Залилах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Залилах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг нэмэгджээ

Залилах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг нэмэгджээ

“Эрүүгийн хуулийн 12.1.6 буюу бага насны хүүхдийг хүчиндсэн гэх заалтаар шүүхэд долоо хоног бүр хэрэг орж ирдэг. Тэр дундаа Баянзүрх дүүрэгт энэ төрлийн гэмт хэрэг ихээр гардаг. Мөн хорих ангид хүмүүжиж байгаа хүүхдийн 20 нь тэнсэнгээр суллагдахад 17 нь хулгай дээрмийн хэрэгт дахин холбогддог. Шалтгааныг лавлахад “PC тоглохын тулд мөнгө хэрэгтэй болоод дээрэм хийсэн” гэж хариулдаг. Тиймээс өсвөр насны хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэдгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргал анхаарууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөл 2018 онд шүүхээр хянан шийдвэрлэсэн хэрэг, маргааны талаар өнөөдөр /2018.1.30/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр дээрх сэрэмжлүүлгийг өгсөн юм.

Залилах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэргийн тоо нэмэгджээ

Монгол Улсын анхан шатны шүүхэд 2018 онд эрүүгийн 12500 гаруй, иргэний 48100 гаруй, захиргааны 1600 гаруй, нийт 62300 гаруй хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Мөн 3700 гаруй хүнд цагдан хорих ял оноожээ. Түүнчлэн Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 42 хувиар, иргэний хэрэг 6.5 хувиар тус тус өсч, захиргааны хэрэг 14.1 хувиар буурсан байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өсчээ

  • Хүчиндэх гэмт хэрэг 91-ээр буюу 47.6 хувиар
  • Дээрэмдэх гэмт хэрэг 116-аар буюу 62.7 хувиар
  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 11-ээр буюу 3.2 хувиар
  • Хулгайлах гэмт хэрэг 137-оор буюу 9.7 хувиар
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 290-ээр буюу 39.7 хувиар
  • Залилах гэмт хэрэг 180-аар буюу 65.8 хувиар
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 43-аар буюу 50.6 хувиар тус тус өссөн байна.

Харин дараах төрлийн гэмт хэргийн тоо буурчээ

  • Хүн амины гэмт хэрэг 18-аар буюу 9.2 хувиар
  • Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг нэгээр буюу 1.18 хувиар

 Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өсөв

Монгол Улсын анхан шатны шүүхээс нийт 12366 хүн, хоёр хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 37.1 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Ял шийтгүүлсэн нийт 12366 хүнийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 442 хүн буюу 47.4 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 637 буюу 32.2 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 691 хүнээр буюу 30.6 хувиар өссөн бол, өсвөр насныхны тоо 123-аар буюу 28.9 хувиар, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хүн 530 хүнээр буюу 30.6 хувиар тус тус буурсан байна.

Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 5099 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 41.2 хувийг эзэлж байгаа ажээ.

Гэмт хэргийн улмаас 14053 хүн, 127 төрийн байгууллага, 99 компани, нэг нөхөрлөл, гурван төрийн бус байгууллага хохирсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж