Сөрөг хүчнийхэн олонх байдаг Венесуэлийн Үндэсний ассамблей ард түмнээ уриалан, улс орноо удирдах хугацаандаа дампуурлын ирмэг дээр аваачаад зогсохгүй хууль бусаар бүрэн эрхийн хугацаагаа дахин эхлүүлсэн Н.Мадурогийн эсрэг бүх нийтийн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа билээ. Энэ үеэр Венесуэлийн Үндэсний ассамблейн удирдагч Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан.
Тэрбээр шударга сонгууль явуулж, шинэ Ерөнхийлөгчийг сонгох хүртэл Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэхээ зарласан бөгөөд түүнийг АНУ тэргүүтэй барууны орнууд болон Латин Америкийн улс орнуудын удирдагчид хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Н.Мадурог ч бас ОХУ, Турк тэргүүтэй холбоотон улсууд нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Зураг. Улаан өнгөөр тэмдэглэсэн улс орнууд нь Н.Мадурог дэмжиж байгаа бол цэнхэр нь Хуан Гуайдог, харин ягаан нь Венесуэлд дахин сонгууль явуулахыг дэмжиж байгаа Европын холбоо
Харин өчигдөр /2019.01.29/ Венесуэлийн Ерөнхий прокурор Тарек Виллиам Сааб, Хуан Гуайдог хууль бус үйлдэл хийснийх нь төлөө баривчилна хэмээн анхааруулж, Венесуэл дах түүний бүх хөрөнгийг царцааж, түүнийг эх орноо орхин явахыг хориглосон аж. Түүнийг Үндсэн хуульт байгуулалд заналхийлж, улс орны аюулгүй байдалд заналхийлсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
Хуан Гуайдо үүнийг үгүйсгэж, Үндэсний ассамблейн тэргүүний хувьд Ерөнхийлөгчийн эзгүйд, эсвэл хууль бус хэмээн үзсэн тохиолдолд өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах бүрэн эрхтэй гэв. “Венесуэлийн ард иргэд Н.Мадурогийн дарангуйлал дор амьдарч байна. Хууль ёсны, шударга сонгуулийг зохион байгуулах нь бидний гол зорилго” гэжээ.
АНУ-ын зүгээс Венесуэлийн газрын тосны компаниудад тавьсан хоригоо чангатгасан бөгөөд Н.Мадурог буулгахын тулд хүч хэрэглэхэд ч бэлэн байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонн Болтны гартаа барьсан дэвтэр дээр нь Венесуэлийн хөрш Колумб улс руу 5,000 цэрэг оруулах гэсэн бичиг байсан нь камерын дуранд өртөн шуугиан тарьсан. Харин Пентагоны тэргүүн Патрик Шанахан цэрэг оруулах тухай шийдвэр гаргаагүй байгаа гэв.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ