Ц.Нямдорж сайдыг УИХ-ын даргаар дахин томилж огт болохгүй

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын томилгоо

Ц.Нямдорж сайдыг УИХ-ын даргаар дахин томилж огт болохгүй

Ц.Нямдорж сайдыг УИХ-ын даргаар дахин томилж огт болохгүй

ОРШЛЫН ОРОНД: Ц.НЯМДОРЖИЙГ УИХ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛЖ БОЛОХГҮЙ ШАЛТГААН

УИХ-ын дарга М.Энхболдыг 2019.01.30-ны өдөр чөлөөлөх шийдвэрийг УИХ гаргасантай холбогдуулан дараагийн дарга хэн байх вэ гэдгийг ойрын өдрүүдэд УИХ-аар шийдвэрлэх гэж байна. УИХ-ын дарга болох боломжтой хэмээн хамгийн хүчтэй яригдаж буй нэр дэвшигчдийн нэг бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж. Энэ хүн УИХ-д тасралтгүй 7 удаа сонгогдож, гурав дахь удаагаа ХДХ-ийн сайдын алба хашиж буй ч маш олон ноцтой асуудал гаргаж байсан юм. Ц.Нямдорж сайдыг УИХ-ын дарга болгож болохгүй хэд хэдэн шалтгаан байна (эдгээр үндэслэлээр Ц.Нямдорж гэж хүнийг сайдаар томилох, УИХ-д сонгохгүй байх ёстой байсан).

Нэгд, Ц.Нямдорж сайд Үндсэн хуулийн үзэл санаанд харш эсхүл бодлогын хувьд алдаатай олон хуулийг боловсруулж батлуулахаар улайрч байна. Тэрээр Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүрэн гаргах нэмэлт өөрчлөлтийг Захиргааны ерөнхий хуульд оруулах төслийг боловсруулж Засгийн газраар УИХ-д өргөн бариулсан бөгөөд үүнийг УИХ ойрын үед хэлэлцэх гэж байна. Хэрэв УИХ энэ төслийг баталж Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүр мөсөн гаргавал Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг хуульд захируулахад саад учруулж, хүний эрхийн хамгаалалт, эрх зүйт төрийг сулруулах сөрөг үр дагавартай. Мөн, Ц.Нямдорж сайд Өмгөөллийн хуулийн төслийг санаачилсныг УИХ хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Хэрэв энэ хууль батлагдвал хууль дээдлэх зарчмын нэг баталгаа болсон хараат бус, хариуцлагатай хуульч мэргэжлийн өөрөө удирдах байгууллага буюу Монголын Хуульчдын холбоог хүчийг нь саринаж, устахийн зэрэгцээ ёс зүйн ноцтой зөрчил гаргасан өмгөөлөгч нарт хариуцлага тооцож чадахгүй болно, улмаар иргэд муу хуульчдаас болж хохирдог болно, хуульчид итгэх итгэл алдагдана. Мөн, энэ сайдын удирдаж буй ХЗДХЯ шашин шүтэх эрх чөлөөг ноцтой зөрчих Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний хууль эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчих Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль зэрэг хуулийн төслийг боловсруулж удахгүй өргөн барих гэж байна. Ц.Нямдорж сайд УИХ-ын дарга болбол энэ мэт Үндсэн хууль зөрчсөн, судалгаа, үндэслэл муутай хуулиуд ногоон гэрлээр батлагдана.

Хоёрт, Ц.Нямдорж гэж хүн хэвлэлээр ёс зүй, шударга ёс хамгийн ярьдаг мөртлөө үйл ажиллагаагаараа үүнийгээ олон удаа зөрчсөн. Жишээлбэл, саяхан хуульч Д.Мөнх-Эрдэнэ ““бидний үеийнхэн Ц.Нямдорж гуайгаас юу сурах юм? Ямар үлгэр дуурайл түүнээс авах юм бэ? Эрдэнэт үйлдвэрт хүүгээрээ дамжуулж бараа шахдагийг нь сурах юм уу? Монголын хамгийн хөрөнгөтэй хүмүүс амьдардаг хороололд нэг баян нөхрийн байранд үнэгүй шахуу түрээсээр амьдардгийг нь сурах юм уу? Эрх мэдлээ ашиглаж хоригдлуудаар зус­ландаа уул хяр шиг том хаус байшин бариулаад, түүн рүүгээ “Нямдоржийн гүүр” нэртэй гүүр бариулсныг нь сурах юм уу? Улс төрийн сүртэй мэдэгдэл хийж нийгмийн сэтгэл зүйг үймүүлэн, өөрийгөө тодруулдгийг нь сурах юм уу? ЖДҮС-гаас жирийн иргэдэд очих ёстой мөнгийг эрх мэдлээ ашиглан авчихсан УИХ-ын гишүүдийг Ц.Нямдорж нар улайм цайм хамгаалаад гарахыг сая ард түмэн харлаа. Ийм Хууль зүйн сайдтай байж болох уу” гэсэн ярилцлага өгсөн байна лээ. Энд тоймж хэлсэн зүйл бүгд үндэслэлтэй бөгөөд хэвлэлээр бичигдэж ирсэн, сайд өөрөө ч заримыг нь ичихгүй зөвшөөрч байсныг бид мартаагүй.

Гуравт, Ц.Нямдорж сайд өнгөрсөн 27 жилийн хугацаанд Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа удаа дараа явуулж, бас оролцож байсан юм. Жишээлбэл, 1992 оны Шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч болон 16 шүүгчээс бүрдэж байсан бол 2002.07.04-ны өдрийн Шүүхийн тухай хуулиар уг шүүхийг Ерөнхий шүүгч болон 10 шүүгчээс бүрдүүлэхээр өөрчилж, 6 шүүгчийг чөлөөлсөн нь шүүгчийн хараат бус байдалд ноцтой халдсан. Ц.Нямдорж нь тухай үед ХЗДХ-ийн сайд байсны хувьд 2002 оны Шүүхийн тухай хуулийг өргөн мэдүүлж батлуулсан, үүнийгээ өөрөө бахархаж ярьдаг. Салбарын сайд уг нь шүүгчийн хараат бус байдал руу ноцтой халдаж байгааг зогсоох үүрэгтэй байсан ч энэ үүргээ умартаж өөрөө оролцоод, “манлайлаад” явсан.

Ц.Нямдорж сайдын Үндсэн хууль ноцтой зөрчсөн үйлдлийг Монголчууд бүгд мэднэ.  Тэрээр 2004-2007 УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийг удаа дараа ноцтой зөрчсөнийг нь Үндсэн хуулийн цэц хоёр удаа тогтоож, УИХ-ын даргын албан тушаалаас нь огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг 2007 онд гаргаж байсан. Хангалттай баримт нотолгоо бүхий энэ үйл явдлыг иргэдэд болон УИХ-ын гишүүдэд сануулах үүднээс энэ нийтлэлийн хүрээнд 2007 онд Цэц УИХ-ын дарга Ц.Нямдоржийг яагаад Үндсэн хууль зөрчсөн бөгөөд огцруулах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бэ гэдгийг танилцуулж, Цэцийн уг шийдвэрийн ач холбогдлыг харуулах болно.

УИХ-ЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ ДӨРВӨН ХУУЛЬ “ЗАССАН” НЬ

УИХ-аас 2006.01.27-нд баталсан УИХ-ын чуулганы хуралдааны дэг (51.1, 51.2, 51.3, 51.4)-т хуулийн төслийг хэлэлцэх, батлах, эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох журмыг хатуу чанд зохицуулсан байсан. УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийг баталсны дараа холбогдох байнгын хороо болон УИХ-ын Тамгын газар нь эцсийн найруулга хийсэн хуулийг хянаж УИХ-ын даргад эцсийн хувилбарыг танилцуулах бөгөөд УИХ-ын дарга ийнхүү ирүүлсэн хуулийн эцсийн найруулгыг хянаж УИХ-д танилцуулахыг зөвшөөрдөг байсан. УИХ-ын дарга болон Тамгын газрын ЕНБД “эцсийн найруулгыг хянахдаа түүний агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийж” болохоор заажээ. Хуулийн эцсийн найруулга хийж УИХ-д танилцуулах хугацааг түүний хэмжээ, цар хүрээ, холбогдох Байнгын хорооны саналыг харгалзан УИХ-ын дарга тогтоохоор хуульчилсан байсан. УИХ-ын даргын тогтоосон энэхүү хугацааны дотор хуулийн эцсийн найруулгыг УИХ-д танилцуулж, УИХ уг эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрдөг байсан. УИХ-д ийнхүү танилцуулснаас хойш УИХ-ын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчлохоор зохицуулсан байсан.

Гэтэл, Ц.Нямдорж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг ноцтой зөрчиж, дараах дөрвөн хуулийн эцсийн найруулыг УИХ-д танилцуулснаас хойш олон тооны засварыг дур дурдсан хоногийн дараа дур зоргоор оруулсан:

(1) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2006.07.06-ны өдөр 93.0 хувийн саналаар баталж, 2006.07.20-ны өдөр эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсан Авлигын эсрэг хуульд 2006.09.08-ны өдөр буюу ажлын 40 өдрийн дараа ёсчилсон;

(2) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2006.07.08-ны өдөр 83.7 хувийн саналаар баталж, 2006.07.20-ны өдөр эцсийн найруулгыг УИХ-д танилцуулсан Ашигт малтмалын тухай хуульд 2006.08.05-ны өдөр буюу ажлын 10 өдрийн дараа ёсчилсон;

(3) УИХ-ын чуулганы 2006.07.20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн эцсийн найруулгыг танилцуулснаас хойш 2006.09.27-ны өдөр буюу ажлын 49 өдрийн дараа, 10-р сарын 10-ны өдөр буюу ажлын 58 өдрийн дараа, 10-р сарын 17-ны өдөр буюу ажлын 63 өдрийн дараа ёсчилсон;

(4) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн эцсийн найруулгыг танилцуулснаас хойш 2006.09.07-ны өдөр буюу ажлын 35 өдрийн дараа, 9-р сарын 11-ний өдөр буюу ажлын 37 өдрийн дараа, 9-р сарын 19-ны өдөр буюу ажлын 43 өдрийн дараа, 9-р сарын 26-ны өдөр буюу ажлын 48 өдрийн дараа, 10-р сарын 3-ны өдөр буюу ажлын 53 өдрийн дараа ёсчилсон.

Энэ үед УИХ-ын дарга Ц.Нямдорж эдгээр дөрвөн хуульд хийсэн засвараа УИХ-д танилцуулаагүй байсан. Мөн, тэрээр дэгийн дагуу дээр дурдсан дөрвөн хуулийг ажлын 3 өдрийн дотор ёсчлох ёстой байсан ч ажлын 10-60 өдөр өнгөрсний дараа ёсчилжээ.

УИХ-ын дарга Ц.Нямдорж эцсийн найруулгыг танилцуулсан дээрх дөрвөн хуульд агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахуйц засварыг хийжээ. Жишээлбэл, эцсийн найруулгыг нь танилцуулсан Авлигын эсрэг хуулийн 21.1-т зааснаар АТГ-ын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгосноор УИХ 6 жилийн хугацаагаар томилохоор заасан байжээ. Гэтэл, УИХ-ын дарга Ц.Нямдорж АТГ-ын дарга, дэд даргыг томилох саналыг УИХ-ын дарга гаргахаар болгож энэ заалтыг өөрчилсөн нь “агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахуйц засвар” мөн.  Мөн, Ашигт малтмалын тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын эрэл, хайгуул хийх ашигт малтмал ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байжээ. Гэтэл УИХ-ын дарга Ц.Нямдорж уг хуулийн 1.1-ийг “энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж товчлоод “хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах” гэсэн нэг том зорилгыг нь хасчихжээ. Цэц мэдээлэл гаргасан доктор, профессор Ж.Бямбаа нарын иргэд “Ийнхүү байгаль орчинг геологи, уул уурхайн салбарт хамгаалах онцгой чухал асуудлыг хуулийн зорилтоос хассан нь бүтцийн шинжтэй засвар биш” хэмээн үзсэн.

УИХ-ЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ ҮНДСЭН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨН, ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛТЭЙГ ЦЭЦ ТОГТООСОН НЬ

УИХ-ын дарга Ц.Нямдоржийн дээрх үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн талаар иргэд хоёр удаа Цэцэд мэдээлэл өгч шийдвэрлүүлсэн. Цэц Д.Ламжав, Р.Бурмаа, Ж.Бямбаа, Ч.Хурц, С.Авирмэд, Л.Цог, П.Болд нарын мэдээллээр маргаан үүсгэж 2007.03.02-д гаргасан дүгнэлтдээ УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын аль хэдийнэ баталсан хуулийн эцсийн найруулгыг агуулга, бодлого, зарчмын хувьд зассан, ийнхүү зассан хуулиудаа УИХ-д танилцуулахгүйгээр ёсчилсон нь Үндсэн хууль ноцтой зөрчсөн гэж шийдвэрлэсэн (Ц.Нямдоржийн маргаан I). Б.Лхагважав, Д.Ламжав, Р.Бурмаа нар өөр хуулиуд зассан асуудлаар мэдээлэл гаргахад Цэц маргаан үүсгэж 2007.05.23-нд шийдвэрлэхдээ Ц.Нямдорж мөн л Үндсэн хууль зөрчсөн төдийгүй энэ үйлдэл нь түүнийг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл болно гэж дүгнэсэн (Ц.Нямдоржийн маргаан II).

Цэц УИХ-ын дарга Ц.Нямдорж дээр дурдсан дөрвөн хуулийг зохих хугацаанд буюу ажлын 3 өдрийн дотор ёсчлоогүй гэдгийг нотлох баримтаар тогтоосон. Мөн, УИХ-д эцсийн найруулга нь танилцагдсан хуулиудыг агуулга, бодлого, зарчмын хувьд засаж, УИХ-д танилцуулж зөвшөөрөл авалгүйгээр ёсчилосон гэдгийг мөн тогтоосон. УИХ-ын дарга Ц.Нямдоржийн эдгээр үйлдэл нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн 51-р зүйлийг зөрчсөн, улмаар “УИХ-ын хуралдаанаар хуулийн төсөл, хэлэлцэх, батлах, шийдвэр гаргахдаа УИХ-ын чуулган хуралдааны дэгийг баримтална” гэсэн УИХ-ын тухай хуулийн 32.1-ийг зөрчсөн учраас Ц.Нямдорж эдгээр үйлдлээрээ ардчилсан ёс, хууль дээдлэх зарчим, УИХ-ын хууль тогтоох бүрэн эрхийг зөрчсөн гэжээ.

УИХ-ын дарга Ц.Нямдорж дээрхи хуулиудын эцсийн найруулгыг танилцуулсны дараа тэдгээрт засвар хийх талаар УИХ-ын гишүүдээс зөвшөөрөл авсан гэж өөрийгөө зөвтгөж байсан боловч Цэц ийм зөвшөөрөл өгөх асуудлыг “УИХ-ын тухай хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгд зохицуулагдаагүй” гэдгийг дараах хоёр үндэслэлээр Цэц 2007.05.23-ны дүгнэлтээрээ тогтоосон:

1.Аливаа төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйт төрийн үндсэн зарчим мөн. УИХ-д эцсийн найруулга танилцуулсан хуульд засвар хийх эрхийг УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын гишүүдээс зөвшөөрөл авсан гэх тайлбар, түүнчилэн хуульд оруулсан засварыг УИХ-д танилцуулалгүйгээр шууд ёсчилсон үйлдэл нь дээрхи зарчимтай зөрчилдөж байна.

2.УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-аас зөвшөөрөл авсны дагуу ажилласан гэх боловч энэ нь УИХ-аас гарч буй шийдвэр эрх зүйн актын хувьд хэлбэржсэн, түүнчилэн эрх зүйн холбогдох акттай зөрчилдөөгүй байх шаардлагыг хангаагүй байна.

ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙН АЧ ХОЛБОГДОЛ

Ц.Нямдоржийн маргаан I болон Ц.Нямдоржийн маргаан II нь Монгол Улс дахь эрх зүйт төр (хууль дээдлэх ёс)-ийн хамгийн тодорхой илэрхийллүүдийн нэг байсан юм. УИХ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын чуулганы хуралдааны дэг болон УИХ-ын тухай хуулийг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон учраас тэрээр хууль дээдлэх зарчмыг зөрсөн. “Аливаа төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйт төрийн үндсэн зарчим мөн” бөгөөд УИХ-д эцсийн найруулга танилцуулсан хуульд засвар хийх зөвшөөрлийг УИХ-ын гишүүдээс авсан гэх тайлбар, түүнчилэн хуульд оруулсан засварыг УИХ-д танилцуулалгүйгээр шууд ёсчилсон үйлдэл нь дээрхи зарчимтай зөрчилдөж байна гэж Цэц шийдвэрлэсэн. Хэрэв төрийн байгууллага, албан тушаалтан Үндсэн хууль болон хуулиар зөвшөөрөөгүй эрх мэдлийг хэрэгжүүлбэл энэ нь хууль бус төдийгүй түүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно гэсэн жишгийг Цэц тогтоосон. Эрх зүйт төрийн тухай энэ ойлголт бол хууль дээдлэх ёс (the rule of law)-ны талаарх хамгийн эртний үзэл баримтлалын нэг юм. Эртний Грекийн Афинд хууль төрийг хязгаарладаг бөгөөд “иргэд хуулиар хориглосноос бусдыг хүссэнээрээ хийх нь чөлөөтэй” гэсэн үзэл байсан (Brian Z. Tamanaha, On The Rule of Law: History, Politics, Theory (2004)) бол үүн дээр нэмж “хуулиар зөвшөөрснөөс бусдыг төрийн байгууллага болон албан тушаалтанд хориглоно” гэх үзлээр хууль дээдлэх ёсны агуулга баяжсан. Монголын эрдэмтдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү ойлголтыг Цэц албан ёсоор баталгаажуулж хэрэглэсэн нь хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд чухал алхам болсон.

Цэц Ц.Нямдоржийн маргаан II дээр Эрх зүйт төрийн нэг суурь зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйд албан ёсоор оруулж хэрэглэсэн учраас үүгээрээ Эрх зүйт төрийн бусад зарчмыг хүлээн зөвшөөрч хэрэглэх боломжийг нээснээрээ ач холбогдолтой. Эрх зүйт төр гэсэн нэр томьёо Үндсэн хуульд байхгүй. Гэвч, Монгол Улсын Үндсэн хууль тогтоогчид “хууль цаазат төр”-ийг бүтээж байгаа хэмээн ойлгож Үндсэн хуулийг 1992 онд баталсан бөгөөд энэхүү ойлголтынх нь илэрхийлэл бол Үндсэн хуулийн 1.2-т буй “хууль дээдлэх ёс” болсон юм.

Энэхүү маргаанууд дахь Цэцийн шийдвэрүүд нь улс төрийн эрх мэдлийг Үндсэн хууль зөрчиж хэрэгжүүлбэл түүнийг Үндсэн хууль давж үйлчилнэ гэдгийг харуулсан учраас хууль дээдлэх ёсны соёлыг төлөвшүүлэхэд нэмэрлэсэн. Цэцийн шийдвэрүүд гарсны дараа УИХ дахь олонхын нам болох МАХН (одоогийн МАН) Ц.Нямдоржийг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулахын эсрэг санал өгч албан тушаалд нь хэвээр үлдээсэн. Гэвч, Цэцийн шийдвэрийг дэмжиж байсан сөрөг хүчин, иргэд, хэвлэлийнхний шахалтаас болж Ц.Нямдорж УИХ-ын даргын албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдсөн. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаанаасаа болж өндөр ранкын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн анхны тохиолдол болсон юм. Хэдийгээр УИХ-ын гишүүн болон Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөнийг Цэц 1994 онд хэд хэдэн удаа тогтоож байсан боловч эдгээр албан тушаалтны аль нь ч үүнээс болж албан тушаалаасаа огцорч эсхүл чөлөөлөгдөж байгаагүй.

Ц.Нямдоржийн маргаан I болон Ц.Нямдоржийн маргаан II нь хууль тогтоох ажиллагааны чанар ямар муу байгааг харуулж, Цэцийн оролцоотойгоор энэхүү гажуудлыг илрүүлж, хууль тогтоох ажиллагааг Үндсэн хууль болон хуульд нийцүүлэхэд чиглэсэн чухал алхам болсон. УИХ-ын дарга Ц.Нямдорж иргэн Д.Ламжав, Р.Бурмаа нар нэмэлт тайлбартай холбогдуулан 2007.05.21-ний өдөр Цэцэд дараах нэмэлт тайлбар ирүүлжээ:

УИХ 2006.07.20-нд олон хуулийн эцсийн найруулгатай танилцсан, энэ бүхэлдээ нэг л процесс байсан. Ийнхүү танилцсан процесс нь ч маш товч байсан. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн найруулгатай танилцсан процесс 5 мөр 38 үгнээс, Хүн амын орлогын албан татварын хуулийн найруулгатай танилцсан процесс 3 мөр 20 үгнээс, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн найруулгатай танилцсан процесс 3 мөр 21 үгнээс, Авлигын эсрэг хуулийн найруулгатай танилцсан процесс 10 мөр 89 үгнээс бүрдэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүдээс ямар нэгэн санал гаргаагүй, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн найруулгыг танилцуулах үеэр гишүүн Ц.Баярсайхан, Р.Раш, Д.Идэвхтэн нар асуулт асууж, санал байр сууриа илэрхийлсэн, бусад нь санал гаргаагүй болно.

Энэ өдрийн хуралдаан бүхэлдээ 20-иод хуулийн эцсийн найруулгыг сонсох, чуулганы хуралдааныг хаах ажилд зориулагдсан, үдийн завсарлагааг эс тооцвол дундаа завсарлагагүй явагдаж хуулиудын редакц сонссон, танилцуулсан хуулиудыг найруулга, үг хэллэг, бүтэц, дэс дарааллын засварыг хэрхэн хийх, ёсчлох зарчмаа хэрхэн тогтох, найруулгын засвар хийж ёсчлох зөвшөөрлийг Байнгын хороо, Тамгын газар, УИХ-ын даргад ямар хэмжээ хязгаарын дотор өгөх, засвар хийсэн бол УИХ-д дахин танилцуулах эсэхийг хэлэлцэж харилцан ойлголцон нэгдсэн байр суурьт хүрсэн ийм л хуралдаан болсон.

2006.07.20-нд УИХ нэг өдрийн дотор 20-иод хуулийн эцсийн найруулгыг сонсжээ. УИХ ийм богино хугацаанд ийм олон хуулийн эцсийн найруулга бүрийг анхааралтай уншиж хянаад ёсчлох зөвшөөрөл өгөх боломжгүй. УИХ-ын дарга Ц.Нямдоржийн энэхүү нэмэлт тайлбар нь хууль тогтоох ажиллагаа ямар чанаргүй явагдаж байсныг харуулсан. Ц.Нямдорж УИХ-ын даргын хувьд хууль тогтоох ажиллагаанд ийм хөнгөн хуумгай хандаж байгааг хуулийн дагуу засаж залруулах үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, тэрээр хууль тус бүрт хангалттай анхаарал хандуулан хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлэх, энэ тал дээр УИХ-ын гишүүдийг манлайлан ажиллах үүрэгтэй байсан ч үүнийхээ оронд УИХ-ын дарга Ц.Нямдорж эдгээр 20-иод хуулийнхаа дөрвийг нь өөрөө засаж ёсчилсон нь Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн явдал. Иргэд Ц.Нямдоржийн маргаан I болон Ц.Нямдоржийн маргаан II дөрвөөс бусад хуулиудтай холбогдуулан мэдээлэл Цэцэд гаргасан эсэх тодорхойгүй бөгөөд энэ талаар Цэц шийдвэр гаргаагүй. 20-иод хуулийг батлах ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй учраас УИХ-аас тусгай ажлын хэсэг гаргаж шалгах, зөрчил гарсан бол залруулах шаардлагатай байсан ч ийм ажлын хэсэг байгуулагдаагүй.

ДҮГНЭЛТ

Ц.Нямдоржийн маргаан I болон Ц.Нямдоржийн маргаан II нь Цэцийн түүхэн дэх хамгийн шилдэг шийдвэрүүдэд зүй ёсоор тооцогдохоос аргагүй юм. Учир нь, Цэц УИХ-аас баталсан хуулиудыг агуулга, бодлого, зарчмын хувьд өөрчлөн зассан гэдгийг баримтад тулгуурлан тогтоогоод зогсохгүй энэ үйлдэл нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн гэдгийг үндэслэлтэйгээр гаргаж тавьсан. Цэц ихэнх шийдвэртээ үндэслэл бичдэггүй бол энэ маргааныг шийдсэн дүгнэлтүүддээ үндэслэлээ илүү дэлгэрэнгүй бичсэн юм. Мөн, “аливаа төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйт төрийн үндсэн зарчим мөн” гэдгийг Цэц дүгнэлтдээ бичсэн нь энэхүү маргааныг шийдвэрлэх чухал үндэслэл болсон төдийгүй эрх зүйт төр Монголын Үндсэн хуулийн салшгүй хэсэг учраас түүний бусад бүх зарчмыг төрийн аливаа байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал болсон. УИХ-ын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль ноцтой зөрчсөн нь түүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно гэж Цэц Ц.Нямдоржийн маргаан II дээр шийдвэрлэсэн боловч УИХ дахь олонх түүнийг огцруулахын эсрэг санал авч үлдсэн. Гэхдээ, хуульчид, эрдэмтэд, иргэдийн шахалтаар Ц.Нямдорж хүсэлтээ өгч УИХ-ын даргын албан тушаалаасаа сайн дураар чөлөөлөгдөхөд хүрсэн нь Үндсэн хуулийн цэцийн үндэслэл бүхий зөв шийдвэр олон нийтийн өргөн дэмжлэгээр хүч орон биелсэн эерэг жишиг болсон. Үндсэн хууль зөрчсөн нэг маргааныг амжилттай сайн шийдвэрлэх нь дараа дараагийн олон чухал маргааныг ингэж шийдвэрлэх суурь болж өгдөг. Маргаан тус бүрийг нэг нэгээр нь үндэслэлтэй зөв шийдвэрлэх замаар төрийн байгууллага, албан тушаалтны дур зорго хазаарлагдаж, иргэний үндсэн эрх, эрх чөлөө хамгаалагдаж, Эрх зүйт төрийг цогцлуулдаг билээ.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор,

хууль зүйн доктор О.МӨНХСАЙХАН

2019.01.30

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж