Тегеранд олон нийтийн газар нохойтой явахыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

Тегеранд олон нийтийн газар нохойтой явахыг хоригложээ

Исламын Бүгд Найрамдах Иран улсын нийслэл Тегеран хотод хүмүүсийг нохойгоо дагуулан цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбай зэрэг нийтийн эзэмшлийн газраар явахыг хориглосон байна. Тегеран хотын Прокурорын газраас өчигдөр /2019.01.29/ тус шийдвэрийг албан ёсоор баталгаажуулсан аж.

Ийм хорио тогтоох болсон нь нохой хүмүүсийн тав тухыг алдагдуулж, айлган цочоож байгаатай холбоотой гэв. Түүнчлэн Исламын шашинд нохойг бохир заваан, бузар амьтан гэж үздэг. Ираны ард иргэд гэртээ нохой тэжээхээс цааргалдаг ч сүүлийн жилүүдэд залуучууд нохой тэжээх нь ихэссэнийг барууны соёлын нөлөөнд хэт автаж байгаатай холбон тайлбарлах хүмүүс олон.

Нохойтойгоо нийтийн эзэмшлийн газар явж болохгүйгээс гадна машинд суулган авч явахыг ч хориглосон байна. Машиндаа нохой авч яваа жолоочдод цагдаа нар их хэмжээний торгууль ногдуулж, баривчлан саатуулах хүртэл арга хэмжээ авахаар болсон аж.

Нохойг олон нийтийн газар дагуулан явахыг хориглосон нь хачирхалтай ч үүнээс илүү сонирхолтой олон зүйлийг Иранд хуулиар хориглосон байдаг. Тухайлбал, Ираны Соёл, исламын үнэт зүйлсийн яамнаас ард иргэдээ барууны соёлын нөлөөнд автахаас сэргийлэх зорилгоор “дарс”, “гадаадын амьтан”, “гадаадын Ерөнхийлөгч” зэрэг үгсийг хэлэхийг хориглосон.

Түүгээр ч барахгүй “Зумба” дасгалыг исламын шашны үзэл баримтлалтай зөрчилдөж байна хэмээн үзэж, хориглосон. Ямар ч хэлбэрийн хэмнэлтэй бүжгийн хөдөлгөөн хийх нь Иранд хориотой байдаг. Тухайлбал, өнгөрсөн жил 18 настай нэгэн Иран охин бүжиглэж байгаа бичлэгээ цахим орчинд нийтэлснээсээ болж баривчлагдсан. Мөн 2014 онд Ираны долоон залуу Фаррел Уиллиамсын “Happy” дуун дээр бүжиглэж, элэглэсэн видео хийснийхээ төлөө 91 удаа ташуурдуулж, шоронд хоригдох ял авсан байна.

Эх сурвалж: Independent.co.uk

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж