Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр (2019.01.30) Дэлхийн банкны Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол, Солонгос Улсыг хариуцсан захирал ноён Берт Хофман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад хэрэгжиж байгаа Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”, Дэлхийн банкны “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийн  хэрэгжилтийн талаар болон ирэх хоёр жилийн хугацаанд хийх ажлын талаар ярилцаж, санал солилцлоо.

Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн ноён Берт Хофмантай дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Дэлхийн банк, ОУВС-гаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд тодорхой үр дүнд хүрч, Монгол Улсын эдийн засаг нааштай үзүүлэлтэй болж байгаад сэтгэл хангалуун байна гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн, “2016 онд шинэ УИХ, Засгийн газар бүрдэх үед улсын эдийн засаг -1,2 хувьтай байсан бол хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, Засгийн газар уйгагүй ажилласны үр дүнд өдгөө +6 орчим хувь болтлоо сайжирсан байна. Валютын нөөц, гадаадын хөрөнгө оруулалтад ч эерэг нөлөөтэй байгаа. Эдийн засгийн энэ өсөлтийг цаашид тогтвортой байлгаж, ажлын байр, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих чиглэлд зөв зохистой ашиглах тал дээр шат шатандаа анхаарч ажиллаж байна. Нүүрс, зэс, алт, жонш зэрэг уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өсөлттэй байгаа нь улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байна. Мөн олон улсын санхүүгийн зах зээлд бондуудыг амжилттай гаргахад Дэлхийн банкны шууд болон шууд бус дэмжлэг чухал хувь нэмэр оруулсан” хэмээн онцолсон. Цаашид эдийн засгийн эрсдэлд суурилсан бодлого, экспортод чиглэсэн шинэчлэлийг хийх шаардлагатай байгаа учир энэ тал дээр Дэлхийн банкны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв.

Дэлхийн банкны  Бээжинд суух Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Хятад, Монгол, Солонгос Улсыг хариуцсан захирал Берт Хофман, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсанд талархал илэрхийлээд “Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад  макро эдийн засгийн тулгамдсан асуудлаа даван туулж, ихээхэн хүчин чармайлт гарган ажиллалаа. Төсвийн алдагдал буурч, эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас өндөр гарсан нь нүүрсний экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээс макро эдийн засаг тогтворжиж байгаатай холбоотой” гээд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжиж байгаагийн нэг илрэл нь Монгол Улс гадаад санхүүжилт авах хэрэгцээ шаардлага багассан гэдгийг тэмдэглэсэн юм.

Тэрбээр,  тэтгэврийн сангийн шинэчлэл, нийгмийн халамжийн бодлогыг оновчтой болгох, зорилтот бүлэгт нь чиглүүлэх бодлого дутагдаж байна. Зөв шийдлийг олж чадвал төсөвт үүсэх ачаалал багасаж, татвар төлөгчдийн мөнгө үр ашигтай зарцуулагдана. Дэлхийн банкнаас өмнө хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдтэйгээ уялдуулан цаашид гурван чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, Нэгдүгээрт, төрийн удирдлагыг бэхжүүлж, эдийн засгийн засаглалын ил тод байдлыг сайжруулах, Хоёрдугаарт, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийг солонгоруулах, Гуравдугаарт, Хүний хөгжил, мэргэжилтнүүдийг чадавхжуулах зэрэг чиглэлд ажиллана гэв.

Ноён Берт Хофман энэ удаагийн уулзалт Дэлхийн банкны Монгол, Солонгос, Хятад Улсыг хариуцсан захирлын хувьд сүүлийн ажлын айчлал болж байгааг хэлээд өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүхий л талаар дэмжиж, хамтран ажилласан Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнд талархсанаа илэрхийлэв.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн ноён Берт Хофманд олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байсанд талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Уулзалтад Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Ц.Батбаатар, Дэлхийн банкны Монгол Улсын хариуцсан Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жийн Паскал Нгану, Дэлхийн банкны Монгол Улсын хариуцсан ахлах мэргэжилтэн Николас Вон Дэр Голц болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж