Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Санкт-Петербург хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Д.Бегловын урилгаар 2019 оны 1 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Ленинград хотын Аугаа эх орны дайны он жилүүдэд фашистын бүслэлтээс бүрэн чөлөөлөгдсөний 75 жилийн ойн хүндэтгэл-дурсгалын арга хэмжээнд оролцлоо.
Энэ өдрүүдэд ОХУ-д Аугаа эх орны хамгийн эмгэнэлт, баатарлаг үйл явдлуудын нэг Ленинградын бүслэлтийг санан дурсаж байна. 75 жилийн өмнө зөвлөлтийн Улаан арми Ленинград хотын оршин суугчдын хамт фашистын бүслэлтийг бүрмөсөн устгажээ.
Дурсгалын арга хэмжээний хүрээнд Пискарёвскийн хүндэтгэлийн цогцолборт цэцэг өргөх ёслол, Санкт-Петербургийн гарнизоны цэргийн парад, хүндэтгэлийн концерт, “Ленинград дээрх салют” гэрлэн үзүүлбэр, Петропавловскийн бэхлэлт дэх баярын салют болон бусад олон арга хэмжээ зохион байгуулагдав.
Элчин сайд Б.Дэлгэрмаа Пискарёвскийн хүндэтгэлийн цогцолбор дахь “Эх орон – ээж” хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, Санкт-Петербург хотын гарнизоны цэргийн парад, хүндэтгэлийн концертыг тус тус үзэж сонирхлоо.
Ленинградын бүслэлтийн 15 жилийн ойгоор Пискарёвскийн оршуулгын газрыг хүндэтгэлийн цогцолбор болгон нээж, нэр нь үл мэдэгдэх амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан мөнхийн гал асаажээ. 900 хоног үргэлжилсэн бүслэлтийн үеэр өлсгөлөн, агаарын дайралт, өвчин тахалаар амь үрэгдсэн хүүхэд, хөгшид гээд нийт 1 сая 200 мянган хүн энд нойрсож буй. Цогцолборын музейн архивт амь үрэгдэгсдийн нэг нэгэндээ бичиж байсан захидал, тэмдэглэл, эдэлж хэрэглэж байсан зүйлс, зүсэм хар талхыг хүртэл тавьжээ. Сая сая хүний амийг авч одсон дайны хар мөрийг гэрчлэн эдгээр тэмдэглэлүүд түүх болон хадгалагджээ.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ