөдөө аж ахуйн биржээр дамжуулаад 3-5  жилээр малчдын орлогыг худалдаж авах гэрээг хийе.

Утаагүй зуух гэж байхгүйг дэлхий даяар нотолчихоод байхад өчнөөн тэрбумаар зуух тараасан. Одоо туршилт дууссан. Туршилтаар маш олон хүүхдийн УИХ-д 45 шинэ гишүүн орж ирсэн. Та нар нэг хүч түрээд энэ асуудлыг шийдээч. Би  таван их, дээд сургуулиудтай уулзсан, хотоос гарахад бэлэн нүүе л  гэсэн. Дээрээс нь  хотын төв дахь яамдыг гаргая. Ингэх боломж байна. Турк, Солонгос төвлөрлийн асуудлаа ингэж шийдсэн.яамдуудаа, төрийн байгууллагуудаа хотын төвөөс гаргасан.  Бусад орны туршлагуудыг судлаад хэрэгжүүл дээ. Дундаас нь юм цохидгоо, цусалдгаа одоо болиоч ээ. Одоо утаагүй зуух ахиж ярихгүй шүү, Байнгын хорооны дарга аа. Шахмал түлш байж болох л байх.  Эндээс шийдэлтэй гарна  шүү гэдгийг дахин хэлье гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж