С.Шаарийбуу: Бидний амьдрал охиноо алдсан өдрөөр дууссан

Хуучирсан мэдээ: 2019.01.30-нд нийтлэгдсэн

С.Шаарийбуу: Бидний амьдрал охиноо алдсан өдрөөр дууссан

С.Шаарийбуу: Бидний амьдрал охиноо алдсан өдрөөр дууссан

“Охиноо алдсан өдрөөс л бидний амьдрал дууссан”. Энэ бол Малайзад 2006 онд хэрцгийгээр амь насаа алдсан Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн өчигдөр /2019.01.29/ шүүхийн танхимд хэлсэн үг.

Одоогоос 13 жилийн өмнө тухайн үед Малайзын ерөнхий сайд байсан Нажиб Разак болон түүний холбоотон Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байгаад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг дахин шалгагдаж, шүүх хурал нэгдүгээр сарын 22-ны өдөр эхэлсэн билээ. Өчигдөр/2019.01.29/ болох байсан шүүх хуралд гэрч мэдүүлэг өгөхөд бэлэн бус байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу өнөөдөр/2019.01.30/ 10.00 цаг хүртэл хойшилсон.

Энэхүү шүүх хурлаас нэхэмжлэгч тал буюу талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл Малайзын Засгийн газраас 100 сая Малайз ринггит буюу 27 орчим сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг шаардаж байгаа.

Талийгаачийн эцэг 69 настай С.Шаарийбуу өчигдөр шүүхийн танхимд нулимсаа дуслуулан “Охиноо алдсан тэр өдрөөс л бидний амьдрал дууссан. Охин минь гэр бүлийнхээ санхүүгийн асуудалд маш их хувь нэмэр оруулдаг байсан. Хоёр хүүгээ юугаар ч дутааж байгаагүй. Маш сайн ээж байсан. Тухайн үед хөвгүүдийн том нь аравтай, бага нь дөрвөн настай байсан. Бага хүү нь их бие муутай хүүхэд байсан. Өөрөөр хэлбэл, өөрөө бие дааж явахад хүндрэлтэй хэн нэгний тусламжтай ойрхон зайнд явдаг байсан. Охин минь амиа алдахаасаа өмнө байнга хүүгийнхээ дэргэд байж, хүүгээ өдөр бүр асран, хүүгээ түшин алхах дасгал хийлгэж, сүүлдээ гадаад руу ч аваачиж эмчлүүлж байсан. Ингээд 2006 онд охин минь харамсалтайгаар амиа алдаж түүний минь үүрдэг байсан бүх ачаа миний нуруун дээр буусан даа. Миний насны хүний орлого гэр бүлээ тэжээхэд үнэхээр бага байсан. Ялангуяа бага зээгийн минь бие улам муудаж, хэвтэрт орж, надад хичээхээс өөр зам үлдээгүй. Том зээ маань зуны амралтаараа ойр зуур ажил хийж хичээлийн бэлтгэлээ базааж надад нэмэр болдог болсон. Зээ нарынхаа төлөө амьдарч байсан байраа хүртэл зарсан. Та бүхэн их сургуулийн профессор хүн гэхээр цалин их өндөр гэж бодож байж магадгүй. Монголд тухайн үед би 700 орчим ам.долларын цалин авдаг байсан. Одоо 800 орчим ам.доллар болсон. Энэ цалин манай гэр бүлийн хувьд хаана ч хүрдэггүй байсан.

Бид бие муутай бага хүүд нь ээжийнх нь талаар огт хэлж байгаагүй.

Зээ минь ээжийгээ их санадаг байсан. Төрсөн өдөр, шинэ жил, хүүхдийн баяр гээд энэ олон баяраар бид нууцаар бэлэг бэлдэн ээж нь өгч явууллаа гэж хуурдаг байсан. Ээжийгээ асуухаар нь ээж нь их хол газар ажиллаж байгаа. Удахгүй хүү дээрээ ирнэ гээд л өнгөрөөдөг байлаа. 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр бага зээ минь эрүүл мэнд нь улам муудсаар нас барсан” хэмээн ярьсан юм.

Гэрч Г.Намираа

Шүүх хурал өнөөдөр /2019.01.30/ 10.00 цагаас эхлэх бөгөөд гэрч талийгаач Ш.Алтантуяагийн үеэл Г.Намираа мэдүүлэг өгөх юм. Г.Намираа нь тухайн үед Малайзад хэлний чиглэлээр сурахаар ирээд удаагүй байсан ба талийгаач Багинда гэгчтэй уулзахаар гэр рүү нь явахдаа хэрэв эргэж ирэхгүй удвал О.Бурмаа руу утасдаж хэл дуулгаарай гэсний дагуу талийгаачийг анх Багиндагийн гэр рүү яваад эргэж ирээгүй тухай хэлсэн эмэгтэй юм байна.

Малайзад сонгууль болж одоогийн эрх баригчид өрсөлдөгчөө ялж, ялалт байгуулахад Ш.Алтантуяагийн аллагын хэрэг ихээхэн нөлөөлсөн, мөн талийгаачийн ар гэрийнхэн энэ  хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө тууштай явж байгаагийн үр дүнд хэргийг дахин мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд энэ удаагийн шүүх хурал нь хохирол нэхэмжлэх анхны шүүх хурал юм байна. Энэ удаагийн шүүх хурлын нэхэмжлэгчээр талийгаачийн эцэг С.Шаарийбуу, том хүү М.Мөнгөншагай нар оролцож байгаа бол гэрчээр Монголын талаас үеэл О.Бурмаа, үеэл Г.Намираа нар мөн малайзын талаас маш олон гэрч оролцож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
208
ХарамсалтайХарамсалтай
12
ЗөвЗөв
10
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж