"Зөвшөөрлөө бусдад шилжүүлбэл хурааж, давуу эрх эдлэхгүй болно" | News.MN

"Зөвшөөрлөө бусдад шилжүүлбэл хурааж, давуу эрх эдлэхгүй болно"

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

"Зөвшөөрлөө бусдад шилжүүлбэл хурааж, давуу эрх эдлэхгүй болно"

Тээврийн цагдаагийн газрын харьяа Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн  камерын хяналт хариуцсан зохицуулагч цагдаагийн ахмад Д.Төрбатаас  дараах асуултад хариулт авлаа.

Шинэчилсэн замын хөдөлгөөний дүрэм хэрэгжиж  эхлээд багагүй  хугацаа өнгөрчээ. Шинэчилсэн дүрэмд тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн унаж байгаа тээврийн  хэрэгсэл  нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрсөн.  Гэхдээ энэ талаар хүмүүс мэдлэг багатай байх шиг байна. Нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын шинэчилсэн замын хөдөлгөөний дүрэмд зааснаар нэгдүгээр эгнээгээр тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн автомашинтайгаа зорчиж болохоор зохицуулагдсан.  Ингэхдээ “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахаар заасан байгаа. Өнөөдрийн байдлаар 103 иргэн бүртгүүлсэн байна. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 108 мянга гаруй иргэд байгаагаас  нийслэлд 33 мянган орчим хүн бий.  Ийм таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”,”Удаан зогсох хориотой” тэмдэг  үйлчилдэггүй.

Тэгвэл тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн нэгдүгээр эгнээгээр автомашин жолоодохын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төвөөр тээврийн хэрэгслийн таних тэмдгийг бүртгэл хийлгэнэ. Ингэхдээ тулгуур эрхтний бэрхшээлтэй гэсэн таних тэмдгийг заавал тээврийн хэрэгслийн урд жолоочийн талд болон хойд салхины шилний нүдэнд саадгүй харагдах хэсэгт байршуулах ёстой.  Дараа нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тулгуур эрхтний бэрхшээлтэйг нотолсон бичиг баримт хуулбарлан авчирна. Нэг зүйл нэмж хэлэхэд авто замын хяналтын камер нь автомат  ажиллагаатай  учраас жил бүр энэхүү бүртгэлээ хийлгэх  шаардлагатай.

-Тээврийн хэрэгслээ мөн бүртгүүлэх үү, үгүй юу?

-Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд  тэмдгээ авчхаад Улаанбаатар шилэн банкны есдүгээр давхрын 908 тоотод ирж   тээврийн хэрэгслээ заавал бүртгүүлнэ. Тухайн тэмдгийг таних автомат ажиллагаатай камер байхгүй учраас ирж бүртгүүлснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ч явах эсхүл дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцох боломж бүрдэж, камерын хяналтын  торгуулиас чөлөөлөгдөх юм.

Сануулж хэлэхэд, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн бусдад тээврийн хэрэгсэл шилжүүлэн, тэмдгийн зөвшөөрлөөрөө хөдөлгөөнд оролцуулах тохиолдол гарч байна.  Энэ тохиолдолд тулгуур эрхтний бэрхшээлтэй гэсэн тэмдгийн зөвшөөрлийг хурааж авна. Бусдад ашиглуулахгүй зөвхөн  тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн  өөрөө л тээврийн хэрэгсэл жолоодоход ашиглах ёстой.

-Иргэдийн зүгээс тулгуур  эрхтний бэрхшээлтэй гэсэн тэмдгийг  хуулбарлан хөдөлгөөнд оролцох тохиолдол  мэр сэр гарч байна гэх. Энэ төрлийн зөрчил бүртгэгдсэн үү?

-Тэмдгийг интернетээс татаж аваад өөрийнхөө тээврийн хэрэгсэл дээр тавьчхаад яваад байгаа тохиолдол гарч байна. Хэрэв үнэхээр тулгуур эрхтний бэрхшээлтэй гэсэн үнэмлэх байхгүй  тохиолдолд арга хэмжээ авна.

-Ямар арга хэмжээ авч байна  ?

-Хуурамчаар ашигласан тэмдгийг хураан авч, 20 мянган төгрөгөөр торгоно.

-Жолооч нарт  хандан зөвлөхөд?

-Дата хэрэглээ ихэссэн учраас хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар гэрлэн дохио хүлээх зуураа  гар утсаараа их оролдож байна. Зөвшөөрөгдсөн гэрлэн дохио асахад гурван машин гарчих хугацаанд  тухайн жолооч гэрлээ анзаарахгүй утсаа оролдсоноос болоод уулзвар  нэвтрүүлэх чадварт нөлөөлөөд байна гэсэн үг. Энэ нь түгжрэл үүсэх шалтаануудын  нэг юм. Улсын хэмжээнд 507 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэлтэй байгаа. Тээврийн хэрэгслийн өсөлтөөс шалтгаалаад  замын ачаалал ч  ихэсч байна. Гэхдээ нэгж хугацаанд уулзвараар нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн тоо олон байх юм бол түгжрэл саатал багасна. Тийм учраас жолооч нар  хөдөлгөөнд оролцохдоо гар утсаа оролдохгүй байхыг зөвлөж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bymbaa 2019-01-30 103.10.21.113

Tsoo eruul humuus tiim tusgai zuvshuurultei yvaad baidag bi ih gaihdag arin haalgaar avch dee gej bodood ungurdug mashinih ni urd hoid shilen deer ni tergentsertei huni shar zurag baidag!

Avatar

Зочин 2019-01-30 66.181.161.12

I ugaasaa unen hudal medegdehgui ynz buriin hun naad temdegiig chin mashindaa tavitsan bdag ym buugaad yvahaar harahaar zuv zugeer l bdag shuu de enend bas anhaarmaar ym yg tulguur erhtenii berhsheeltei hun ted naraas bolood hohirood bdag shuu de

Avatar

Зочин 2019-01-30 150.129.141.85

За одоо жолооч нар нэгээр явах гээд баахан бэрхшээлтэй болж хувирна аа

Avatar

Лхагвасүрэн 2019-01-30 202.131.245.198

Бүх материалаа бүрдүүлж өгөөд олон хонож байна. Тань руу ярина гэж хэлээд одоо болтол таг чиг. Би дахиж очиж амжихгүй л явна даа. Утас нь бас болохгүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж